Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр                                               Дугаар 15                                      Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудасны загвар”-ыг 2 дугаар хавсралтаар, “Төрийн албаны нөөцөд бүртгэх хүснэгтийн загвар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 05, 12, 16, 20, 50 дугаар, 2013 оны 86 дугаар, 2014 оны 08, 12, 33, 43, 72, 73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                                           Б.БААТАРЗОРИГ

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны

15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн албаны ерөнхий шалгалт (цаашид “шалгалт” гэх) өгөх болзол, шалгалт зохион байгуулахтай холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна.

1.2.Шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэхэд оршино.

1.3.Төрийн албаны зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) шалгалтын товыг тогтоож, улсын хэмжээнд жил бүр нэгдсэн журмаар зохион байгуулна.

Хоёр. Шалгалтын тов

2.1.Зөвлөл шалгалтын тов болон холбогдох мэдээллийг шалгалт эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

2.2.Зайлшгүй шаардлагаар шалгалтын тов болон мэдээлэлд өөрчлөлт оруулах бол энэ тухай нийтэд мэдээлнэ.

Гурав. Шалгалтын зохион байгуулалт

3.1.Зөвлөл шалгалт зохион байгуулах үүрэг бүхий Төв болон Салбар комиссыг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тухай бүр байгуулна.

3.2.Төв комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.1.салбар комиссын үйл ажиллагааг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, журмын хэрэгжилтэд хяналт тавих;

3.2.2.шалгалттайхолбоотой санал, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх;

3.2.3.шалгалтадтэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлэх саналыг Зөвлөлийн хуралдаанд танилцуулах.

3.3.Салбар комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.1.комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарь, шалгалттай холбогдсон аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх;

3.3.2.иргэний анкет, холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах;

3.3.3.шалгалт авах танхим, техник хэрэгсэл, сүлжээ холбогдох бэлтгэлийг хангах, зохион байгуулах;

3.3.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэний шалгалт өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэх;

3.3.5.бүртгэл, зохион байгуулалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх;

3.3.6.шалгалтын тайлан, холбогдох материалыг Төв комисст хүргүүлэх.

3.4.Төв болон Салбар комиссын хуралдааны шийдвэрийг тэмдэглэлд тусгана. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна.

3.5.Шалгалтыг гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж болно.

Дөрөв. Шалгалт өгөх болзол

4.1.Дараах болзлыг хангасан иргэн шалгалтад бүртгүүлнэ:

4.1.1.Монгол Улсын иргэн байх;

4.1.2.дээд боловсролтой байх;

4.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

4.1.4.сэтгэцийн өвчин эмгэггүй байх;

4.1.5.цэргийн алба хаасан байх;

4.1.6.тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;

4.1.7.тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;

4.1.8.төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх;

4.1.9.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.

Тав. Шалгалтын бүртгэл

5.1.Бүртгэлийг шалгалтын тов зарлагдсан өдрийн 09:00 цагаас эхлүүлж, 30 хоногийн хугацаанд цахимаар явуулна.

5.2.Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангасан иргэн дараах баримт бичиг, мэдээллийг цахим бүртгэлд оруулна:

5.2.1.шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт;

5.2.2.төрийн албан хаагчийн анкет;

5.2.3.боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар;

5.2.4.иргэний үнэмлэхний хуулбар;

5.2.5.“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

5.2.6.шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт;

5.2.7.цэргийн алба хаасан тухай баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

5.2.8.хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.

5.3.Салбар комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, шалгах эрхтэй.

5.4.Цахим бүртгэлд бүртгэгдсэн тухай баталгаажилтын хуудас хэвлэн авснаар иргэнийг шалгалтад бүртгэгдсэнд тооцно.

5.5.Бүртгэлтэй холбоотой гомдлыг бүртгэл дууссанаас хойш 10 хоногийн дотор Салбар комисст гаргаж болно.

Зургаа. Шалгалтын үйл ажиллагаа

6.1.Бүртгүүлсэн иргэдийн тоо, танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс шалтгаалан шалгалтыг хэсэгчлэн зохион байгуулж болно.

6.2.Оролцогч бүртгэгдсэн тухай баталгаажилтын хуудас, иргэний үнэмлэхээ шалгуулж шалгалтад орно.

6.3.Бүртгүүлсэн иргэдийг шалгалт эхлэхээс 15 минутын өмнө танхимд оруулж, суудал эзлүүлсэн байна.

Долоо. Шалгалтын бүрэлдэхүүн, агуулга, хэлбэр

7.1.Шалгалт дараах бүрэлдэхүүнтэй байна:

7.1.1.ерөнхий мэдлэг;

7.1.2.монгол хэл, бичгийн чадвар;

7.1.3.дүн шинжилгээ хийх чадвар.

7.2.Шалгалтыг энэ журмын 7.1-д заасан дарааллаар зохион байгуулна.

7.3.Ерөнхий мэдлэгийн шалгалт нь доорх агуулгатай байна:

7.3.1.төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүй;

7.3.2.Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг;

7.3.3.мэдээллийн технологи.

7.4.Монгол хэл, бичгийн чадварын шалгалт нь доорх агуулгатай байна:

7.4.1.монгол хэл, кирил бичиг;

7.4.2.монгол хэл, үндэсний бичиг.

7.5.Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт нь доорх агуулгатай байна:

7.5.1.сэтгэхүйн чадамж (логик сэтгэлгээ).

7.6.Шалгалтыг цахимаар сорил болон бусад хэлбэрээр авна.

Найм. Шалгалтын үнэлгээ

8.1.Ерөнхий мэдлэгийг 55 хүртэл оноогоор үнэлнэ. Хэсэг тус бүрт доорх оноо өгнө:

8.1.1.төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүйн мэдлэгт 20 хүртэл;

8.1.2.Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засгийн мэдлэгт 20 хүртэл;

8.1.3.мэдээллийн технологийн мэдлэгт 15 хүртэл.

8.2.Ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй.

8.3.Монгол хэл, бичгийн чадварыг 30 хүртэл оноогоор үнэлнэ. Хэсэг тус бүрт доорх оноо өгнө:

8.3.1.монгол хэл, кирил бичгийн чадварт 20 хүртэл;

8.3.2.монгол хэл, үндэсний бичгийн чадварт 10 хүртэл.

8.4.Монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй.

8.5.Дүн шинжилгээ хийх чадварыг 15 хүртэл оноогоор үнэлнэ.

8.6.Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 10 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг энэхүү шалгалтад тэнцсэнд тооцно.

8.7.Энэ журмын 7.1-д заасан шалгалтад тэнцсэн тохиолдолд Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцно.

8.8.Ерөнхий мэдлэгийн шалгалт 60 минут, Монгол хэл, бичгийн чадварын шалгалт 30 минут, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт 20 минут үргэлжилнэ.

Ес. Хариуцлага

9.1.Шалгалтад оролцогчийг дараах тохиолдолд танхимаас гаргана:

9.1.1.бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

9.1.2.шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлаа орхисон;

9.1.3.шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлсийг шалгалтын танхимд авч орсон.

9.2.Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна.

Арав.Шалгалтын үйлчилгээний зардал

10.1.Шалгалт өгөхтэй холбогдсон өөрөөс гарах зардал болон шалгалтын үйлчилгээний зардлыг шалгалтад оролцогч хариуцна.

10.2.Шалгалтын үйлчилгээний зардлын хэмжээг Салбар комиссын саналыг үндэслэн Төв комисс тогтоож болно.

10.3.Салбар комиссын үйл ажиллагаатай холбогдож гарах зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүрийн төсөвтөө тусгана.

Арван нэг.Шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх

11.1.Салбар комисс шалгалтын тайланг ажлын 5 өдөрт багтаан Төв комисст хүргүүлнэ.

11.2.Төв комисс шалгалтын дүнг нэгтгэн Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

11.3.Зөвлөл шалгалтын дүнг хэлэлцэж, “Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх тухай” тогтоол гаргана.

11.4.Шалгалтад тэнцсэн иргэнийг зөвхөн тухайн аймаг, нийслэлийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэж, бүртгэлийн жагсаалтыг Зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

11.5.Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 3 жил байх бөгөөд Зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс тоологдоно.

 

 

 

 

PDF файл хавсаргаагүй байна .