Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ДАРГЫН ТУШААЛ

 

 

2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр                                                                                               Дугаар 192                                                                                                                                           Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны дарга, гишүүдэд үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус даалгасугай.

 

                                                                                                                                                                                  

 

                                                                                                                                                                                                                                             

ДАРГА                                  Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

даргын 2014 оны 192 дугаар

тушаалын хавсралт

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо /цаашид “Ёс зүйн хороо” гэх/-ны үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

            1.2. Төрийн албаны тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль,  бусад холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

1.3. Ёс зүйн хороо нь гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, энэ журмыг баримтална. 

            1.4. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

                        1.4.1. “Шүүхийн захиргааны ажилтан” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, шүүхийн тамгын газрын төрийн захиргааны албан хаагч, Шүүхийн захиргааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан ажилтныг,

                        1.4.2. “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээ” гэж Шүүхийн захиргааны тухай хуулийн 29 дүгээр зүйл, холбогдох хууль тогтоомж,  “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм”, “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам”-д заасан төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг болон шүүхийн захиргааны ажилтны тусгай ёс зүйн хэм хэмжээг,

                        1.4.3. “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн зөрчил” гэж шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг,

                        1.4.4. “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо” гэж шүүхийн захиргааны ажилтан ёс зүйн  зөрчил гаргасан эсэхийг шалгаж дүгнэлт гаргах, шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй байнгын, орон тооны бус байгууллагыг,

Хоёр. Ёс зүйн хороо, түүний бүрэлдэхүүн

2.1. Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий  зөвлөлийн  дэргэдэх

салбар зөвлөл /цаашид “Салбар зөвлөл” гэх/, бүх шатны Шүүхийн тамгын газрын дэргэд Ёс зүйн хороо ажиллана.

            2.2. Ёс зүйн хороо дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

            2.3. Салбар зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны нийт ажилтны санал хураалтаар хамгийн олон санал авсан 7-оос доошгүй ажилтныг, Тамгын газрын ёс зүйн хорооны гишүүнээр тухайн Тамгын газрын нийт ажилтны санал хураалтаар хамгийн олон санал авсан 3-аас доошгүй ажилтныг тус тус сонгоно.

            2.4. Сонгогдсон Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг Салбар зөвлөлийн тогтоол, Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар тус тус баталгаажуулна.

            2.5. Ёс зүйн хорооны даргыг гишүүд дундаасаа ил санал хураалтаар 2 жилийн хугацаатайгаар сонгоно.

2.6. Ёс зүйн хорооны дарга нарийн бичгийн даргыг гишүүд дундаас томилно.

2.7. Ёс зүйн хорооны гишүүний орон гарвал Салбар зөвлөлийн дарга, Шүүхийн тамгын газрын дарга түүнийг нөхөн сонгох арга хэмжээг ажлын 10 өдрийн дотор зохион байгуулна.

            Гурав. Ёс зүйн хорооны бүрэн эрх

3.1. Ёс зүйн хороо дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

3.1.1.   Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх

гомдол, мэдээллийг шалгаж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл дүгнэлт гаргах;

                                 3.1.2.   Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;

3.1.3.   Гомдол, мэдээллийг шалгахад шаардлагатай тайлбар, нотлох баримтыг холбогдох этгээдээс шаардан авах;

3.1.4.   Гомдол, мэдээллийн нууцлалыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандах;

3.1.5.   Нотлох баримтад үндэслэн, хараат бусаар шийдвэр гаргах;

Дөрөв. Ёс зүйн зөрчил шалгах үндэслэл, харьяалал

            4.1. Ёс зүйн хороо шүүхийн захиргааны ажилтан ёс зөрчил гаргасан эсэхийг дараах үндэслэлээр шалгана:

4.1.1. Шүүхийн захиргааны ажилтан ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай шүүгч, иргэн, хуулийн этгээдээс Шүүхийн захиргааны байгууллагад гаргасан гомдол, мэдээллийн дагуу,

                                               4.1.2. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийг үндэслэн, түүнчлэн өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу.

4.2. Салбар зөвлөлийн ёс зүйн хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтан, Шүүхийн тамгын газрын дарга, Ёс зүйн хорооны дарга, гишүүд, Тамгын газрын ёс зүйн хороо нь тухайн Шүүхийн тамгын газрын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тус тус харъяалан шийдвэрлэнэ.

Тав. Хуралдааны дэг

5.1. Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байна.

5.2. Хуралдааныг Ёс зүйн хорооны дарга өөрийн санаачлагаар болон Ажлын хэсгийн ахлагчийн саналыг үндэслэн товлон зарлана.

5.3. Хуралдааныг Ёс зүйн хорооны дарга, түүний эзгүйд хамгийн ахмад гишүүн даргална.

5.4. Ёс зүйн хорооны хуралдаан гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.

5.5. Ёс зүйн хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

5.6. Ёс зүйн хорооны хуралдаан Ажлын хэсгийн санал, дүгнэлтээр эхэлнэ.

5.7. Ёс зүйн хорооны хуралдаанд зөрчил гаргасан гэж үзэж буй ажилтныг биеэр оролцуулж тайлбар авч болно.

5.8. Салбар зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүний талаар гаргасан гомдол, мэдээллийг тус Хороо хэлэлцэхээр бол  өөрийг нь оролцуулахгүй.

5.9. Ёс зүйн хорооны дарга, гишүүд дангаараа гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэхийг хориглоно.

5.10. Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлнө. Тэмдэглэлд гишүүдийн санал, дүгнэлт, асуулт, хариултыг тодорхой бичих бөгөөд дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

Зургаа. Гомдлыг хүлээн авах, шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа

6.1. Салбар зөвлөлийн ёс зүйн хорооны хянан шийдвэрлэх гомдол, мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга эсхүл Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Тамгын газрын ёс зүйн хорооны хянан шийдвэрлэх гомдол, мэдээллийг тухайн Шүүхийн тамгын газрын дарга тус тус хүлээн авна.

6.2. Гомдол мэдээллийг энэ журмын 6.1-д заасан албан тушаалтан бүртгэж, Ёс зүйн хорооны даргад ажлын 1 өдрийн дотор шилжүүлнэ.

6.3. Ёс зүйн хорооны дарга гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх 3 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг ажлын 3 өдрийн дотор томилно.

6.4. Ажлын хэсэг гомдол, мэдээллийг 14 хоногт багтаан шалгаж, Ёс зүйн хорооны хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулна.

6.5. Ёс зүйн хороо шүүхийн захиргааны ажилтан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргана. Ёс зүйн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж дүгнэлтийг баталгаажуулна.

6.6. Ёс зүйн хороо шүүхийн захиргааны ажилтан ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзвэл журмын 6.1-д заасан албан тушаалтанд ажлын 3 өдрийн дотор энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ.

6.7. Нарийн бичгийн дарга Ёс зүйн хорооны дүгнэлтийг гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Салбар зөвлөл, Шүүхийн тамгын газрын даргад тус тус хүргүүлнэ.

6.8. Шүүхийн захиргааны ажилтан ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар гаргасан Ёс зүйн хорооны дүгнэлтийг Салбар зөвлөл хэлэлцээд, үндэслэлтэй гэж үзвэл, шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох баримт, материалын хамт түүнийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хүргүүлнэ.

6.9. Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь гэмт хэргийн болон авилгын шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар тэмдэглэл үйлдэж шилжүүлнэ.

6.10. Энэ журмын 4.1.2-т заасан үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгахад энэ зүйлд заасныг баримтална.

Долоо. Хүлээлгэх хариуцлага

7.1. Ёс зүйн хорооны дүгнэлт, Салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор томилох эрх бүхий албан тушаалтан тухайн ажилтанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана.

7.2. Томилох эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрээ шалгагдсан шүүхийн захиргааны ажилтан, гомдол, мэдээлэл ирүүлсэн шүүгч, иргэн, хуулийн этгээдэд ажлын 5 өдрийн дотор тус тус илгээнэ.

7.3. Шүүхийн захиргааны ажилтан нь эрх бүхий албан тушаалтны сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхэд гомдлоо гаргаж болно.

Найм. Тайлан мэдээ

8.1. Ёс зүйн хороо нь шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн зөрчлийн мэдээг энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу хагас болон бүтэн жилээр гаргаж, жил бүрийн 7 ба 1 дүгээр сарын 10-ны дотор Салбар зөвлөлд, Салбар зөвлөл нэгдсэн дүнг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хороонд тус тус хүргүүлнэ.