Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

             2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                                                                                     Дугаар 77                                                                     Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

          Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам” хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханд тус тус үүрэг болгосугай.

3. Тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                     Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ШҮҮХ

ХУРАЛДААНЫГ МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Шүүхийн тухай багц хууль, процессын хуулиуд болон бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

1.3. Шүүх, шүүхийн захиргааны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, аюулгүй байдал, хувь хүн, гэр бүл, төр, байгууллагын хуульд заасан нууцыг хамгаалах, шүүх хуралдааны дэгийг сахих, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй, шүүх нээлттэй байх зарчмыг баримтална.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

1.4. Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан шүүх хуралдааны дуу авиа, дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах харилцаанд энэ журам хамаарахгүй.

1.5. Шүүх хуралдааны явцад хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч тусгай төхөөрөмж ашиглахгүйгээр шүүх хуралдааны танхим болон “Нээлттэй танхим”-д байрлах дэлгэцээр ажиглалт хийх, тэмдэглэл хөтлөхөд энэ журам хамаарахгүй. 

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

1.6. Хууль тогтоомж болон энэ журамд зааснаас бусад үндэслэлээр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн мэдээлэл олж авах, бэлтгэх, түгээх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохыг хориглоно.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэ журамд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1.1. "хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх" гэж хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан шүүх хуралдааны танхимд тусгай төхөөрөмжөөр гэрэл зураг авах, бичлэг хийх, олон нийтэд нэвтрүүлэх ажиллагааг;

2.1.2. "хэвлэл мэдээллийн байгууллага" гэж сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас, тэдгээрийн сүлжээ зэрэг мэдээлэл дамжуулах чиг үүрэгтэй аливаа этгээдийг;

2.1.3. "хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан" гэж 2.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг иргэнийг;

2.1.4. "гэрэл зураг авах" гэж аливаа аргаар дүрс хуулбарлахыг;

2.1.5. "бичлэг хийх" гэж шүүх хуралдааны явцыг дуу болон дүрсээр хадгалахын тулд аливаа аналог болон дижитал төхөөрөмж ашиглахыг;

Гурав. Шүүх хуралдааныг мэдээлэх

3.1. Эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүрэн эсхүл хэсэгчлэн мэдээлэхийг зөвшөөрөх, татгалзах, түүнийг хязгаарлах, дуусгавар болгох асуудлыг шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ. Шүүх хуралдааныг нээх, шийдвэр уншиж сонсгох хэсэг нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй байна.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

3.2. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг олон нийтэд мэдээлэх тухай хэвлэл мэдээллийн байгууллагаас бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ.

3.2.1. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх;

3.2.2. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах;

3.2.3. Хэрэг, маргааны талуудын саналыг хүндэтгэх;

3.2.4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх;

3.2.5. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;

3.2.6. Шүүх хуралдааны танхимын багтаамж

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

3.3. Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хувьд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, оролцогч, бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс шүүхийн хэлэлцүүлгээс улсын яллагч яллах  дүгнэлтийг уншиж сонсгох хэсэг, шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ хэлэх, иргэдийн төлөөлөгчийн санал сонсгох хэсгээс мэдээлэл бэлтгэж болно.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./

3.4. Иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ энэ журмын 3.1-д заасныг баримтална.

3.5. Шүүх хуралдааныг мэдээлэхдээ дараах журмыг баримтална.

3.5.1. Хэвлэл мэдээллийн байгууллага шүүх хуралдааны энэ журмын 3.1-д зааснаас бусад хэсгээс мэдээлэл бэлтгэх хүсэлтийг шүүх хуралдаан товлогдсон өдрөөс ажлын нэгээс доошгүй хоногийн өмнө тухайн шүүхийн тамгын газарт гаргана. 

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./

3.5.2. Шүүхийн тамгын газар хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулахын өмнө энэ журмыг хүсэлт гаргасан этгээдэд танилцуулж баталгаажуулна. Танилцуулсан баталгааг хүсэлтэд хавсарган шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хүргүүлнэ.

3.5.3. Шүүхийн тамгын газар шүүгч, шүүх бүрэлдэхүүний зөвшөөрлийг үндэслэн хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтантай гэрээ байгуулна. Шүүхийн тамгын газар нь гэрээнд шүүгч, шүүхийн аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, шүүхэд нөлөөлөх аливаа оролдлогоос сэргийлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх, дуу, дүрс бичлэгийг өөр зориулалтаар ашиглахгүй байх, түүнийг хэзээ, хэрхэн устгах, харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана.

3.5.4. Шүүх хуралдааны танхимд гэрэл зураг, дуу-дүрсний бичлэг хийх төхөөрөмжийг зөвхөн шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчдын дүрс харагдахуйц хэсэгт хөдөлгөөнгүй байршуулна. Шүүх хуралдааны оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс шүүгч, шүүх бүрэлдэхүүн гэрэл зураг авах, дуу-дүрсний бичлэгийг зогсоож болно. 

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

3.6. Шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхэд дараах зүйлийг хориглоно.

3.6.1.Төр, байгууллага, хувь хүний нууц болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох эрүү, иргэн, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны мэдээлэх;

3.6.2. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулах мэдээ, мэдээлэл гаргах;

3.6.3. Шүүх хуралдааны зөвшөөрөгдсөн хэсгийг дамжуулахдаа танхим дахь бусад хүмүүсийн дүрсийг харуулах;

3.6.4. Шүүх хуралдааны дэгийг зөрчсөн аливаа үйлдэл гаргах;

3.6.5. Шүүгч, шүүх бүрэлдэхүүний тогтоосон болон энэ журамд заасан хязгаарлалтыг зөрчих;

3.6.6. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад урьдчилан мэдээлэх;

3.6.7. Шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан бусдад тараах, дуу, дүрс бичлэгт эвлүүлэг хийх, хэсэгчлэх, аливаа сурталчилгаанд ашиглах;

3.6.8. Шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс ярилцлага авах;

3.6.9.Шүүхийн байрны олон нийтэд зориулсан хэсгээс шүүгч, шүүх бүрэлдэхүүний зөвшөөрөлгүйгээр зураг авах, бичлэг хийх зэрэг болно.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор хассан./

3.7. Шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны явц, шүүхийн шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид мэдээлнэ. Шүүх хуралдааны тойм мэдээллийг долоо хоногт хоёроос доошгүй удаа бэлтгэж, шүүхийн цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулна. 

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

3.8. Шүүх хуралдааны явц, шүүхийн шийдвэрийн талаар шүүхийн тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж болно. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нэгжид мэдэгдсэн байна.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

3.9. Шүүх хуралдааны явц, шүүхийн шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарсан мэдээлэлд Шүүхийн тамгын газар тухай бүр хяналт-шинжилгээ хийж, Ерөнхий шүүгч, шүүх хуралдаан даргалагч шүүгчид танилцуулна.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

3.10. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааны явц, шүүхийн шийдвэрийн талаар ташаа мэдээлэл гарсан тохиолдолд тухайн шатны Шүүхийн тамгын газар залруулж, бодит мэдээллийг өгнө. Энэ мэдээллийг Шүүхийн тамгын газрын цахим хуудастаа нийтэлсэн байна. 

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

3.11. Шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны явц, шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл өгөхөд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч мэдээ бэлтгэхийг хязгаарлах, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогчдын талаар өөрийн байр суурийг илэрхийлэхийг хориглоно. 

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор нэмсэн./

Дөрөв. Бусад

4.1. Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дүрэм, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмаар зохицуулна.

4.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомж болон бусад дүрэм, журамд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

 

PDF файл хавсаргаагүй байна .