Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

МОНГОЛ УЛСЫН

                                                                                         ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ зөвлөлийн тогтоол

 

                                             2014   оны05сарын 26 едөр                                                           Дугаар 42                                                                               Улаанбаатар хот

 

                                                                  Журам шинэчлэн батлах тухай

 

                          Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс       ТОГТООХ нь:

 

                  1."Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

                  2. Энэ тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий                                            зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

                  З.Энэ тогтоолыг 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                  4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны "Шүүхийн мэдээлэл лавлагааны албаны ажиллах журам батлах тухай" 68 дугаар тогтоол, 2013                            оны "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам батлахтухай" 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

           

 

ДАРГА                                               Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 

05 дугаар сарын 26 -ны өдрийн

 42  дугаар тогтоолын хавсралт

 

 ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ

 АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

                

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/-ын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг харилцааг энэ журмаар зохицуулна. 

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай багц хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна. 

1.3.Тамгын газар үйл ажиллагаандаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.                                                                                                                                          

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

Хоёр.Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт

2.1.Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолт, ажил, үүргийн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/ батална.

 /Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2.2.Шүүх тамгын газартай байна. Тамгын газар нь дарга, шүүхийн захиргааны ажилтнаас бүрдэнэ.

2.3.Тамгын газар нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээр бүтцийн нэгжтэй байж болно. Тамгын газар бүтцийн нэгж байгуулах тухай саналаа Ерөнхий зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

2.4.Тамгын газар нь тогтоосон загвараар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг мөрдөж ажиллана.

2.5.Тамгын газрын тамга, тэмдгийг тамгын газрын дарга, шүүхийн тамга, тэмдгийг тамгын газрын даргын тушаалаар томилсон шүүхийн захиргааны ажилтан тус тус тvшнэ.

 

Гурав.Тамгын газрын чиг үүрэг

3.1.Тамгын газар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохгүйгээр Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, дараах үндсэн үйл ажиллагааг эрхэлнэ:

3.1.1.шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах;

3.1.2.шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах;

3.1.3.шүүхийн хүний нөөцийг удирдах;

3.1.4.шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах;

3.1.5.шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах зэрэг болно.

 

Дөрөв.Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах

4.1.Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1.шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд сэргээх, хохирлыг барагдуулах арга хэмжээг авах зорилгоор шүүгч бүрийн хараат бус, аюулгүй байдлын баталгаа, эрэлт хэрэгцээг тогтмол судалж, хэрэгжүүлэх  арга хэмжээг төлөвлөж ажиллах;

4.1.2.шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх аливаа оролдлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, хэргийн оролцогчид шүүгчтэй уулзах ажлыг зохион байгуулах;

4.1.3.шүүгчийн хөтөлсөн "нөлөөллийн мэдүүлэг"-ийг бусад нотлох баримтаар баталгаажуулах;

4.1.4.шүүгчээс хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авах, эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг үүсгэх хүсэлт, шаардлага, мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд Ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/-нд нэн даруй мэдэгдэх;

4.1.5.шүүгч эрх ашгаа хамгаалахаар шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад тайлбар, хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд төлөөлөн оролцох;

4.1.6.шүүгчийн хувийн эрх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан шинжтэй гүтгэлэг, доромжлол, мэдээ, мэдээллийг судалж, ташаа мэдээлэлд няцаалт хийх, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;

4.1.7.шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх зорилго, агуулга бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоох арга хэмжээг Ажлын албатай хамтран хэрэгжүүлэх;

4.1.8.шүүгчийг хуулиар зөвшөөрсөн бие хамгаалах техник хэрэгслээр хангаж, хэвийн ажиллагаа, хадгалалт, хамгаалалтад тогтмол үзлэг хийх, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, зааварчилгаа өгөх;

4.1.9.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр Цагдаагийн байгууллага болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах;

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4.1.10.шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах талаар хэрэгжүүлж буй ажилд хяналт тавьж ажиллах, шаардлагатай арга хэмжээ авах;

4.1.11.шүүх, шүүхийн байрны гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, байгалийн аюулт үзэгдэл, осол гамшиг гарах үед холбогдох арга хэмжээг Цагдаагийн байгууллага болон шаардлагатай тохиолдолд бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх; /Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4.1.12.шүүхийн аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгсэл суурилуулах, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой нөхцөлд ажиллах ажилтны нэрс, ажлын зааврыг батлах,  шүүгч, ажилтнуудад урьдчилан танилцуулах;

4.1.13.шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр шүүгч, ажилтан нарт сургалт зохион байгуулах;

4.1.14.шүүгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн амьдарч буй орон байр нь галын аюулгүй байдал, гэмт халдлагаас хамгаалагдсан эсэхэд мэргэжлийн байгууллагаар үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;

4.1.15.шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирсан, нас барсан тохиолдолд даатгалын холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, Ерөнхий зөвлөл болон бусад байгууллагатай харилцаж, шаардлагатай арга хэмжээг авах;

4.2.Ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмыг баримтлан шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

Тав.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах

            5.1.Тамгын газар шүүхийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.1.1.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, хууль тогтоомж, дотоод журмын биелэлтийг хангах;

5.1.2.шүүхийн эдийн засаг, санхүү, техник-зохион байгуулалтыг хангаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх;

5.1.3.иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид мэдээлэх;

5.1.4.шүүхийн иргэдийн төлөөлөгчийг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтаар хангаж, иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгөх, тэдгээрийг гарын авлагаар хангах;

5.1.5.шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллах нөхцөлийг хангаж, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан дүрэм, журмыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

5.1.6.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, номын сан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах, хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

5.2.Хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах, шүүгчийн шүүн таслах ажиллагааны ачааллыг судалж, тэнцвэржүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.2.шүүхэд ирж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хэрэг хуваарилах журмын дагуу бүртгэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.3.шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч болон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд хүргэх, мэдэгдэх;

5.2.4.шүүхийн шийдвэр болон мэдэгдэх, гүйцэтгэх хуудсыг холбогдох байгууллага, иргэнд хүргэх, шүүгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавих, холбогдох байгууллагад шаардлага тавих ажлыг зохион байгуулах;

5.2.5.шүүн таслах ажлын төрлөөр бүртгэл, хяналтын нэгдсэн системд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг цаг тухайд нь оруулж, бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлан мэдээ гаргах, нэгдсэн системийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

5.2.6.хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр хэргийн оролцогч болон олон нийтийг хангах;

5.2.7.хэрэг, баримтыг  шүүх хооронд  илгээх, шилжүүлэхэд Ерөнхий зөвлөлөөс баталсан "Хавтаст хэрэг илгээх, хүлээж авах журам"-ыг удирдлага болгоно.

                 5.3.Шүүхийн програм хангамж, сүлжээний тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.3.1.шүүгч, ажилтнуудад шүүхийн програм хангамжийг ашиглах, техник-зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх;

5.3.2.мэдээллийн технологийн чиглэлээр батлагдсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангах;

5.3.3.шүүхийн програм хангамж, сүлжээний аюулгүй байдлыг хангах;

5.3.4.шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивд хадгалах, шүүх хуралдааны танхимын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

5.3.5.шүүхийн цахим хуудсанд шүүхээс гарч байгаа шийдвэр, магадлал, тогтоолын санг бүрдүүлэх, цахим хуудасны мэдээ, мэдээлэлд байнгын хяналт тавьж, шинэ мэдээ, мэдээллээр баяжуулах;

5.3.6.шүүхийн компьютер, хувилагч, хэвлэгч, хяналтын камер болон бусад тоног төхөөрөмж, дотоод болон интернетийн сүлжээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангаж, техник хангамжийн бүртгэл хөтлөх;

5.3.7.шүүхийн шийдвэрийн цахим санд шүүхийн шийдвэр болон бусад мэдээллийг хугацаанд нь байршуулах,

 

Зургаа.Шүүхийн  хүний нөөцийг удирдах

6.1.Шүүхийн хүний нөөцийг удирдах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.1.1.Ерөнхий зөвлөлөөс батлагдсан бүтэц, орон тооны дагуу тухайн шүүхийн хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, бүртгэл мэдээллийн сан байгуулах,өөрчлөлт, хөдөлгөөнийг бүртгэх, шинэчлэх;

6.1.2.шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг зохион байгуулах, бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг холбогдох газартай хамтран хэрэгжүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

6.1.3.ажилтны албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, батлах, гүйцэтгэл, үр дүнг хянаж, дүгнэх;

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

6.1.4.төрийн албан хаагчийн болон Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих

6.1.5.шүүгч, ажилтныг төрийн одон медаль болон бусад байгууллагын шагналд тодорхойлох;

6.2.Шүүгч, ажилтныг албан томилолтоор ажиллуулах, үр дүнг тооцох ажлыг  “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох тухай” журмын дагуу хэрэгжүүлнэ.

 

Долоо.Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах

           7.1.Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

7.1.1.тухайн шүүхийн төсвийн төслийг бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үндэслэлтэй боловсруулах, батлагдсан төсвийг хуулийн дагуу үр ашигтай зарцуулах;

7.1.2.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

7.1.3.шүүгч, ажилтныг шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;

7.1.4.шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангасан, олон нийтэд нээлттэй, зохих стандартад нийцсэн шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг бэлтгэх;

7.1.5.шүүхийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэлийн мэдээ, ажлын явцын талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд Ерөнхий зөвлөлд ирүүлэх;

7.1.6.урсгал болон их засварын ажлыг холбогдох норм, стандартын дагуу төлөвлөж, Ерөнхий зөвлөлд ирүүлэх;

7.1.7.ашиглалтын хугацаа дууссан, хугацаа дуусаагүй боловч цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг худалдах, шил­жүү­лэх, эсхүл актлах саналыг холбогдох материалыг бүрдүүлэн Ерөнхий зөвлөлөөр уламжлуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх;

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

7.1.8.үндсэн хөрөнгө авах, худалдах, балансаас балансад шилжүүлэх, актлах тухай асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;

7.1.9.шүүхийн барилга байгууламжид засвар үйлчилгээг тогтмол, цаг хугацаанд нь хийх, шүүгч, ажилтны албан тасалгааг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх;

7.1.10.шүүхийн төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж,  олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлэх;

7.1.11.төсвийн байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох дүрэм, журам, зааврыг сахин биелүүлэх.

 

Найм.Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах

 8.1.Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 8.1.1.Тамгын газар нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

8.1.2.шүүхийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;

8.1.3.шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулах ажлыг зохион байгуулж, иргэд, хэвлэл мэдээллийн ажилтныг шүүх хуралдааны дэгд заасны дагуу оролцуулах боломжийг хангах;

8.1.4.шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн санаа бодлыг хагас бүтэн жилээр авч, дүн шинжилгээ хийж, цахим хуудсаар мэдээлэх;

8.1.5.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийг шүүгч, ажилтан, олон нийтэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

8.1.6.шүүх бүр шүүх хуралдааны үйл явцыг олон нийт ажиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах;

8.1.7.нэхэмжлэл бичих загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, тэмдэгтийн хураамжийн хуулийн холбогдох заалт, торгууль, хураамж төлөх банкны дансны дугаар зэрэг мэдээллээр олон нийтийг хангах.          

 

Ес.Тамгын газрын дарга, түүний эрх хэмжээ

9.1.Тамгын газрын даргыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу  Ерөнхий зөвлөлийн дарга нэр дэвшүүлснээр Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө.

9.2.Тамгын газрын дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

9.2.1.Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйл болон энэ журамд заасан чиг үүргийг тухайн шүүхдээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

9.2.2.тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тухайн шүүхдээ ажлаа танилцуулж, Ерөнхий зөвлөлд тайлагнах;

9.2.3.эрх хэмжээний хүрээнд тамгын газрыг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах;

9.2.4.тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

9.2.5.шүүхийн төсвийг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, санхүүгийн үр нөлөөтэй дотоод хяналтыг бүрдүүлэх;

9.2.6.шүүхийн санхүү, аж ахуйг удирдах, шүүхийн нийтлэг үйлчилгээний ажлыг тасралтгүй зохион байгуулах;

9.2.7.шүүхийн архив, мэдээлэл лавлагааны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэд олон нийтэд шуурхай үйлчлэх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

9.2.8.шүүхийн  захиргааны ажилтныг томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, чөлөө олгох, үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх сахилгын шийтгэл ногдуулах, шагнаж урамшуулах, тэтгэмж тусламж олгох;

9.2.9.ажилтны албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг батлах, дагаж мөрдүүлэх;

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

9.2.10.шүүхийн захиргааны ажилтны талаар иргэд, байгууллагаас гаргасан гомдлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;

9.2.11.Цагдаагийн байгууллагын албан хаагчийн  үйл ажиллагаанд хяналт тавих, санал, хүсэлтээ харьяалах удирдлагад нь танилцуулж, шийдвэрлүүлэх;

 /Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

9.2.12.хууль тогтоомж болон Ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журамд нийцүүлэн тухайн шүүхийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан журам, зааврыг боловсруулан мөрдүүлж болно.

9.3.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-42.1.3 дахь заалтыг үндэслэн Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар, 42.1.4-42.1.10 дахь заалтыг үндэслэн Ерөнхий зөвлөлийн тогтоолоор тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилно. Түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална.”

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөлн найруулсан/

9.4.Тамгын газрын даргын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд ажлын 10 хүртэлх өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 10-аас дээш өдрийн чөлөөг Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгоно. Тамгын газрын даргад 1 сараас дээш хугацаагаар чөлөө олгох тохиолдолд түр орлон гүйцэтгэгчийг Ерөнхий зөвлөлийн дарга томилно.

9.5.Тамгын газрын даргад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2-т заасан сахилгын шийтгэлийг Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар, мөн зүйлийн 48.1.3, 48.1.4-т заасан сахилгын шийтгэлийг Ерөнхий зөвлөлийн тогтоолоор ногдуулна. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга сахилгын шийтгэл ногдуулах санал гаргаж болно.

                /Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 86, 2019 оны 110 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт оруулсан./    

          9.6.Тамгын газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана. 

 

Арав.Шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг

10.1.Шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн захиргааны бусад ажилтнаас бүрдэнэ.

10.2.Шүүхийн захиргааны ажилтан Шүүхийн захиргааны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

10.3.Шүүгчийн туслах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, аргачлалыг мөрдлөг болгон ажиллаж, Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1 -26.2.10-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

10.4.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-27.2.5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

          10.5.Шүүхийн захиргааны бусад ажилтан Шүүхийн захиргааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан ажилтнаас бүрдэх бөгөөд дараах нийтлэг чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ:

           

                        10.5.1.Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн:

-шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулах;

-хуульд зааснаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг нээлттэй хийх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах;

-шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал боловсруулах;

-хэргийн хөдөлгөөний журам, аргачлалын хэрэгжилтийг зохион байгуулах;

-иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

-шүүхийн сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

-шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шаардлагатай хууль тогтоомж, мэдээ, мэдээллээр хангах.

                        10.5.11.Нэгж (хэлтэс)-ийн дарга:

            -Зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй тамгын газрын хувьд нэгжийн дарга нь хариуцсан чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, нэгжийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор нэмсэн/

10.5.2.Олон нийттэй харилцах мэргэжилтэн:

-шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулах, баяжуулах, олон нийтийн санаа бодлыг судлах;

-шүүх хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг оролцуулах ажлыг зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл өгөх;

-шүүгчийн хувийн эрх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан шинжтэй гүтгэлэг, доромжлол, мэдээ мэдээллийг судалж, ташаа мэдээлэлд няцаалт хийх ажлыг зохион байгуулах.

            10.5.3.Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн:

-нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргасан этгээдийг холбогдох цогц  мэдээллээр  хангах;

-хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх, шилжүүлэх.

10.5.4.Мэдээллийн технологийн мэргэжилтэн:

-шүүхийн компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, мэдээллийн сан, сүлжээ, цахим хуудасны хэвийн ажиллагааг хангах;

-мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, засвар үйлчилгээг хийх;

-шүүгч, ажилтанд програм хангамжийн үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг хамгаалах;

-мэдээллийг тодорхой хугацаанд файлаар архивлах;

-шүүгч, ажилтанд шүүхийн програм хангамжийг хэрэглэх асуудлаар зөвлөгөө өгөх.

            10.5.5.Ерөнхий нягтлан бодогч:

-шүүхийн төсвийг төлөвлөх;

-санхүүгийн анхан шатны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх;

-төсвийн хөрөнгийн зарцуулалтын сар, хагас, бүтэн жилийн тайлан баланс гаргах;   

-холбогдох байгууллагатай төлбөр, тооцоо нийлэх;

       -үндсэн хөрөнгийг актлах, шилжүүлэх, худалдах саналыг Ерөнхий зөвлөлд уламжлан шийдвэрлүүлэх;

-төсвийн гүйцэтгэлийн тайланд аудитын дүгнэлт гаргуулах, биелэлтийг хангах;

-шүүхийн статистикийн болон үндсэн хөрөнгийн мэдээлэл гаргаж, хуулийн хугацаанд Ерөнхий зөвлөлөөр уламжлан төрийн өмчийн хороонд хүргүүлэх.

            10.5.6.Шүүхийн нярав:

-шүүгч, ажилтныг эд хөрөнгө, бусад шаардлагатай хэрэгслээр хангах;

-шүүхийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг бүртгэх, тоолох, тайлан гаргах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах;

-шүүхийн мөнгөн кассын зарцуулалтын тайлан гаргах;

-шүүхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх ажлыг хариуцах;

-аж ахуй, завсар, үйлчилгээ, худалдан авалт, хангамжийн ажлыг гүйцэтгэх;

-бараа, материал болон үндсэн хөрөнгийг  холбогдох ажилтанд хүлээлгэн өгөх, бүртгэл хөтлөх, тайлан гаргах.

            10.5.7.Архив, бичиг хэргийн эрхлэгч:

-архивд хадгалагдах баримт бичгийг хүлээн авах, данс, бүртгэл хөтлөх;

-архивын нэгж болгон хадгалах, хамгаалах, ашиглуулах, шүүхийн бичиг хэргийг хөтлөх, түүний шийдвэрлэлтэд хяналт тавьж, Ерөнхий шүүгч, тамгын газрын даргыг мэдээллээр хангах;

-архив, бичиг хэргийн материалыг зохих стандартад нийцүүлэн хадгалах, тогтоосон хугацаанд үзлэг, тооллого хийх, шилжүүлэх;

-шүүгч, ажилтан, иргэдэд архивын үйлчилгээг Архивын хууль тогтоомжид нийцүүлэн үзүүлэх;

-архивын өрөө тасалгааг холбогдох стандарт, зааварт нийцүүлэх.

 

10.6.Шүүхийн захиргааны эрх бүхий ажилтнаас бусад ажилтан шүүн таслах ажиллагааны явц, шийдвэр болон шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар албаны байр суурь  илэрхийлэхгүй.

10.7.Шүүхийн захиргааны ажилтан Шүүхийн захиргааны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан ёс зүйн шаардлага, төрийн албан хаагчийн болон шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг сахина.  

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

10.8.Тамгын газрын ажилтанд Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр ёс зүйн хариуцлага, Тамгын газрын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл хууль тогтоомжид заасны дагуу тус тус ногдуулна.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

Арван нэг.Тамгын газрын харилцаа

 11.1.Ажлын албатай хамтран шүүгч, ажилтны эрх ашгийг хамгаалах үүднээс шаардлагатай тохиолдолд Хуульчдын холбоо, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагад төлөөлөн ажиллана.

 11.2.Шүүхийн зорилго, зорилт хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаад хамтын ажиллагаа, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Ерөнхий зөвлөлөөс өгсөн удирдамж чиглэлийн дагуу зохион байгуулна.

11.3.Олон улсын болон бүс нутаг, хоёр талын хамтын ажиллагааг Ерөнхий зөвлөлийн Ажлын албаар дамжуулан хэрэгжүүлнэ.

11.4.Эрх хэмжээний хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагатай харилцана.

 

          Арван хоёр.Тамгын газрын ажлыг төлөвлөх,

тайлагнах, үнэлэх, дүгнэх

 

            12.1.Тамгын газар нь Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй ажиллах бөгөөд Төсвийн шууд захирагч төлөвлөгөөг боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

            12.2. Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг Засгийн газраас баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ыг баримтлан боловсруулна. Салбарын бодлогын баримт бичиг дэх тэргүүлэх зорилго, зорилттой уялдуулан төлөвлөгөөний зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн зорилтот түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцон тусгасан байна.  Төлөвлөгөөнд тухайн шүүхийн шүүгчдийн саналыг тусгаж, Ерөнхий ерөнхий зөвлөлд хянуулна.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

            12.3.Тамгын газар төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд эхний хагас жилд явцын хяналт-шинжилгээ, жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тухайн шүүхдээ танилцуулна.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

            12.4.Төсвийн шууд захирагч төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг 1 дүгээр сарын 5-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

12.5.Тамгын газрын ажлыг Ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу үнэлж, дүгнэнэ.

Арван гурав.Дотоод хяналт

13.1.Санхүүгийн дотоод аудитыг зохион байгуулан хийлгэж, эрсдэлийн удирдлагаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

13.2.Шүүхийн санхүүгийн дотоод аудитыг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай, Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтална. 

 

                                                                                                     Арван дөрөв.Нийгмийн хамгааллын үйл

ажиллагааг зохион байгуулах 

 

14.1.Холбогдох хуульд нийцүүлэн шүүгч, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын баталгааг хангах үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, шаардлагатай асуудлаар санал, хүсэлтээ Ерөнхий зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ.  

14.2.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг жилд нэгээс доошгүй удаа мэргэжлийн эмчийн  урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, эмчилгээ, сувилгаа хийлгэх ажлыг зохион байгуулна.  

14.3.Шүүгч, ажилтны орон сууцны нөхцөлийг сайжруулах, бусад санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх талаар зохих арга хэмжээ авах, шаардлагатай гэж үзвэл Ерөнхий зөвлөлд санал хүсэлтээ ирүүлж, шийдвэрлүүлнэ. 

 

Арван тав.Бусад зүйл

15.1.Энэ журамд Ерөнхий зөвлөлийн тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж болно.             

 

 

--o0o--

 

 

PDF файл хавсаргаагүй байна .