Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

 АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр                                                                   Дугаар 24                                                                                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Журам батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.7, 7.1.16, 7.1.18, 7.1.19, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам”-ыг 2 дугаар хавсралтаар, Серверийн өрөө, түүнийг ашиглах журам”-ыг 3 дугаар хавсралтаар, "Шүүхэд цахим шуудан ашиглан бичиг баримт илгээх, хүлээж авах журам"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дагаж мөрдсүгэй.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагвад үүрэг болгосугай.

                       

 

ДАРГА                                           Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



 

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны
08 дугаар сарын 30–ны өдрийн 24 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Шүүхийн сервер, компьютер, техник хэрэгсэл, програм хангамж, хяналтын камер ашиглах, компьютерийн сүлжээ, үг цахим хуудас ажиллуулах, нууц хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Компьютер, техник хэрэгслийг эзэмшиж байгаа шүүгч, ажилтан бүр энэ журамтай заавал танилцсан байна.

1.3.Энэхүү журам Шүүхийн тухай багц хууль, "Цахим засаг" үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны дүрэм, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

1.4.Нэр томъёо

1.4.1."Мэдээллийн технологи" гэж компьютер, компьютерийн сүлжээгээр цахим мэдээллийг хайх, цуглуулах, боловсруулах, хадгалах, авах, дамжуулах, түгээх аргууд болон тэдгээрийн нэгдэл   

1.4.2."Мэдээллийн аюулгүй байдал" гэж цахим мэдээлэл гадны халдлага, аюул занал, учирч болох эрсдэлээс хамгаалагдсан байдал 

1.4.3."Сервер" гэж мэдээллийг төвлөрүүлэн боловсруулалт хийх, сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер       

1.4.4."Компьютерийн сүлжээ" гэж цахим мэдээллийг солилцох боломжтой харилцан холбогдсон компьютерүүд 

1.4.5."Техник хэрэгсэл" гэж сервер, компьютер, роүтер, свич, принтер, мэдрэгчтэй дэлгэц, мэдээллийн самбар болон бусад мэдээллийн тоног төхөөрөмжийг

1.4.6."Нууц үг" гэж и-мэйл, компьютерийн системүүд, техник   хэрэгслүүдийг хамгаалах, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах, сүлжээний нууцлал хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдсэн   тухайн хэрэглэгчид тусгайлан өгсөн үсэг, тоо, тэмдэгтийн бүрдэл

1.4.7."Програм хангамж" гэжкомпьютерийн дотор нь оршиж компьютерийн цахим эд ангиудаар сэргээгдэн боловсруулагддаг тоон    мэдээлэл

1.4.8."Домэйн нэр" гэж Интернетэд байрлаж буй веб сайтуудыг олоход тусалдаг интернет хаяг

1.4.9."IP" Internet Protocol гэж сүлжээнд холбоотой байгаа бүх компьютер болон түүнтэй адилтгах зүйлсийг хооронд нь ялгах зориулалттай оноосон тоон таних тэмдэг

1.4.10."МАC" Medium Access Control гэж төхөөрөмжийн хаяг бөгөөд сүлжээнд энэ нь дахин давхцахгүй цор ганц хаяг

1.4.11."LAN" Local AreaNetwork гэж барилга байшин зэрэг багахан хэмжээний газрыг хамарсан 2 болон түүнээс дээш тооны компьютерүүдэд принтер, файлгэх мэтийн нөөцийг хамтран эзэмших боломжийг олгодог дотоод сүлжээ                  

1.4.12."Рак" гэж сервер, сүлжээний төхөөрөмжүүдийн эдэлгээг уртасгах, аюулгүй найдвартай ажиллагааг хангах зориулалттай хамгаалалтын хайрцаг буюу зогсуур

1.4.13."Firewall буюу галт хана" гэж нийтийн сүлжээ болон компьютерийн систем рүү интернэт холболтоор дамжин ирж байгаа мэдээллийг шүүх шүүлтүүр бүхий техник буюу програм хангамж

1.4.14."хэрэглэгч" гэж ажил үүргийн шаардлагаар шүүхийн сүлжээ, компьютер болон тоног төхөөрөмж ашиглаж байгаа нийт шүүгч, ажилтнууд

1.4.15."логин" гэж бүх төрлийн мэдээллийн техник болон програм хангамжид хэрэглэгчийн нэр, нууц үг хийж нэвтрэх гэж ойлгоно.

                                  

Хоёр. Сервер компьютер ашиглах 

2.1.Сервер компьютер нь ракт байрлана. Сервер компьютерийг үндсэн болон туслах тэжээлд холбож, түүний цахилгаан тэжээлийн найдвартай ажиллагааг хангана.

2.2.Сервер компьютерийн IP хаягийг өөрчлөхгүй байхаар бичнэ. Мөн LAN картуудыг зөв таниулж, суулгасан байна,

2.3.Сервер компьютер нь мэдээллийн аюулгүй байдлын өндөр шаардлага хангасан байна.

2.4.Мэдээллийн технологийн мэргэжилтэн сервер компьютерийг ашиглахаас өмнө заавал тест хийж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.

2.5.Сервер компьютерийг зориулалтын дагуу ашиглана.

2.6.Сервер болон сүлжээний үндсэн төхөөрөмжүүдийг хариуцаж байгаа мэдээллийн технологийн мэргэжилтэн /цаашид "мэргэжилтэн" гэх/ ажлаас чөлөөлөгдөх, халагдах, шилжин ажиллах үедээ нууц үгсийг цаасан дугтуйнд битүүмжилж тамгын газрын даргад хүлээлгэн өгнө.

2.7.Мэргэжилтэнг эзгүй тохиолдолд түүнийг түр орлон гүйцэтгэх ажилтанд серверийн нууц үг, серверийг ажилд бэлтгэх дараалал болон бусад анхаарах зүйлийн зааврыг бичгээр өгнө.

2.8.Сервер компьютер болон сүлжээний үндсэн төхөөрөмжүүдийг цахилгаан соронзон орон үүсгэх тоос,тоосонцроос хамгаалж сар бүр цэвэрлэж байна.

 

Гурав. Компьютерийн сүлжээ ашиглах 

3.1.Сүлжээг нээлттэй, хязгаарлагдсан, өндөр түвшинд хязгаарлагдсан гэсэн хэсгүүдэд хуваан ажиллуулна.

3.2.Сүлжээнд зөвхөн IP болон MAC хаяг нь бүртгэгдсэн компьютер, төхөөрөмжүүд холбогдоно.

3.3.Гадаад болон дотоод сүлжээ нь гарцын хамгаалалт (firewall)-тай байна. Гарцын хамгаалалт нь програм хангамжийн болон техникийн шийдэлтэй байж болно.

3.4.Мэргэжилтэн дотоод сүлжээ ашиглаж байгаа нийт хэрэглэгчдэд сүлжээнд орох хэрэглэгчийн нэр, нууц үгийг өгнө.           

3.5.Дотоод сүлжээнд холбогдон ажиллаж байгаа объект сүлжээн дэх нэр, үйлдвэрлэгчийн нэр, марк, IP хаяг, MAC хаяг, кабелийн дугаарыг бичиж баримтжуулсан хаяг зүүсэн байна.

3.6.Гадаад, дотоод сүлжээнүүд нь байгууламжийн тойм зурагтай байна. Тойм зурагт сүлжээний дотоод, гадаад холболт, төрөл (топологи), холбогдсон төхөөрөмжүүдийг харуулсан байна.

3.7.Гадаад, дотоод сүлжээг 24 цагаар тасралтгүй ажиллуулна. Уг сүлжээнүүдийн урсгал засвар, үйлчилгээг тогтмол хийж, жилд нэг удаа бүрэн хэмжээний засвар, үйлчилгээ хийнэ.

3.8.Дотоод сүлжээнд хийгдсэн засвар үйлчилгээнд тухайн шүүхийн тамгын газрын дарга чанарын хяналт тавина.

3.9.Дотоод сүлжээний зарим хэсэгт утасгүй сүлжээг ажиллуулж болно. Утасгүй сүлжээг байнга хөдөлгөөнд байх хэрэглэгчдэд зориулна. Уг сүлжээнд нэвтрэх нууц үгийг хэрэглэгч заавал ашиглана.

3.10.Мэргэжилтэн хэрэглэгчийн эрхийг шинээр бүртгэх, хэрэглэгчийн эрхийг хязгаарлах эрхтэй байна.

3.11.Ажлаас чөлөөлөгдсөн хэрэглэгчийн сүлжээ ашиглах эрх (Login ID)-ийг хүчингүй болгож, шинэ хэрэглэгчид эрхийг шилжүүлнэ.

3.12.Байгууллагын дотоод сүлжээний орчинд ашиглах хэрэглээний програм хангамжууд:

-       Зурвас солилцооны програм хангамж (messaging)

-       Цахим шуудан солилцооны програм хангамж (e-mail)

-       Ажлын төлөвлөлт (calendar)

-       Уулзалт төлөвлөлт (contact management)

-       Мэдээлэл хамтран эзэмшилт (File sharing)

-       Канон, принтер хамтран эзэмшилт (canon, printer sharing)

            3.13.Байгууллагын дотоод сүлжээний аюулгүй болон найдвартай ажиллагаа, үйлчилгээг мэргэжилтэн хариуцна.

 

Дөрөв. Дотоод сүлжээ ашиглаж байгаа хэрэглэгчийн эрх, үүрэг 

4.1.Байгууллагын дотоод сүлжээг ашиглах хэрэглэгч мэргэжилтэнд бүртгүүлж, сүлжээ ашиглах эрх авсан байна.

4.2.Хэрэглэгч дотоод сүлжээ ашиглах нууц үгийг бусдад задруулж болохгүй.

4.3.Хэрэглэгч сүлжээнд ачаалал үзүүлэх бусад програм хангамж ашиглаж болохгүй. Мөн вирус болон сөрөг үйл ажиллагаатай програмаас өөрийгөө хамгаалах үүрэгтэй.

4.4.Хэрэглэгч нь дотоод сүлжээнд хандахдаа домайн(domain), нэр, нууц үгээ зөв оруулах үүрэгтэй.

4.5.Байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэн орж ажиллах зөвшөөрөлтэй зөөврийн компьютер (Notebook) нь мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байна.

4.6.Хэрэглэгч байгууллагын дотоод сүлжээг боловсронгуй болгох, ашиглалт, үйлчилгээг сайжруулах талаар санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй

4.7.Хэрэглэгч өөрөө дотоод сүлжээнд нэвтрэх нэр, нууц үгээ өөрчилж болно.

 

Тав. Компьютер,техник хэрэгсэл, хэрэглээний програм хангамж ашиглах 

5.1.Хэрэглэгч албаны хэрэгцээнд ашиглах компьютер бусад техник хэрэгслийг хүлээн авахдаа тэдгээрийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаатай эсэхийг шалгаж, эд хөрөнгө хариуцагчийн бүртгэлийн хамт хүлээн авна.

5.2.Мэргэжилтэн тоног төхөөрөмжийг ашиглахтай холбоотой шаардлагатай зааварчилгааг хэрэглэгчдэд өгнө.  

5.3.Компьютер болон бусад техник хэрэгслийг техникийн тодорхойлолтод заасан болон дараах нөхцөлийг хангаж хэрэглэнэ. Үүнд:

-       Нарны гэрэл шууд тусаагүй,

-       Ус чийггүй,

-       Илэрхий ашиглах боломжгүй нөхцөл байдалд ашиглахгүй байх.

Компьютер ажиллагаанд байхад цахилгаан тасарсан нөхцөлд цахилгаан баригчгүй бол цахилгаанаас салгана.       

5.4.Хэрэглэгч шилжилт хөдөлгөөн хийх буюу компьютерийн тоног төхөөрөмжийг солих шаардлага гарвал Тамгын газрын дарга болон мэргэжилтэнд мэдэгдэж, эд хөрөнгө хариуцагчийн бүртгэлд зохих өөрчлөлтийг тухай бүр хийлгэнэ.

5.5. Програм ашиглалт

5.5.1.Хэрэглэгч бүрийн компьютерт албан ёсны антивирусын програм заавал суулгана. Харин хэрэглэгч нь антивирусний програмын      шинэчлэлийг тухай бүр зааврын дагуу ажиллуулж, илэрсэн вирусыг устгаж байх үүрэгтэй.

5.5.2.Хэрэглэгчийн ашиглах шаардлагатай хэрэглээний програмуудыг мэргэжилтэн суулгаж, ашиглах зааварчилгааг өгч, засвар үйлчилгээг хариуцна.

5.5.3.Хэрэглэгч нь гаднаас зайлшгүй шаардлагатай баримт бичгийг зориулалтын зөөврийн төхөөрөмжөөр /флаш диск гэх мэт/ авч ирсэн             тохиолдолд антивирусын програмаар заавал шалгана.

5.5.4.Хэрэглэгч хэрэглээний програм ашиглах анхан шатны мэдлэгтэй байхаас гадна энэ талаарх мэдлэгээ байнга дээшлүүлэх, шүүх болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа компьютер, техник хангамж, гадаад, дотоод сүлжээ ашиглах сургалтанд хамрагдах үүрэгтэй.

5.6. Баримт бичиг боловсруулах, хадгалах тухай

5.6.1.Хэрэглэгч нь баримт бичиг боловсруулахдаа Монгол Улсын стандартуудыг мөрдлөг болгоно. Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлүүдийг байрлуулахад тавих шаардлага - MNS 5140-3:2011, компьютерийн монгол үсгийн нэгдсэн код MNS-5552:2005

            /Энэ стандартыг ЗГ-ын 2010 оны 44-р тогтоолоор баталсан/

5.6.2.Хэрэглэгч нь тухайн ажлын байртай холбогдох баримт бичгийг төрөлжүүлж, өөрийн компьютерт D:\Му doсuments гэсэн директор дотор хадгална. Шаардлагатай бол сүлжээний зөвшөөрсөн директорт давхар хадгалж болно.

5.6.3.Хэрэглэгч нь мэдээлэл боловсруулж файл хадгалахдаа хайж олоход хялбар, ойлгомжтой нэр өгч, тодорхой дарааллаар төрөлжүүлсэн хавтаст хадгална.

5.6.4.Файлд нэр өгөхдөө зөвхөн латин үсэг тэмдэгтүүдийг ашиглах ба цэг, таслал оролцуулахаас зайлсхийх хэрэгтэй.

5.6.5.Компьютер болон бусад техник хэрэгслээ солих шаардлага гарсан тохиолдолд солигдож буй хуучин компьютер болон бусад техник хэрэгслийн мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийг форматлаж өгнө.

5.6.6.Мэргэжилтэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэгчийн албан хэрэгцээний баримт мэдээллийг хагас жил тутам дата сервер болон зөөврийн хатуу дискэнд хуулж хадгалж болно.

5.7.Нууц мэдээллийг хадгалах

5.7.1.Нууц мэдээллийг компьютерт боловсруулахдаа мэргэжитнээс зөвлөгөө авч зохих аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

5.7.2.Компьютерт нууцын зэрэглэлтэй баримт бичиг боловсруулахдаа нууц үгээр хамгаалж хадгална.

 

Зургаа.Хяналтын камер ашиглах

6.1.Мэргэжилтэн гадна, дотор камерийн найдвартай хэвийн ажиллагааг хангаж, линзний бохирдол болон бичлэг хийх чиглэлд өөрчлөлт орсон эсэхэд хяналт тавьж ажиллана.

6.2.Гадна, дотор камеруудын линзэд нарны гэрэл шууд тусахгүй байхаар байрлуулж, унаж доргихоос сэргийлэн сайтар бэхлэж суурилуулсан байна.

6.3.Камерын бичлэг хадгалах төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор цоожтой, хөргөлттэй, зориулалтын зогсуурт байрлуулсан байна.

6.4.Хяналтын камер нь өдөр бичлэг хийхээс гадна шөнийн харанхуй гэрэлгүй орчинд бичлэг хийх боломжтой байна.

6.5.Камерын бичлэгийг зайлшгүй баримт болгон ашиглах үүднээс гадны байгууллага, хувь хүн хуулбарлан авах шаардлагатай бол хүсэлтээ тухайн шүүхийн тамгын газрын даргад гаргана. Тамгын газрын даргын зөвшөөрлөөр мэргэжилтэн бичлэгийг үзүүлэх эсхүл хуулбарлаж өгнө.

6.6.Мэргэжилтэн бичлэг хадгалах төхөөрөмжийн програм руу хэрэглэгчийн нэр, нууц дугаараар нэвтэрч орно.

6.7.Камерын компьютерт бичлэг хадгалах зориулалттай програм хангамж суурилуулна. Энэ програм нь хэрэглэгчийн нэр, нууц дугаараар хамгаалагдах ба бичлэгтэй холбоотой тохиргоо засвар үйлчилгээг мэргэжилтэн хийнэ.

6.8.Камерын бичлэгийг хадгалах

6.8.1.Камерын бичлэгийг бичлэг хадгалах төхөөрөмжийн хатуу дискэнд ойлгомжтой, зөв зохион байгуулалттай хадгална.

6.8.2.Камерын бичлэгийн төхөөрөмжийн цаг нь зөв ажиллаж байгааг байнга хянана.

6.8.3.Камерын бичлэг хадгалах төхөөрөмжийн бичлэг дүүрч үргэлжлүүлэн хадгалах боломжгүй болсон тохиолдолд Тамгын газрын даргын зөвшөөрлөөр бичлэгийн эхлэлээс дунд хүртлэх хэсгийг зөвхөн мэргэжилтэн устгана. Хэрэв энэ хугацаанд ямарваа нэг хэрэг зөрчил гарсан бол бичлэгийг устгахаас өмнө DVD-д хуулбарлан авч хадгалсан байна.

6.8.4.Камерын чухал шаардлагатай бичлэгийг DVD эсвэл зөөврийн хард дискт давхар хуулбарлан авч Тамгын газрын даргад хүлээлгэн өгнө.

 

Долоо. Нууц үг хэрэглэх 

7.1. Нууц үгийг задруулахаас сэргийлэх аргууд

7.1.1.Нууц үгийг цаасан дээр бичиж хадгалахаас зайлсхийнэ. Хэрвээ хадгалах шаардлага гарвал заавал зөвхөн өөрөө ойлгох түлхүүр үг хэрэглэнэ.

7.1.2.Хэрэглэгч нууц үгтэй холбоотой дараах зааврыг мөрдөж ажиллана:

7.1.2.1.Нууц үгээ цахим шуудангаар болон бусад хэлбэрээр хэн нэгэнд дамжуулахгүй байх;

7.1.2.2.Телефон утсаар бусдад нууц үгээ хэлж солилцохгүй байх;

7.1.2.3.Интернетээр төрөл бүрийн (application form) формууд бөглөж байх үедээ нууц үгээ сануулахгүй байх;

7.1.2.4.Интернэт хөтөч, цахим шуудан, клиент болон бусад програм ашиглах үедээ нууц үгээ хадгалж орхихгүй байх;

                        7.1.2.5.Өөрийн нууц үгээ хэн нэгэнд ил харуулахгүй байх;

                        7.1.2.6.Нууц үг нь логин хийх нэртэйгээ ижил биш байх;

7.1.2.7.Компьютероосоо холдох үедээ заавал түгжиж байх (Windows key+L).

7.2. Нууц үгэнд тавигдах шаардлага

7.2.1.Нууц үгийн урт хамгийн багадаа 6 тэмдэгт, хамгийн ихдээ 16 тэмдэгт байна.

7.2.2.Нууц үгэнд том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүд

(@,#,$,%,&,*,(), {},[])-ийг заавал оролцуулна.

7.2.3.Нууц үгэнд түгээмэл хэрэглэдэг энгийн үг, нэр томьёо, төрсөн

өдөр, утасны дугаар, өөрийн эсхүл хүүхдийн нэр зэргийг хэрэглэж болохгүй.

7.2.4.Харин хэрэглэгчийн нэр, login ID-д тусгай тэмдэгт оруулж болохгүй.

            7.2.5.Олон системд ижил нууц үг хэрэглэж болохгүй.

            7.2.6.Нууц үгийг сольсон 3 дахь өдрөөс эхлэн 3 сар тутам өөрчилж   байна.

7.2.7.Сүлжээний болон сервер компьютер хариуцаж байгаа мэргэжилтэн өөрийн нууц үгнүүдийг найдвартай газар шифрлэн хадгална.

7.2.8.Мэргэжилтэн бусад хэрэглэгчидтэй хандалтын эрхийг дундаа хэрэглэх эрхгүй. Хэрэв дундаа хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол 3 хүртэл ажилтны хүрээнд түр хэрэглэнэ.

                                    

Найм. Шүүхийн цахим хуудас ажиллуулах 

8.1.Шүүх бүр өөрийн цахим хуудастай байх бөгөөд үндсэн домэйн нэртэй байна.

8.2.Шүүхийн үндсэн домэйн нэрийн бүтэц нь “Үндэсний дата төв”-өөс баталсан журамд нийцсэн байна.

8.3.Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарын бичгийн дарга, шүүхийн тамгын газрын даргын тушаалаар тухайн шүүхийн цахим хуудсыг үүсгэн байгуулах бөгөөд энэхүү тушаалд дурдсан домэйн нэр бүхий цахим хуудас нь тухайн шүүхийн албан ёсны цахим хуудас байна.

8.4.Шүүхийн цахим хуудсыг ажиллуулахадүйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү зэрэгмэдээллийн ил тод, үнэн зөв байдлыг хангах, тогтмол ажиллагаатай байлгах, иргэд цахим хуудсыг ашиглахад хялбар байх, цахим хуудсыг техник, технологийн дэвшилд нийцүүлэн байнга шинэчлэн боловсруулж байх зэрэг зарчмыг баримтална.

8.5.Цахим хуудасны бүтэц

8.5.1.Шүүхийн цахим хуудсанд дараах нийтлэг үндсэн болон нэмэлт цэсүүд тусгагдсан байна. Үүнд:

8.5.1.1.Шүүхийн болон тухайн нутаг дэвсгэрийн бэлгэ тэмдэгбүхийүндсэн нүүр хуудас;

8.5.1.2.Шүүхийн болон байрших газрын нэр;

8.5.1.3.Үндсэн цэс буюу шүүх, шүүгч, шүүхийн тамгын газрын танилцуулга;

8.5.1.4.Холбоо барих хэлбэрүүд /утас, факс, цахим шуудангийн хаяг, хаяг г.м./

8.5.1.5.Шүүх хуралдааны тов, тойм;

8.5.1.6.Мэдээлэл хайх булан;

8.5.1.7.Шүүхийн мэдээ, статистик мэдээлэл, тайлан, төлөвлөгөө нийтлэх булан;

8.5.1.8.Мэдээлэл, лавлагааны албаны ажиллах журам, үзүүлэх үйлчилгээ, олон нийтэд зориулсан баримт, мэдээллийн сан;

8.5.1.9.Шүүхийн ерөнхий зөвлөл болон бүх шатны шүүхийн цахим хуудасны холбоосууд;

8.5.1.10.Цахим хэлбэрээр санал авах булан;

8.5.1.11.Өдөр тутмын мэдээлэл оруулах булан;

                        8.5.1.12.Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн холбоос;

                        8.5.1.13.Шүүхийн шийдвэрийн цахим сангийн холбоос;

8.5.1.14.Цахим хуудаст хэрэглэгчдэд мэдээллийг хүртээмжтэй болгох, онлайн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан өөр үндсэн болон нэмэлт цэс оруулж болно.

8.6.Цахим хуудас ажиллуулах

8.6.1.Мэргэжилтэн шүүхийн цахим хуудсыг шинээр хийх, баяжуулах, хэвийн ажиллуулах, мэдээ, мэдээлэл байршуулах ажлыг хариуцна.

8.6.2.Шүүхийн цахим хуудсыг серверт байршуулж, олон нийтэд зарласан өдрөөс эхлэн тогтмол ажиллагаатай байлгана.

8.6.3.Шүүхийн цахим хуудсанд шүүн таслах ажиллагааболоншүүхийн захиргааны удирдлагатай холбоотой мэдээллийг тогтмол байршуулах, үнэн зөв мэдээлэл нийтлэх ажлыг шүүхийн Тамгын газрын дарга хариуцна.

8.6.4.Шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд   зохих журмын дагуу тогтмол байршуулж, цахим сангийн баннерийг тухайн шүүхийн цахим хуудсанд иргэдэд ойлгомжтойгоор ил байршуулна.

8.6.5.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэмэгц тухайн шүүхийн болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нийтэд тогтмол мэдээлнэ.

8.6.6.Шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг захиргааны удирдлагаар хангах, шүүгчдийг шилж сонгох, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар цахим хуудсаар олон нийтэд тогтмол мэдээлнэ.

8.7.Цахим хуудасны мэдээллийн аюулгүй байдлыг хангах

8.7.1.Шүүхийн тамгын газрын дарга цахим хуудасны шинээр үүсгэн байгуулсан талаар ажлын 5 өдөрт багтаан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтэст албан ёсоор мэдэгдэнэ.

8.7.2.Тухайн шүүх цахим хуудсын бааз байршсан сервер эзэмшигчтэй гэрээ байгуулж, мэдээллийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах талаар гэрээнд тусгана.

8.7.3.Энэ журмын 3.1-д зааснаас бусад мэдээллийг цахим хуудсанд байршуулахдаа мэргэжилтэн тухайн шүүхийн тамгын газрын даргад танилцуулж, түүний зөвшөөрлөөр байршуулна.

            8.8.Цахим хуудас ашиглах

8.8.1.Цахим хуудсаар дамжуулан олон нийтээс ирүүлсэн санал,хүсэлт, асуултыг мэргэжилтэн хүлээн авч тамгын газрын даргад тогтмол мэдээлнэ.

8.8.2.Хэрэглэгчдийн болон мэдээллийг үзсэн иргэдийн тоон судалгаа, хэвийн ажиллагаа зэргийг мэргэжилтэн тамгын газрын даргад сар бүр танилцуулна.

 

Ес.Хориглох зүйл 

9.1.Сервер компьютерийн мэдээллийн сан, түүний удирдлагын програм хангамж, мэдээллийн сүлжээнд компьютерийн вирус тараах;

9.2.Сервер ашиглах нууц үгийг бусдад ил болгож мэдэгдэх;

9.3.Мэдээллийн санг санаатайгаар эвдэх, гэмтээх, устгах, хаах;

9.4.Мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр дотоод сүлжээний холбогч кабелиудыг (UTP) хураах, салгах, шинээр татах;         

9.5.Компьютер болон бусад тоног төхөөрөмжийг асаалттай байхад нэмэлт төхөөрөмж залгах, салгах, доргиох, хөдөлгөх, зөөх;

9.6.Нийтээр ашиглахаас бусад техник хэрэгслийг бусдад дамжуулах;         

9.7.Компьютер, техник хэрэгслийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүй гадагш гаргах, гадны хүнд хэрэглүүлэх буюу дамжуулах;

9.8.Хэрэглэгч нь компьютерийн хурд хэвийн ажиллагааг хангах үүднээс олон програмыг нэг зэрэг нээх, нэг програмыг олон дахин нээн ажиллуулах;

9.9.Албан бус зориулалттай төрөл бүрийн програм, тоглоом дур мэдэн суулгах, үндсэн програмуудад өөрчлөлт хийх, вирустай мэдээлэл оруулах;

9.10.Камер, камерын хадгалах төхөөрөмжийг асаалттай буюу ажиллаж байх үед цахилгааны тэжээлийг салгах, доргиох, хөдөлгөх, дур мэдэн зөөх, камерын байршлыг өөрчлөх, камерын урдуур хааж эд зүйлс тавих

9.11.Камерын бичлэгийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүй хуулбарлан гадагш гаргах, гадны хүнд өгөх буюу дамжуулах;

9.12.Камерын бичлэгийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүй устгах

 

Арав. Эвдрэл гэмтлийг засварлах, сэлбэг хэрэгсэл авах 

10.1.Хэрэглэгч компьютер болон техник хэрэгсэл, програм хангамж ашиглах үед мэргэжилтэн шийдэх боломжтой саатал, бэрхшээл гарсан тохиолдолд түүнд дуудлага өгч засуулна.

10.2.Компьютер болон бүх төрлийн мэдээллийн техник хэрэгсэл, хяналтын камер, бичлэг хадгалах төхөөрөмж зэрэгт эвдрэл гэмтэл гарвал дуудлагын дагуу оношилж, гэмтлийг засварлахад шаардагдах цагийг тогтоон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж, хэрэглэгчийн ажлыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ. Хэрэв засварлах боломжгүй бол Тамгын газрын даргад эвдрэлийн шалтгааныг тайлбарлаж зохих журмын дагуу эд хөрөнгийн бүртгэлээс хасуулж шинээр худалдан авах ажлыг шуурхай зохион байгуулна.

10.3.Ажлын зайлшгүй шаардлагаар хэрэглэгчийн компьютерийг сайжруулан, нэмэлт төхөөрөмж суурилуулж болно.

Арван нэг. Хариуцлага

11.1.Энэхүү журмыг зөрчсөний улмаас сервер компьютер, програм, техник хангамж болон шүүхийн мэдээллийн сан, сүлжээ, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд ямар нэгэн саатал гаргасан, хохирол учруулсан, хувийн зорилгоор ашигласан этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

 

--о0о--

PDF файл хавсаргаагүй байна .