Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны
08 дугаар сарын 24–ны өдрийн 24 дүгээр
тогтоолын 4 дүгээр хавсралт

 

ШҮҮХЭД ЦАХИМ ШУУДАН АШИГЛАН БИЧИГ БАРИМТ ИЛГЭЭХ, ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба доторх мэдээлэл солилцох үйл ажиллагаа болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан бичиг, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй бүх шатны шүүхэд илгээх, хүлээн авах үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн нийт ажилтан бүр албаны цахим хаягтай байх бөгөөд outlook програм ашиглан хоорондоо бүх төрлийн мэдээлэл солилцоно.

1.3.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх бүрт албаны цахим хаяг нээж цахим хэлбэрээр бичиг баримт илгээх, хүлээж авах ажлыг явуулна.

 

Хоёр. Цахим шуудангаар илгээх баримт бичгийн төрөл 

2.1.Цахим шуудангаар дараах бичиг баримт илгээнэ.

2.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаал, албан бичиг, тодорхой асуудлаар гарсан заавар, журам, холбогдох судалгааны маягт болон бусад шаардлагатай мэдээ, мэдээлэл;

2.1.2.Бүх шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд тухайн шүүхийн улирал, хагас, бүтэн жилийн ажлын мэдээ, тайлан, санхүүгийн тайлан, баланс, судалгаа, албан бичиг бусад шаардлагатай мэдээ, мэдээлэл;

 

Гурав. Цахим шуудан илгээх, хүлээн авах 

3.1 Цахим шууданг илгээх, хүлээн авах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд бичиг хэргийн эрхлэгч, бүх шатны шүүхүүдэд Тамгын газрын  архив, бичиг хэргийн эрхлэгч хариуцан гүйцэтгэнэ. Тэдгээрийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын дарга хяналт тавьж ажиллана.

3.2.Цахим шууданг илгээх, хүлээн авах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхэд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.2.1.Цахим шуудан илгээх, хүлээн авах ажил хариуцсан албан тушаалтны ажлын байранд интернет сүлжээнд холбогдсон, техникийн шаардлагыг бүрэн хангасан компьютер болон принтер, скайнер зэрэг төхөөрөмжийг байрлуулж, үйл ажиллагааг хэвийн явуулахад нь зориулж бичгийн цаас, принтерийн хор зэрэг шаардлагатай материалаар хангана.

3.2.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн албан тушаалтан болон шүүхэд нээж өгсөн цахим шуудангийн хаягийг ашиглан мэдээлэл илгээж, хүлээн авах ба уг хаягийг зөвхөн албан ажлын зориулалтаар ашиглана.

3.2.3.Албаны цахим шуудангийн хаягийг худалдаа, сурталчилгааны болон бусад сугалаа, тоглоом зэрэг арилжааны үнэгүй сайтуудад бүртгүүлэхийг хориглоно.

3.3.Цахим шуудан ашиглан бичиг баримт явуулахдаа и-мэйлийн тохиргоонд байх гарын үсэг (Signature)-т байгууллагын нэр, хаяг, утасны дугаар зэрэг, зайлшгүй шаардлагатай мэдээллийг бүртгүүлэн ашиглана.

3.4.Албан бичиг болон бусад мэдээ, мэдээлэл явуулахдаа тухайн баримтыг үйлдсэн албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тамга тэмдэг бүхий хуудсыг скайнер ашиглан зураг хэлбэрээр компьютерт хадгална. Баримт бичигт нэр өгч хадгалахдаа баримтын огноо, дугаарыг хамтад нь бичнэ. Албан тоотоор баримт илгээгээгүй тохиолдолд “Arial”үсгийн фонтыг ашиглан файлын нэрийг үгээр бичиж офисын програмд хийгдсэн байдлаар нь буюу файл хэлбэрээр и-мэйлийн “Attachment”командыг ашиглан явуулна.

3.5.Цахим шуудангаар файл явуулах дээд хэмжээний хязгаарыг заасан байдаг тул цахим шууданг илгээхдээ үүнийг харгалзаж, зурган файлын нягтаршлыг багасгах, шаардлагатай зарим хэсгийг дахин шинэ и-мэйлээр явуулна.

3.6.Цахим шууданг илгээж буй тал нь илгээж буй баримт бичгийн талаар и-мэйлийн захидал бичихэд зориулагдсан талбарт заавал дурьдах ба хүлээж авсан тал нь “Reply”командыг ашиглан хүлээн авснаа эргэж хариу мэдэгдэнэ.

3.7.Бичиг баримтыг цахим шуудангаар илгээж, эх хувийг албан хэрэг хөтлөх болон архивын ажлын зааварт заасны дагуу хадгалах ба цахим шуудангаар холбогдох газарт хүргүүлснийг нотлох зорилгоор нөгөө талаас уг баримт бичгийг хүлээн авсан талаар ирүүлсэн хариуг заавал авч, эх материалд хавсарган хадгална. Хүлээн авагч талаас хариуг аваагүй бол цахим шууданг илгээсэн гэж үзэхгүй.

3.8.Цахим шуудангаар ирсэн албан бичгүүдийг принтерээр хэвлэн авч баримт бичгийн нэгэн адил зохих заавар журмын дагуу бүртгэлд оруулан, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгнө.

3.9.Энэ журамд зааснаас бусад албан тушаалтан цахим шууданг илгээх, хүлээн авах ажиллагаанд оролцох, дамжуулах, бүртгэлд оруулалгүй холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг хориглоно. Түүнчлэн ирсэн баримт бичгийг аливаа шалтгаанаар хүлээн авалгүй удаах, дарагдуулах, хадгалж хэвлэж аваагүй байхдаа устгахыг хориглоно.

3.10.Үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, уг ажлыг хариуцсан ажилтан цахим шууданг байнга шалгаж байна.

3.11.Цахим шуудангийн хайрцаг дахь мэдээллийн хэмжээ хэтэрхий томрох нь и-мэйл серверийн бүтээмжийг эрс бууруулдаг тул шаардлагагүй мэдээллийг тогтмол устгаж байвал зохино.

 

Дөрөв. Бусад 

4.1.Интернэт түгээгч байгууллагатай холбоотой гарсан гэмтэл, техникийн саатлын улмаас и-мэйл ашиглан цахим шууданг илгээх боломжгүй тохиолдолд тухайн хариуцсан ажилтанд хариуцлага тооцох үндэслэл болохгүй. Ийм тохиолдолд өөр интернэт эх үүсвэр болон жирийн шуудангаар хугацаа алдалгүй илгээх арга хэмжээ авна.

4.2.Интернэтийн байнгын, тасралтгүй ажиллагаанд тухайн шүүхийн тамгын газрын дарга хяналт тавьж, холбогдох төлбөр тооцоог цаг тухайд нь хийж байна. Техник хэрэгслэлийн хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах ажлыг тухайн шүүхийн мэргэжилтэн хариуцна.

 

Тав. Хариуцлага

5.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр и-мэйлийг шалгахгүй удаах, баримт бичиг дарагдуулан хугацаа алдагдуулсан, цахим хаягийн нууц үгийг бусдад дамжуулсан этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

 

 

--о0о—

 

PDF файл хавсаргаагүй байна .