Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

   

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                   Дугаар 08                                                                                                                                            Улаанбаатар хот

 

 

          Аргачлал батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.21.а, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг нэгдүгээр, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт” батлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолыг 2016 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                          Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн

08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хэргийн хөдөлгөөнийг нэгдсэн системд бүртгэх, удирдах арга ажиллагаанд энэ аргачлалыг баримтлана.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, ИХШХШТХ болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ аргачлал нийцсэн байна.                

Хоёр.Нэхэмжлэл, хэрэг хүлээн авах

2.1.Нэхэмжлэл хүлээн авах

2.1.1.Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн /цаашид “Ажилтан” гэх/ нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага/-ийг хүлээж авахдаа түүнд дурдсан жагсаалттай нь хавсаргасан баримтуудыг тулгаж, тэдгээрийн эх, хуулбар хувь, гэрчлүүлсэн эсэхийг тэмдэглэж, “Нэхэмжлэл хүлээн авсан тухай” баримт №1-ийг системээс хэвлэж өгнө.

2.1.2.Ажилтан шүүхэд нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага/ хүлээн авсныг “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу баталгаажуулна.

2.1.3.Нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл/-ийг “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ын хавсралтаар баталсан  “Иргэний хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэгдэх бүртгэлийн загвар”-ын /цаашид “Бүртгэл” гэх/ Бүртгэл №1-д, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Бүртгэл №21-д тус тус бүртгэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулна.

2.2.Анхан шатны шүүхэд хэрэг хүлээн авах

2.2.1.Ажилтан дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон хэргийг Бүртгэл №9-д, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр нь хүчингүй болсон хэргийг Бүртгэл №24-д, харьяалал тогтоолгож ирүүлсэн  хэргийг Бүртгэл №10-д тус тус бүртгэн, системээс хуваарилсны дагуу 2.1.2-т зааснаар баталгаажуулна.

2.3.Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хүлээн авах

2.3.1.Анхан шатны шүүхээс давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж ирүүлсэн хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлттэй хэргийг давж заалдах шатны шүүхийн ажилтан, хяналтын шатны шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан шинжээч  ирсэн огноо, цаг хугацааны дарааллаар Бүртгэл №11, №14, №15-д тус тус бүртгэж, энэ аргачлалын 2.1.2-т заасны дагуу баталгаажуулна.

2.4.Өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах

2.4.1.Ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлтийг Бүртгэл №21-д, бусад гомдол, хүсэлтийг Бүртгэл №19-д тус тус бүртгэн, системээс хуваарилсны дагуу энэ аргачлалын 2.1.2-т зааснаар баталгаажуулна.

2.4.2. Шүүгч ИХШХШТХ-ийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаас бусад өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.5.Нэхэмжлэл, хэрэг, маргаан хуваарилах

2.5.1.Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг хуваарилах журам”-ыг мэдээлэл технологийн мэргэжилтэн системд оруулж тохируулна.

2.5.2.Нэхэмжлэл, хэрэг, маргаан /гомдол, хүсэлт/-ыг системээс хуваарилсны дагуу тухайн өдөрт нь шүүгчид хүлээлгэн өгч Бүртгэл №1, №9, №10, №19, №21-д тус тус гарын үсэг зуруулна.

Гурав.Нэхэмжлэл хүлээн авсан шүүгч, шүүгчийн туслахын ажиллагаа

3.1.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах

  1. 3.1.1.“Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай” шүүгчийн  захирамжийг шүүгчийн туслах Бүртгэл №2-д бүртгэн, захирамж гарсан өдрөөс 5 хоногийн дотор нэхэмжлэгчид мэдэгдэнэ.

/Энэ заалтад  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудыг ирж аваагүй, нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, нэхэмжлэлд дурдсан утасны дугаараа сольсон, мэдэгдэх боломжгүй бол шүүгчийн туслах энэ тухай тэмдэглэл үйлдэж, Бүртгэл №2-т бүртгэн, архив-бичиг хэргийн эрхлэгчид хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.

3.2.Иргэний хэрэг үүсгэх

3.2.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэхэд нэгдсэн системээс өгөгдсөн үндсэн индексийг “Хэргийн индексийн журам”-ын дагуу хэргийн хавтсанд шүүгчийн туслах байрлуулна.          

Дөрөв.Хэрэг үүсгэсний дараах ажиллагаа

4.1.Шүүгч, шүүгчийн туслах

4.1.1.Шүүгчийн туслах “Шүүхийн мэдэгдэх хуудас” баримт №2, “Шүүхийн мэдэгдэх хуудас” баримт №17-г системээс хэвлэн тухайн өдөрт нь шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, Бүртгэл №23-д бүртгэнэ. Цахим хаяг, телефон утас, факс, мессэжээр дуудах тохиолдолд “Шүүхийн мэдэгдэх хуудас” баримт №3, “Шүүхийн мэдэгдэх хуудас” баримт №18-ыг тус тус үйлдэнэ. 

Гибрид шуудангийн үйлчилгээ нэвтэрсэн шүүх “Шүүхийн мэдэгдэх хуудас” баримт №2, “Шүүхийн мэдэгдэх хуудас” баримт №17-г шуудангийн програмд бичиж хүргүүлэх бөгөөд  мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай баримтыг програмаас хэвлэн авч хэрэгт  хавсаргана.  

4.1.2.Шүүхийн бичиг хүргэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш хэргийн оролцогчид 3 хоногийн дотор хүргэж, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай баримтыг Бүртгэл №23-д тэмдэглэн  шүүгчийн туслахад хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

4.1.3.Хариуцагч мэдэгдэх хуудас хүлээн авсан огноог шүүгчийн туслах системд бүртгэж, хэрэгт хавсаргана.

4.1.4.“Нэхэмжлэл гардуулсан тухай” баримт №4, “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай” баримт №5, Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт №10, “Иргэдийн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай” баримт №19, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримт”-д хэргийн оролцогч, шүүх хуралдааны оролцогчоор  тус тус гарын үсэг зуруулахдаа холбогдох ажиллагааг хийж, баримтыг хэрэгт хавсаргана.

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан/

4.1.5.“Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг танилцуулах тухай” баримт №14, “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хэргийн оролцогчид танилцуулах /мэдэгдэх/ тухай” баримт №13, “Давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг танилцуулах тухай” баримт №15-д тус тус гарын үсэг зуруулж, тайлбарыг 2 хоногийн дотор ирүүлэх болон шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарлан баримтыг хэрэгт хавсаргана.

4.1.6.Хэргийн оролцогчид болон иргэдийн төлөөлөгчид хэргийг танилцуулж “Хэрэг танилцуулсан тухай” баримт №6, “Иргэдийн төлөөлөгчид хэрэг танилцуулсан тухай” баримт №20-д тус тус гарын үсэг зуруулан хэрэгт хавсаргана.

4.1.7.Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд шинээр орж буй хэргийн оролцогчдод эрх, үүрэг, хэрэг, нөлөөллийн мэдүүлгийг тухайн шатны шүүхийн шүүгчийн туслах танилцуулж “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай” баримт №5, “Хэрэг танилцуулсан тухай” баримт №6, “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримт”-ыг тус тус үйлдэн хэрэгт хавсаргана.

4.1.8. ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах хариуцагчид нэн даруй мэдэгдэж, баримт №7-г үйлдэж хэрэгт хавсаргана.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор нэмсэн/

4.2.Шүүх хуралдааны оролцогчийг албадан ирүүлэх

4.2.1.Шүүх хуралдааны оролцогчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдөрт нь шүүгчийн туслах холбогдох цагдаагийн байгууллагад, хүлээлгэн өгч Бүртгэл №6-д тэмдэглэнэ.

/Энэ заалтад  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4.2.2.Холбогдох цагдаагийн байгууллага уг захирамжийн дагуу ажиллагааг хийж захирамжид заасан хугацаанд тухайн этгээдийг  шүүхэд албадан ирүүлнэ.

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4.2.3.Холбогдох цагдаагийн байгууллага тухайн этгээдийг энэ аргачлалын 4.2.2-т заасан хугацаанд шүүхэд албадан ирүүлээгүй бол энэ талаар бичгээр тайлбар гаргаж өгнө.

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4.3.Шүүх хуралдааны товыг мэдэгдэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах

4.3.1.Тухайн шатны шүүхийн шүүгчийн туслах  шүүгчийн даалгаснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болох тухай “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” баримт №8, “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” баримт №21-г зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгчид тус тус 5-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх буюу мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна.

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан/

“Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №9, “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №22-ыг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирсэн буюу товыг утсаар мэдэгдсэн тохиолдолд үйлдэн хэрэгт хавсаргана.

4.3.2.Шүүх бүрэлдэхүүнд хуралдааны товыг 7-оос доошгүй  хоногийн өмнө мэдэгдэж хэргийн материалыг танилцуулна.

4.3.3.Шүүх хуралдааны зарыг “Шүүхийн шийдвэрийн цахим сан” болон “Шүүхийн мэдээллийн самбар”-т шүүх хуралдаанаас 7 хоногийн өмнө шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн байршуулна.

    Тав.Шүүх хуралдаан

5.1.Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх

 5.1.1. Шүүх хуралдааны явцад талуудын гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн байдлыг шүүгчийн туслах системд бүртгэнэ.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

 5.1.2.Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгч хянаж, албажуулсны дараа шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан хэргийн оролцогчид танилцуулах бөгөөд энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, гарын үсэг зуруулна.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

5.1.3.Хуралдааны явцад хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан өгсөн  тохиолдолд “Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай” баримт №10-д гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана.

5.2.Иргэдийн төлөөлөгч оролцуулах

5.2.1.Шүүх хуралдаан товлогдсон даруйд хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгох талаар шүүгчийн туслах шүүхийн тамгын газарт мэдэгдэнэ.

5.2.2.“Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын дагуу иргэдийн төлөөлөгчийг сонгож шүүх хуралдаанд оролцуулсан талаарх баримтуудыг шүүгчийн туслах хэрэгт хавсаргана. 

5.3.Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол /цаашид “шийдвэр” гэх/-ыг системд байршуулах

5.3.1.Шүүгчийн туслах хэрэг шийдвэрлэсэн тухай товч мэдээллийг тухайн өдөрт нь, шийдвэрийг албажуулсан өдөр бүрэн эхээр нь системд тус тус байршуулна.

5.3.2.Хэргийн оролцогчид шийдвэрийг гардуулан өгөх буюу хүргүүлэхдээ шийдвэрийг цахим санд байршуулах талаар мэдэгдэн “Шийдвэрийг цахим санд байршуулахыг мэдэгдэх тухай” баримт №12-д гарын үсэг зуруулна. Шуудангаар хүргүүлсэн тохиолдолд утсаар мэдэгдэж уг баримтын “тайлбар” гэсэн хэсэгт тэмдэглэнэ.

5.3.3.Шүүхийн тамгын газрын дарга тухайн шүүхийн шийдвэрийг цахим санд хугацаандаа бүрэн, зөв байршсан эсэхэд хяналт тавина.

5.3.4.Шүүхийн шийдвэрийг “Шүүхийн шийдвэрийн цахим сан”-д нийтлэхдээ “Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам”-ыг баримтлах бөгөөд нууцын зэрэглэлтэй хэргийн /төрийн, байгууллагын, хувийн нууцтай холбоотой/ хэргийн оролцогчийн эцгийн болон өөрийн нэр, хуулийн этгээдийн нэрийг хасаж, шийдвэрийн зөвхөн удиртгал болон тогтоох хэсгийн агуулгыг нийтэлнэ.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

5.4.Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гарсан гомдол

5.4.1.Шүүгчийн туслах гомдлыг хэргийн бусад оролцогчдод гомдол ирсэн өдөрт нь  мэдэгдэж, “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хэргийн оролцогчид  танилцуулах /мэдэгдэх/ тухай” баримт №13-д гарын үсэг зуруулан хэрэгт хавсаргана.

5.4.2.Гомдол хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод 1-ээс доошгүй хоногийн өмнө шүүгчийн туслах мэдэгдэж, “Шүүхийн мэдэгдэх хуудас” баримт №3-ыг үйлдэнэ.

5.4.3.Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гарсан өдөрт нь хэргийн оролцогчдод шүүгчийн туслах мэдэгдэж “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай” баримт №7-г үйлдэн хэрэгт хавсаргана.

5.4.4.Нэхэмжлэгч шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор буцаасан нэхэмжлэлийг өөрийн бүрдүүлсэн нотлох баримтын хамт буцаан авахыг хүсвэл шүүгчийн туслах түүний хүсэлтийг бичгээр авч, нэхэмжлэлийн хуулбарыг өөрийнх нь бүрдүүлж өгсөн нотлох баримтын хамт буцаан өгнө. Энэ тухай тэмдэглэл үйлдэж, Бүртгэл №2-д гарын үсэг зуруулна. Тухайн хэрэгт хариуцагч нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд уг баримтыг авах хүсэлт гаргавал энэ аргачлалын 5.4.4 үйлчилнэ.

/Энэ заалтад  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

Зургаа.Хэргийг хянан шийдвэрлэсний дараах ажиллагаа

6.1.Шийдвэрийг гардуулах

6.1.1.Тухайн шатны шүүхийн шүүгчийн туслах шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулан өгөх буюу хүргүүлж,  энэ тухай системд бүртгэн “Шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай” баримт №11-д гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана. 

6.1.2.Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн туслах магадлал, тогтоолыг энэ аргачлалын 6.1.1-д зааснаар гардуулаагүй тохиолдолд гардан аваагүй  хэргийн оролцогчийн тоогоор магадлал, тогтоолыг хэргийн хамт анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

6.1.3.Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах хэрэг ирснээс хойш 3 хоногийн дотор хэргийн оролцогчдод гардуулах буюу хүргүүлж, “Шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай”  баримт №11-ийг хэрэгт хавсаргана.

6.2.Хэргийг архивт шилжүүлэх

6.2.1.Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг хэрэгт бүрэн оруулж, баримт бичгийн стандартын дагуу эмхлэж “Хэргийг хөтлөх, эмхлэх тухай” баримт №16-г үйлдэн шүүгчид хянуулна.

6.2.2.Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуустал хэргийг шүүгчийн туслах хадгална.

6.2.3.Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тухайн  хэргийг Бүртгэл №8-д бүртгэж архивт хүлээлгэн өгнө.

6.2.4.Шүүгчийн туслах хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүсэлтийн хамт тухайн хэрэгт нь хавсаргана.

6.3.Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэх

6.3.1.Шүүгчийн туслах хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэхээр Бүртгэл №20-д тэмдэглэн шүүхийн захиргааны ажилтанд хүлээлгэн өгч хэргийг системээр хүргүүлнэ.

/Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 51 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан/

6.4.Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн туслах

6.4.1.Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүйд тооцсон, гомдлыг хэлэлцэхээс татгалзах тухай захирамж гарвал 3 хоногийн дотор хэргийн оролцогчдод мэдэгдэж “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хэргийн оролцогчид танилцуулах /мэдэгдэх/ тухай” баримт №13-д тэмдэглэн, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, Бүртгэл №20–д бүртгэж, шүүхийн захиргааны ажилтанд хүлээлгэн өгнө.

6.4.2.Шүүгчийн туслах энэ аргачлалын 4.3, 5.1, 5.3, 5.4.3, 6.1-д  заасан ажиллагааг гүйцэтгэнэ.

6.5.Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

6.5.1.Магадлал, тогтоолыг гардуулан өгсөн буюу хүргүүлснээс хойш 3 хоногийн дотор хэргийг системд бүртгэж, анхан шатны шүүхэд хүргүүлэхээр Бүртгэл №20-д тэмдэглэн шүүхийн захиргааны ажилтанд өгнө.                                                                    

Долоо.Бусад

7.1.Энэ аргачлалын хэрэгжилтэд шүүгч, шүүхийн тамгын газрын дарга хяналт тавьж ажиллана.

7.2.Системийн хэрэглэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүртгэхдээ горимын дагуу ажиллах, болзошгүй алдаанаас сэргийлэх, хариуцлагатай, анхаарал болгоомжтой хандах үүрэгтэй. Үүнд шүүгч, тамгын газрын дарга хяналт тавьж ажиллана.

7.3.Системийн хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих, засварлах, хөгжүүлэх, өргөжүүлэх, шүүгч, ажилтныг сургах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газар, Мэдээлэл технологийн хэлтэс хариуцна.

Найм. Хариуцлага

8.1.Энэ аргачлалыг зөрчсөн системийн хэрэглэгчдэд Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

                                                                                                                                                                                     

 

-oOo-