Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВТО ЗАМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр                                                                Дугаар 03                                                                                                 Улаанбаатар хот

                                                                                        

 

 

Шүүхийн архивын ажиллах журам батлах тухай

 

 

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.21г, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

                      1.”Шүүхийн архивын ажиллах журам”-ыг нэгдүгээр, “Шүүхийн архивын бүртгэлийн маягт” (Маягт 1-14) -ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

                      2.Энэ тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

                     3. Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч /С.Нэргүй/ болон бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

 

                    4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүхийн архивын ажиллах журам” батлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

           

 

                                                                ДАРГА                                                          Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016

оны 02 дугаар сарын 03-ны өдрийн

03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ШҮҮХИЙН АРХИВЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн архив нь архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, салбар архивын чиг үүргийг тогтоох, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, архивт хэрэг, баримт бичиг /цаашид “баримт" гэх/ хүлээн авах, хадгалах, данс, бүртгэл хөтлөх, баримтыг сэлбэх, сэргээн засварлах, архивын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

                                                                                   

            1.2.Эрүүгийн хэрэг, баримтыг архивт хадгалах, шилжүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг хуульд заасны дагуу тусгай журмаар зохицуулна.

 

1.3.Шүүхийн захиргааны тухай хууль, Архивын тухай хууль, Төр, Байгууллага, Хувь хүний нууцын тухай хууль, Шүүхийн төрөлжсөн архивын дүрэм, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

 

Хоёр. Архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих

 

2.1.Архивын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, архивын хууль тогтоомжид үйл ажиллагаа, дүрэм, журмыг нийцүүлэх, боловсронгуй болгох, биелэлтэд хяналт тавих ажлыг тогтмол хэрэгжүүлнэ.

 

2.2.Архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрөлжсөн архиваас салбар архивт, салбар архиваас ажилтанд удирдамж чиглэл өгөх, үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

 

2.3.Архивын ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулна.

 

2.4.Төрөлжсөн болон салбар архивт шаардлагатай дэд бүтэц, техник хэрэгслийн судалгааг гаргах, жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээ авна.

 

2.5.Архивын эрхлэгч архивын байрны аюулгүй байдлын баталгааг хангах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулна.

 

2.6.Архивын эрхлэгч нь архивын ажлыг боловсронгуй болгох асуудлаар Шүүхийн тамгын газар болон холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж, Шүүхийн ерөнхий зөвлөлд санал, хүсэлт гаргана.

 

 

Гурав.Салбар архивын чиг үүргийг тогтоох, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх

 

            3.1.Салбар архивын чиг үүргийг архивын хууль тогтоомжид нийцүүлэн, Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцуулснаар Төрөлжсөн архивын эрхлэгчийн тушаалаар тогтооно.

           

3.2.Төрөлжсөн архивын эрхлэгч архивт мөрдөх заавар, аргачлалыг батлах, өөрчлөх, хүчингүй болгох ажлыг Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай зөвшилцөн эрхлэн гүйцэтгэнэ.

            3.3.Архивын үйл ажиллагаанд хэрэглэх гарын авлага, арга зүйн зөвлөмж, мэдээллээр хангах ажлыг Төрөлжсөн архив хариуцна. 

 

            3.4.Төрөлжсөн архивын эрхлэгч салбар архивын үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, даалгавар, зөвлөмж өгч ажиллана.

 

Дөрөв. Баримт хүлээн авах

 

4.1.Төрөлжсөн болон салбар архив баримтыг хөмрөг үүсгэгч байгууллагаас хүлээн авч, сан хөмрөг бүрдүүлнэ.

4.2.Архив Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан зааврын дагуу баримтыг хүлээн авна.

4.3.Төрөлжсөн архив жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор архивын баримт хүлээн авах хуваарь гаргаж салбар архивт мэдэгдэнэ.        

4.4.Төрөлжсөн архивт Байгууллагын архивын үндсэн зааварт заасны дагуу судлаач-архивч баримтыг хадгаламжийн нэгж тус бүрээр шалгаж хүлээн авна. Ахлах архивч баримт хүлээн авах ажиллагаанд хяналт тавина. Баримтыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан бүртгэлийг Маягт 1, 2-ын дагуу тус бүр 2 хувь үйлдэж, архив тус бүрт хадгална.

4.5.Хүлээн авсан баримтын бүртгэлийг хайлтын шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр хадгална.

 

4.6.Салбар архивын хүлээн авах баримтын жагсаалтыг тамгын газрын дарга болон эрх бүхий албан тушаалтан батлана.

           

            4.7.Салбар архивт Байгууллагын архивын үндсэн зааварт заасны дагуу архивч баримтыг хадгаламжийн нэгж тус бүрээр шалгаж хүлээн авна. Тамгын газрын дарга баримт хүлээн авах ажиллагаанд хяналт тавина. Баримтыг хүлээн авсан бүртгэлийг Маягт 2-ын дагуу тус бүр 2 хувь үйлдэж архивт хадгална.

 

4.8.Архивч баримтыг дагалдаж ирсэн нотлох баримтыг хүлээн авна. Нотлох баримтын нэр, тоо ширхэгийг уг хадгаламжийн нэгжийн бүртгэлийн тайлбар хэсэгт жагсааж, тэмдэглэл үйлдэнэ.

           

            4.9.Архивч төрөлжсөн архивын баримт хүлээн авах хуваарийн дагуу баримтыг данс, бүртгэлийн хамт төрөлжсөн архивт хүлээлгэн өгнө.

 

Тав. Архивын баримтын данс, бүртгэл хөтлөх,

 

            5.1.Архивын баримтын данс, бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр хөтөлнө.

 

5.2.Архивын ажилтан энэ журмын хавсралтад заасан маягт/1-14/-ийн дагуу данс, бүртгэлийг хөтөлж, хөдөлгөөнийг тэмдэглэнэ.

           

            5.3.Архивын баримтын данс, бүртгэлийг энэ журмын хавсралтад заасан маягт/1-14/-ийн дагуу төрөлжүүлэн хөтөлнө.

 

Зургаа. Архивын баримт хадгалах

 

            6.1.Хууль тогтоомжид заасан горимын дагуу баримтыг архивын ажилтан ангилж, хадгалж, хамгаална.

           

            6.2.Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын горимыг архивын эрхлэгч, тамгын газрын дарга Архивын хууль тогтоомжид заасны дагуу сахиулна.

 

Долоо. Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн засварлах

 

            7.1.Сэлбэн засах шаардлагатай баримтыг жил бүр жагсаалт гаргаж эсвэл тухай бүр “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-т заасны дагуу хийнэ.

7.2.Баримтыг сэлбэн засах ажлыг архив өөрөө хийнэ. Сэргээн засварлах ажлыг лабораторид хийлгэнэ.

            7.3.Баримтыг сэлбэн засах, сэргээн засварлах ажлыг  дараах үе шаттайгаар хийнэ:

                        7.3.1.гэмтэлтэй баримтыг илрүүлж, бусад баримтуудаас тусгаарлах;

           

                        7.3.2.гэмтэлтэй баримтыг бүртгэж, гэмтлийн зэрэг, төрлийг тодорхойлох;

                       

                        7.3.3.баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутгах.

 

            7.4.Төрөлжсөн архивын эрхлэгч, салбар архивын архивч сэлбэн засах, сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах арга хэмжээг авна.

             

Найм. Архивын үйлчилгээ үзүүлэх

 

8.1.Архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

 

8.2.Архивын лавлагаа, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно:

 

8.2.1.иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг;

 

8.2.2.байгууллага, хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар/;

 

8.2.3.зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт.

 

8.3.Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "хуулбар үнэн" тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.

 

8.4.Баримтыг шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 30 хүртэл хоногийн хугацаатайгаар түр шилжүүлнэ. Хугацаа дууссан тохиолдолд шүүхээс ирсэн хүсэлтийн дагуу сунгаж болно.

 

8.5.Баримтыг түр олгож ашиглуулсны дараа архивын ажилтан баримтын бүрдэл, бүрэн бүтэн байдлыг нарийвчлан шалгаж хүлээн авна.

 

            8.6.Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх, хуулбарлах зөвшөөрлийг эрхлэгч, тамгын газрын дарга олгоно.

 

8.7.Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно:

 

8.7.1.зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах;

 

8.7.2.баримтыг засварлах, бохирдуулах, хуудас, хавтсыг нугалах, салгаж авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх;

 

8.7.3. баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах.

 

8.8.Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй.

 

8.9.Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас бусад иргэд, байгууллагад архивын баримтын үйлчилгээ үзүүлэхэд  Гүйцэтгэх нарийн бичгийн даргын баталсан шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх үнийн тарифын дагуу хураамж авна. Үйлчилгээний хураамжийг дансаар авч, зориулалтын дагуу архивын  зардалд зарцуулна.

 

Ес. Архивын тайлан, мэдээ гаргах

 

            9.1.Салбар архив дотоод ажлын болон архивын тооллогын хагас /6 дугаар сарын 25-ны дотор/, бүтэн/12 дугаар сарын 25-ны дотор/ жилийн мэдээ, тайланг маягт/11а,11б/-ын дагуу гаргаж, төрөлжсөн архивт хүргүүлнэ.

 

9.2.Төрөлжсөн архив нэгдсэн тайлан, мэдээг 1 дүгээр сарын 15-ны дотор  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд ирүүлнэ.

            9.3.Төрөлжсөн архивын ажилд зайлшгүй шаардагдах судалгаа, мэдээг салбар архиваас тайлангийн хугацаа харгалзахгүйгээр гаргуулж авч болно.

 

Арав. Бусад

 

10.1.Төрөлжсөн архив шүүхийн архивын тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулан холбогдох байгууллагад уламжилна.

 

            10.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжтэй хамтран гадаад улсын ижил төрлийн байгууллагатай холбоо тогтоон, харилцан туршлага солилцоно.

 

10.3. Энэ журмыг зөрчсөн ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

 

 

 

 

 

 

-оОо-