Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2014 оны 11 дүгээр

сарын 21-ний өдөр

Дугаар 130

Улаанбаатар

                                                                  хот

 

 

Журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  ТОГТООХ нь:

            1.“Албан орон сууц эзэмшүүлэх журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

            2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

            3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2008 оны 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 4.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

                          ДАРГА                                               Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны

11 дүгээр сарын 21-ний өдрийн 130 дугаар

тогтоолын хавсралт

АЛБАНЫ ОРОН СУУЦ ЭЗЭМШҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгч, шүүхийн ажилтан албаны орон сууц эзэмших, ашиглах харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйл болон бусад хууль, тогтоомжид энэ журам нийцсэн байна.

1.3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн байгууллага албаны орон сууцтай байна.

Хоёр.Албаны орон сууц эзэмшүүлэхэд баримтлах зарчим

2.1 .Шударга, ил тод, нээлттэй байх.

2.2.Шинээр болон сэлгэн, шилжин ажилласан шүүгчид эхний ээлжид эзэмшүүлнэ.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.3.Тухайн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх.

2.4.Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас албаны орон сууц эзэмшүүлэх шаардлага бий болох.

2.5.Албаны орон сууц эзэмших хүсэлт гаргагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газраас олгосон орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй байх.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэмсэн./

2.6. Энэ журмын 2.2-т заасны дагуу тухайн шүүхийн шүүгчээс албаны орон сууц эзэмших хүсэлт гаргаагүй тохиолдолд журмын 2.5-д заасан шаардлага хамаарахгүй бөгөөд шүүхийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, цаашид ажиллах ажилтанд эзэмшүүлж болно.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэмсэн./

Гурав.Хүсэлт гаргах

3.1.Шүүгч. шүүхийн ажилтан /цаашид "хүсэлт гаргагч" гэх/ дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

3.1.1 .үндэслэл бүхий хүсэлт;

3.1.2.үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай лавлагаа;

3.1.3.тухайн шүүхийн байгууллагын шүүгч, ажилтны хурлын тэмдэглэл; 3.1.4.оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт;

3.1.5.хүсэлт гарагчийн болон гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

3.2.Албаны орон сууц эзэмших хүсэлтийг шүүхийн захиргааны байгууллагад гаргана.

Дөрөв.Албаны орон сууц эзэмшүүлэх

4.1.Хүсэлтийг хүлээн авч бүртгэж, нягтлан шалгах ажиллагааг тухайн шүүхийн тамгын газрын даргын[1] тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулж, саналаа шүүгч, ажилтны хуралдаанд[2] танилцуулж, шийдвэрлүүлнэ.

4.2.Албаны орон сууц эзэмшигчтэй тухайн шүүхийн тамгын газрын дарга[3] гэрээ байгуулна. Албаны орон сууцыг шүүхийн тамгын газрын даргад эзэмшүүлэх тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай гэрээ байгуулна.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэмсэн./

4.3.Албаны орон сууц ашиглах, засвар үйлчилгээ хийх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, чанарыг дордуулахгүй байх зэрэг бусад харилцааг албаны орон сууц эзэмшүүлэх гэрээгээр зохицуулна.

4.4.Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээний загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба гаргаж, холбогдох нэгжид хүргүүлнэ.

4.5.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан албаны орон сууцыг эзэмших хугацаа хоёр жил хүртэл байна. Гэрээний хугацааг нэг удаа нэг жилийн хугацаагаар сунгаж болно. Гэрээний хугацаа сунгах эсэхийг шүүгч, ажилтны хурлаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэмсэн./

Тав.Бусад

5.1.Албаны орон сууц эзэмшигч нь албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан, огцорсон, эсхүл орон сууцтай болсон, ашиглалт зориулалтыг өөрчилсөн, орон сууцны дэмжлэг авсан, албаны орон сууц эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ журмын 4.2-д заасан гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.

-оОо-

 



[1] Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулна.

[2] Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

[3] Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга байгуулна.

 

PDF файл хавсаргаагүй байна .