Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр                                                                                     Дугаар 09                                                                                                                 Улаанбаатар хот                                                                                               

 

 

Журам батлах тухай 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 8 дугаар зүйлийн 8.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах  журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Тангаргийн хуудасны загвар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхан шатны бүх шүүхийн Тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Н.Дагва/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралт “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 2 дугаар бүлгийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоолын бусад хэсгийг Шүүхийн тухай багц хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас боловсруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал баталж, хүчин төгөлдөр мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГА                                          Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн

09 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

   Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид "иргэдийн төлөөлөгч" гэх/-ийг сонгон шалгаруулах, ажиллуулах арга, ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн тухай хууль болон  бусад холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна. 

 

Хоёр.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлэх

          2.1.Шүүхийн тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийн шаардлага хангасан иргэдээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон жишиг тоог баримталж, тусгай програм ашиглан санамсаргүй байдлаар сонголт хийнэ.

              /Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

          2.2.Тухайн шүүхийн тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ сонголтоор мэдээллийн санд орсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг цахим болон бичгийн хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/-д ирүүлнэ. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг батална.

2.3.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө шинэчлэх ажлыг жил бүр зохион байгуулна.   

2.4.Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэн шүүх хуралдааны шийдвэр гарснаас хойш 12 сарын  дараа эсхүл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн тухайн жилд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдоогүй тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад дахин орж болно.

          2.5.Иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаас татгалзах хүсэлтээ иргэн сонгогдсон хугацааны аль ч үед Тамгын газарт гаргаж болно.   

 

Гурав.Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах 

3.1.Иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо нэрсийн нэгдсэн жагсаалтаас долоо хоног тутам шүүх хуралдаанд оролцох 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар гарган тэдгээрийг тухайн шүүхэд хянагдаж байгаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн эсэхийг нягтлан шалгаж, тухайн 7 хоногт шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн дэд жагсаалтыг шүүхийн Тамгын газрын дарга батална.  

3.2.Шүүх хуралдааны тоо, нэрсийн дэд жагсаалтад орсон иргэдийн төлөөлөгч оролцох боломжгүй болсон зэргээс шалтгаалан шаардлагатай тохиолдолд дэд жагсаалтыг долоо хоногт хэдэн ч удаа гаргаж болно.

3.3.Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ журмын 3.1-д заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх хуралдаанд орох гурав хүртэл, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна. Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн дэд жагсаалтад нэр нь орсон 10-15 хүний нэрийг дугаарлан, сугалааг бэлтгэнэ. Тухайн шүүх хуралдааныг даргалагч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар тус бүр нэг сугалаа сугалж, хамгийн бага дугаартай иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд сонгогдсонд тооцно.  

              /Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

3.4.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн Тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ. Энэ тохиолдолд сугалаагаар нөөцөд үлдсэн 2 иргэдийн төлөөлөгчөөс сугалааны хамгийн бага дугаартайг сонгож, шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ.

3.5.Шүүх хуралдаанд оролцуулахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрийн нууцлалыг Тамгын газар хариуцах бөгөөд шүүх хуралдааны өмнө задруулсан тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

3.6.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн санг Тамгын газар бүрдүүлж, Ерөнхий зөвлөлийн нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, архивт хадгална. 

 

Дөрөв.Иргэдийн төлөөлөгчөөр ажиллуулах

  

4.1.Иргэдийн төлөөлөгч нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан иргэн байна.

 

4.2.Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөл, шаардлагатай мэдээлэл, хууль тогтоомж, дүрэм, журам бүхий гарын авлагаар хангах, сургах асуудлыг Тамгын газар хариуцан зохион байгуулна.

 

4.3.Иргэдийн төлөөлөгч ажиллах нөхцлөө хангуулахад шаардлагатай асуудлаар Тамгын газарт хандан шийдвэрлүүлнэ.

 

4.4.Иргэдийн төлөөлөгчийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөг Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны сургалтын асуудал хариуцсан нэгжийн саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл батална.

 

4.5.Тамгын газар сургалтын нэгдсэн төлөвлөгөөний чиглэлийн дагуу сургалтыг зохион байгуулна.

4.6ргэдийн төлөөлөгч нь түүний хараат бус байдалд нөлөөлөх оролдлого гаргасан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хавтаст хэрэгт хавсаргана.

4.7.Шүүгчийн туслах нөлөөллийн мэдүүлгийн талаар иргэдийн төлөөлөгчид танилцуулж, баримтжуулна.

 

Тав.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох

                                                                     /Энэ хэсгийн гарчгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

5.1.Шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнд шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө хүргүүлэн мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулна. Шүүхийн мэдэгдэх хуудсыг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг иргэдийн төлөөлөгчид, 1 хувийг хэрэгт хавсаргана.  

5.2.Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүхийн мэдэгдэх хуудсыг биечлэн гардуулах боломжгүй бол утсаар мэдэгдэж, тэр тухайгаа тэмдэглэл үйлдэж баталгаажуулна. Утсаар мэдэгдсэнийг шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан гэж үзнэ.  

5.3.Сонгогдсон иргэдийн төлөөлөгч тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжтой гэж мэдэгдсэн бол шүүхийн Тамгын газар ажил олгогчид шүүх хуралдааны өмнөх өдөр мэдэгдэл хүргүүлнэ.  

5.4.Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцохоос 1-ээс доошгүй цагийн өмнө эдлэх эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар дахин мэдээлэл өгч, энэ талаар баримтжуулах ажлыг Тамгын газар хариуцан зохион байгуулна.

 5.5.Иргэдийн төлөөлөгч Тамгын газраас өгсөн мэдээлэлтэй танилцсаны дараа тангараг өргөнө.

 5.6.Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үед хэргийн оролцогч, оролцогч, бусад оролцогчдод асуулт тавих, нотлох баримт шинжлэн судлах, зөвлөлдөх тасалгаанд санал гаргах, санал зөрвөл тусгай санал бичих, татгалзан гарах, татгалзан гарах тухай хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг холбогдох хуульд заасны дагуу зохицуулна.     

5.7.Сонгогдсон иргэдийн төлөөлөгч тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал шүүх хуралдаанд оролцоно.    

5.8.Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас хойш долоо хоногийн дотор шүүхэд ирж, шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна.  

              /Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 56 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

5.9.Иргэдийн төлөөлөгч Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зөрчил гаргасан бол Тамгын газрын саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад дахин оруулахгүй

5.10.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, статистик мэдээг улирал тутам Ерөнхий зөвлөлийн Судалгаа, мэдээллийн төвд ирүүлнэ.   

5.11.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнийг хуульд заасны дагуу татгалзан гаргах хүсэлт гаргаагүй, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцоогүй бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр Тамгын газар шүүхэд гомдол гаргана. 

5.12.Ажил олгогч нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр Тамгын газар шүүхэд гомдол гаргана. 

 

Зургаа.Иргэдийн төлөөлөгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах

6.1.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг үндэслэн "Шүүхийн хамгаалалтын тухай журам"-аар зохион байгуулна.

6.2.Энэ журмын 4.6, 4.7-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан хангана.  

 

Долоо. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах

7.1.Энэ журамд Ерөнхий зөвлөлийн тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж болно.