Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

                                             Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны

01 дүгээр сарын 27-ны өдрийн

20 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ШҮҮХИЙН ШАГНАЛЫН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн захиргааны ажилтныг шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, олгохтой холбогдсон харилцааг Шүүхийн шагналын журам (цаашид “журам” гэх)-аар зохицуулна. 

1.2.Шударга ёсыг тогтоох, хууль ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагааны ил тод, хүртээмжтэй байдлыг хангахад бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагч, бусад байгууллагын ажилтан, Монгол Улсын болон гадаад улсын иргэн (цаашид “иргэн” гэх)-д энэ журамд заасан шагналыг олгож болно.

Хоёр.Шагналын төрөл

2.1.Шүүхийн шагнал нь дор дурдсан төрөлтэй байна:

2.1.1.“Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг;

2.1.2.Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”;

2.1.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”;

2.1.4.“Шударга ёсны элч” цол, тэмдэг;

2.1.5.Монгол Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”;

2.1.6.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”.

Гурав.“Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг

3.1.“Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгийг шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, шүүхийн байгууллагад 12-оос доошгүй жил ажилласан шүүхийн захиргааны ажилтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгоно.

3.2.“Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг нь хувийн дугаар, үнэмлэхтэй байна. Мөнгөн урамшууллын хэмжээ 300.000 (гурван зуун мянга) төгрөг байна.

3.3.Журмын 3.2-т заасан мөнгөн урамшууллыг шагнуулахаар тодорхойлсон байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлж шийдвэрлэсэн бол тус Зөвлөл олгоно.

Дөрөв.Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”

4.1.Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ийг шүүхийн байгууллагад 12-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, шүүхийн шинэтгэлд бодитой хувь нэмэр оруулсан шүүхийн захиргааны ажилтан, төрийн албан хаагч, иргэнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар олгоно.

4.2.Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг” нь хувийн дугаар, үнэмлэхтэй байна. Мөнгөн урамшууллын хэмжээ 200.000 (хоёр зуун мянга) төгрөг байна.

4.3.Журмын 4.2-т заасан мөнгөн урамшууллыг шагнуулахаар тодорхойлсон байгууллага, Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж шийдвэрлэсэн бол тус шүүхээс олгоно.

                        Тав.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”

5.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ийг шүүхийн байгууллагад 10-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, шүүхийн шинэтгэлд бодитой хувь нэмэр оруулсан шүүхийн захиргааны ажилтан, төрийн албан хаагч, иргэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгоно.

5.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг” нь хувийн дугаар, үнэмлэхтэй байна. Мөнгөн урамшууллын хэмжээ 200.000 (хоёр зуун мянга) төгрөг байна.

5.3.Журмын 5.2-т заасан мөнгөн урамшууллыг шагнуулахаар тодорхойлсон  байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлж шийдвэрлэсэн бол тус Зөвлөл олгоно.

Зургаа.“Шударга ёсны элч” цол, тэмдэг

6.1.“Шударга ёсны элч” цол, тэмдгийг шүүх эрх мэдлийн шинэтгэлд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын болон Монгол Улсын иргэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгоно.

6.2.“Шударга ёсны элч” цол, тэмдэг нь хувийн дугаар, үнэмлэхтэй байна. Мөнгөн урамшууллын хэмжээ 200.000 (хоёр зуун мянга) төгрөг байна.

Долоо.Монгол Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”

7.1.Монгол Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”-ийг шүүх, хууль зүйн салбарт 5-аас доошгүй жил идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан шүүхийн захиргааны ажилтан болон төрийн албан хаагч, иргэнд Монгол  Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар олгоно.

7.2.Монгол Улсын дээд шүүхийн “Жуух бичиг” нь хувийн дугаартай байна. Мөнгөн урамшууллын хэмжээ 100.000 (нэг зуун мянга) төгрөг байна.

Найм.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”

8.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ийг шүүх эрх мэдлийн салбарт хувь нэмрээ оруулж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан шүүхийн захиргааны ажилтан, төрийн албан хаагч, иргэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгоно.

8.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ийн мөнгөн урамшууллын хэмжээ 100.000 (нэг зуун мянга) төгрөг байна.

Ес.Шагналд тодорхойлох, шийдвэрлэх

9.1. Шагналд дараах журмаар нэр дэвшүүлнэ. Үүнд:

9.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхийн захиргааны ажилтныг тухайн байгууллагын хамт олны хурлаас;

9.1.2.Монгол Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн санаачилж, нэр дэвшүүлснээр;

9.1.3.бусад байгууллагын ажилтан, иргэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны санал, эсхүл тухайн байгууллагын тодорхойлолтоор.

9.2.Энэхүү журмын 9.1-д заасан шагналд нэр дэвшүүлсэн материал, холбогдох баримт бичгийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим, эсхүл цаасан хэлбэрээр ирүүлсэн байна.

9.3.Журмын 9.4-т заасан материалыг ирүүлэхдээ хугацаа хожимдуулсан, хуурамчаар бүрдүүлсэн, шагналд нэр дэвшүүлэх болзол шаардлага хангаагүй албан хаагчийг нэр дэвшүүлсэн тохиолдолд шагнал олгох асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд холбогдох материалыг буцаана.

9.4.Шагналд нэр дэвшүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

9.4.1.баталсан загварын анкет /цээж зураг 3х4/;

9.4.2.байгууллагын хамт олны хурлын тэмдэглэл;

9.4.3.ажил байдлын тодорхойлолт (урьд нь шагнагдсан байдлыг тусгах);

9.4.4.онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримтын хуулбар;

9.4.5.шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг.

9.5.Шагналд нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолтод салбарын хөгжил, байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, ажлын амжилт, бүтээлийн талаар тодорхой дурдсан байх бөгөөд холбогдох үзүүлэлт, баримтыг  хавсаргасан байна.

Арав.Шагнал олгох

10.1.Журмын 9.4-т заасан бүрдүүлбэрийг холбогдох нэгж хянан саналаа удирдлагад танилцуулна.

10.2.Журамд заасан шагналаар шагнагдсан шүүхийн захиргааны ажилтан, иргэнд шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулна. Биечлэн гардуулах боломжгүй тохиолдолд шагналыг холбогдох тушаалын хуулбарын хамт шагналд нэр дэвшүүлсэн байгууллагад хүргүүлнэ.

10.3.Журамд заасан цол, тэмдэг, үнэмлэх, жуух бичгийг үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн, алдсан тохиолдолд нөхөн (зохих үнээр нь) олгож болно.

10.4.Журмын 10.3-т заасны дагуу өргөдлийг хянан үзэж тэмдэг, үнэмлэх, жуух бичгийг нөхөн олгох үндэслэлтэй тохиолдолд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

10.4.1.нөхөн олгож өгөхийг хүссэн өргөдөл;

10.4.2.иргэний үнэмлэхийн хуулбар;

10.4.3.шагналын үнэмлэхийн хуулбар;

10.4.4.төлбөр тушаасан баримт.

                                              Арван нэг.Бусад

11.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь шагналын мэдээллийн сантай байна. Санг хариуцсан ажилтан хөтөлнө.

11.2.Журмын 11.1-д заасан мэдээллийг Шүүхийн хүний нөөцийн программд ажлын алба, шүүхийн Тамгын газар тухай бүр бүртгэж, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу тухайн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, шагналын үнэмлэхийн хуулбарыг хадгална.

11.3.Хувийн ашиг сонирхлын үүднээс бусдад давуу тал олгосон болон бусад хэлбэрээр журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага ногдуулна.

 

 

 

---оОо---