Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                                                                           Дугаар 78                                                                                                                              Улаанбаатар хот

 

 

Аргачлал, загвар батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.21.а, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг нэгдүгээр, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт” батлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

ДАРГА                                               Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны

 12 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛ

 

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем /цаашид “систем” гэх/-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүртгэх, хяналт тавих, удирдах арга, ажиллагаанд энэ аргачлалыг баримтална.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ аргачлал нийцсэн байна.

1.3.Шүүгч захиргааны хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдана.

ХОЁР.СИСТЕМ АШИГЛАХ

2.1.Захиргааны хэргийн хөдөлгөөнийг удирдах арга, ажиллагаанд системийг ашиглана.

2.2.Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг хуваарилах журам”-ыг мэдээллийн технологийн мэргэжилтэн системд тохируулна.

2.3.Системийн хэрэглэгч /цаашид “хэрэглэгч” гэх/ гэж нэвтрэх нэр, нууц үгтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг хэлнэ. Хэрэглэгч бүр өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг чандлан хариуцна.

2.4.Хэрэглэгч бүрээс шүүхийн нууц хамгаалах ажилтан шүүхийн албаны нууцын баталгаа гаргуулан авна.

2.5.Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн /цаашид “Ажилтан” гэх/ хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, дүгнэлт, даалгавар ирсэн даруйд системд бүртгэж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилсныг шүүгчид хүлээлгэн өгнө.

2.6.Хэрэглэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эрх зүйн акт /нууцад хамаарахаас бусад/, баримт бичгийг хуулийн хугацаанд эцэслэн боловсруулж, системд бүртгэж, бүрэн хадгална.

2.7.Системийн ашиглалт, үйл ажиллагаанд шүүгч, шүүхийн тамгын газрын дарга хяналт тавина.

ГУРАВ.НЭХЭМЖЛЭЛ, ХЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ АЖИЛЛАГАА

3.1.Анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авах

3.1.1.Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, нэхэмжлэлийн ихэсгэсэн буюу өөрчилсөн шаардлага /цаашид “Нэхэмжлэл” гэх/-ыг тухайн  шүүхийн ажилтан 7 хоногийн ажлын бүх өдрүүдэд, ажлын цагт ямар нэг хязгаарлалт тогтоолгүйгээр хүлээн авч, “Захиргааны хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэгдэх бүртгэл”-ийн /цаашид “Бүртгэл” гэх/ Бүртгэл №1-д бүртгэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулна. 

3.1.2.Ажилтан нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүнд дурдсан жагсаалттай нь хавсаргасан нотлох баримтуудыг тулгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар /цаашид “Баримт” гэх/-ын “Шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан тухай” Баримт №1-ийг хэвлэж өгнө.

3.1.3.Ажилтан дээрх баримт материалыг хүлээн авч, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу тэмдэг дарж, баталгаажуулна.

3.1.4.Тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг, маргааныг энэ аргачлалын 3.1.1-3.1.3-т заасны нэгэн адил хүлээн авч, бүртгэнэ.

3.2.Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх хүсэлтийг хүлээн авах, хүлээлгэн өгөх

3.2.1.Ажилтан нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт хүлээн авч, энэ аргачлалын 3.1.3-т зааснаар баталгаажуулан, тухайн өдөрт нь системээс хуваарилсан шүүгчид Бүртгэл №31-ээр хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж, баталгаажуулна.

/Энэ заалтад  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 117 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.2.2.Шүүгчийн туслах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг гарсан өдөрт нь хүсэлт гаргагчид мэдэгдэж, Баримт №14-ийг үйлдэнэ.

3.2.3.Хүсэлт гаргагч нь захирамжийг энэ аргачлалын 3.2.2-т зааснаар мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор шүүхэд ирж, гардан аваагүй бол шүүгчийн туслах Бүртгэл №29-д бүртгэн, шүүхийн бичиг хүргэгч /цаашид “бичиг хүргэгч” гэх/-д хүлээлгэн өгч, гарын үсгийг зуруулна.

3.2.4.Бичиг хүргэгч захирамжийг хүлээн авснаас хойш хүсэлт гаргагчид 1 хоногийн дотор хүргэж, Бүртгэл №30-д хүлээн авсан хүний гарын үсгийг зуруулж, баталгаажуулна.

3.2.5.Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд холбогдох материалыг тухайн хэрэгт хавсаргах ба хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд материалыг архивт хүлээлгэн өгнө.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 117 дугаар тогтоолоор нэмсэн./

3.3.Нэхэмжлэлийг шүүгчид хүлээлгэн өгөх

3.3.1.Ажилтан нэхэмжлэлийг, түүнд хавсаргасан баримт бичгийн хамт Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилагдсан шүүгчид 1 хоногийн дотор хүлээлгэн өгч, энэ тухай Бүртгэл №1-д тэмдэглэн, гарын үсгийг зуруулна.

/Энэ заалтад  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 117 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.4.Нэхэмжлэлийг буцаах

3.4.1.Шүүгчийн туслах ”Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамжийг гарсан өдөрт нь ёсчлуулж, нэхэмжлэгчид 1 хоногийн дотор мэдэгдэж, Баримт №14-ийг үйлдэнэ.

3.4.2.Бүрдүүлбэр хангаад ирсэн нэхэмжлэлийг ажилтан хүлээн авч, Бүртгэл №1-д тэмдэглэн, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулж, нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулсан шүүгчид 1 хоногийн дотор шилжүүлнэ.

3.4.3.Шүүгчийн туслах “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамжийг гарсан өдөрт нь ёсчлуулж, нэхэмжлэгчид 1 хоногийн дотор мэдэгдэн, Баримт №14-ийг тэмдэглэнэ.

3.4.4.Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтыг нэхэмжлэгч буцаан авахыг хүсвэл шүүгчийн туслах Баримт №27-г үйлдэж, гарын үсгийг зуруулна.

3.4.5.Нэхэмжлэгч нь захирамж болон нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудыг ирж аваагүй бол нэхэмжлэлд дурдсан хаягаар энэ аргачлалын 3.2.3-3.2.4-т заасны дагуу хүргүүлнэ.

3.4.6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, мэдэгдэх боломжгүй, захирамж болон нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудыг ирж аваагүй бол шүүгчийн туслах энэ тухай тэмдэглэл үйлдэж, архивчид хүлээлгэн өгнө.

3.4.7.Архивч дээрх материалыг Бүртгэл №7-д бүртгэж, хүлээлгэн өгсөн шүүгчийн туслахын гарын үсгийг зуруулна.

3.4.8.Нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар буцаасан нэхэмжлэлийг өөрийн бүрдүүлсэн нотлох баримтын хамт буцаан авахыг хүсвэл архивч түүний хүсэлтийг бичгээр авч, нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн нотлох баримтын эх хувийг хуулбарлан, хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан, хэрэг, материалд хавсаргаж, нэхэмжлэлийн хуулбарыг нотлох баримтын эх хувийн хамт буцаан өгнө. Энэ тухай Бүртгэл №7-д тэмдэглэл үйлдэн, хүлээн авсан этгээдээр гарын үсэг зуруулж, баталгаажуулна.

3.5.Нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах

3.5.1.Шүүгчийн туслах нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг гарсан өдөрт нь нэхэмжлэгч, гомдол гаргагчид мэдэгдэж, Баримт №14-ийг үйлдэнэ.

3.5.2.Нэхэмжлэгч, гомдол гаргагч нь захирамжийг энэ аргачлалын 3.5.1-д зааснаар мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор шүүхэд ирж, гардан аваагүй бол шүүгчийн туслах, бичиг хүргэгч энэ аргачлалын 3.2.3-3.2.4-т заасан ажиллагааг хийнэ.

3.5.3.Нэхэмжлэгч, гомдол гаргагч нь захирамж болон нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг ирж аваагүй, нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, мэдэгдэх боломжгүй бол энэ аргачлалын 3.4.6-3.4.8-д заасан ажиллагааг гүйцэтгэнэ.

3.6.Захиргааны хэрэг үүсгэх

3.6.1.Захиргааны хэрэг үүсгэмэгц системээс өгөгдсөн индексийг “Хэргийн индексийн журам”-ын дагуу хэргийн хавтсанд шүүгчийн туслах байрлуулна.

3.6.2.Хавтаст хэргийг шүүгчийн туслах хариуцах бөгөөд хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тодорхой хугацаагаар танилцуулах тохиолдол бүрд Баримт №8-ыг үйлдэж, хэрэгт хавсаргана.

3.7.Анхан шатны шүүхэд хэрэг хүлээн авах

3.7.1.Ажилтан харьяалал тогтоолгож ирүүлсэн буюу шилжиж ирсэн хэргийг Бүртгэл №6-д, дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон хэргийг Бүртгэл №27-д, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр нь хүчингүй болсон хэргийг Бүртгэл №32-д тус тус бүртгэн, энэ аргачлалын 3.1.3-т зааснаар баталгаажуулан, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилсныг шүүгчид холбогдох бүртгэлээр хүлээлгэн өгч, гарын үсгийг зуруулна.

3.8.Даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамжийг хүлээн авах

3.8.1.Ажилтан даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамжийг хүлээн авч, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулан, системээс хуваарилсан шүүгчид Бүртгэл №31-д гарын үсэг зуруулан, 1 хоногийн дотор шилжүүлнэ.

ДӨРӨВ.ХЭРЭГ ҮҮСГЭСНИЙ ДАРААХ АЖИЛЛАГАА

4.1.Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах

4.1.1.Захиргааны хэрэг үүсгэмэгц шүүгч, шүүгчийн туслах нь хаана, хэзээ хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авахыг хариуцагчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, энэ тухай “Шүүхийн мэдэгдэх хуудас” Баримт №2-ыг системээс хэвлэн, тухайн өдөрт нь бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө. Цахим шуудангийн хаяг (и-мэйл), утас, факс, мессежээр дуудах тохиолдолд “Шүүхийн мэдэгдэх хуудас /утас, факс, мессеж, цахим шуудан/” Баримт №3-ыг үйлдэнэ.

Гибрид шуудангийн үйлчилгээ нэвтэрсэн шүүх “Шүүхийн мэдэгдэх хуудас” Баримт №2-ыг шуудангийн програмд бичиж хүргүүлэх бөгөөд мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай баримтыг програмаас хэвлэн авч, хэрэгт хавсаргана.

4.1.2.Бичиг хүргэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш хэргийн болон бусад оролцогчид 1 хоногийн дотор хүргэж, Бүртгэл №30-д мэдэгдэх хуудас хүлээн авсан хүний гарын үсгийг зуруулан, баримтын буцах хувийг тухайн өдөрт нь шүүгчийн туслахад өгнө.

4.1.3.Бичиг хүргэгч нь хариуцагчийн мэдэгдэх хуудас хүлээн авсан огноо, цаг, минутыг шүүгчийн туслахад мэдэгдэн, шүүгчийн туслах системд бүртгэж, мэдэгдэх хуудасны буцах хувийг хэрэгт хийнэ.

4.1.4.Шүүгч, шүүгчийн туслах хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан, гарын үсгийг гаргацтай зуруулж, “Үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, өөрчилсөн, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гардуулсан тухай” Баримт №4-ийг үйлдэн, хэрэгт хавсаргана.

4.1.5.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал бичиг хүргэгч энэ талаар мэдэгдэх хуудсанд тэмдэглэл үйлдэж, тухайн өдөрт нь шүүгчийн туслахад буцаан өгнө.

4.2.Хэргийн болон бусад оролцогчид эрх үүрэг тайлбарлах

4.2.1.Шүүгч хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүргийг амаар тайлбарлан, “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай” Баримт №5, “Шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид эрх, үүрэг тайлбарласан тухай” Баримт №6, “Иргэдийн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай” Баримт №23, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримт”-д тус тус гарын үсэг зуруулан, системд холбогдох ажиллагааг хийж, баримтыг хэрэгт хавсаргана.

4.3.Нотлох баримт цуглуулах

4.3.1.Шүүгч хэрэг үүсгэсэн үеэс эхлэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох  баримтыг  байгууллага,  албан  тушаалтан,  хүнээс  шаардан  гаргуулахдаа албан бичиг

 болон шүүгчийн захирамж явуулж болно. Албан бичигт нотлох баримт гаргуулах болсон шалтгаан, ямар нотлох баримтыг гаргуулахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлж, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжит хугацааг заана.

4.3.2.Шүүгчийн туслах уг албан бичиг, захирамжийг гарсан өдөрт нь бичиг хүргэгчид Бүртгэл №29-өөр шилжүүлнэ.

4.3.3.Бичиг хүргэгч 1 хоногийн дотор тухайн этгээдэд уг албан бичиг, захирамжийг хүлээлгэн өгч, хүлээн авсан этгээдээр Бүртгэл №30-д гарын үсэг зуруулна.

4.3.4.Албан бичгийн хариу ирмэгц архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан эсхүл шүүгчийн туслах хүлээн авч, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулан, тухайн өдөрт нь шүүгчид Бүртгэл №28-д гарын үсэг зуруулан, хүлээлгэн өгнө.

4.4.Шинжээч томилох

4.4.1.Шүүгчийн туслах шинжээч томилох тухай захирамжийг хуулийн хүчин төгөлдөр болмогц томилогдсон этгээдэд хүргүүлэхээр бичиг хүргэгчид Бүртгэл №29-өөр шилжүүлнэ.

4.4.2.Бичиг хүргэгч томилогдсон этгээдэд захирамжийг хүлээлгэн өгөх, архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан эсхүл шүүгчийн туслах шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч бүртгэхэд энэ аргачлалын 4.3.3-4.3.4-т заасан ажиллагааг хийнэ.

4.5.Гэрч асуух

4.5.1.Шүүгчийн туслах шүүгчийн товлосон хугацаанд гэрчийг “Шүүхийн мэдэгдэх хуудас” Баримт №2-оор шүүхэд дуудан ирүүлнэ.

4.5.2.Цахим шуудангийн хаяг (и-мэйл), утас, факс, мессежээр дуудан ирүүлэх тохиолдолд “Шүүхийн мэдэгдэх хуудас /утас, факс, мессеж, цахим шуудан/” Баримт №3-ыг үйлдэн хэрэгт хавсаргана.

4.5.3.Шүүгч гэрчийн мэдүүлэг авахдаа гэрчид эрх, үүргийг тайлбарлан өгч, Баримт №6-д гарын үсэг зуруулан, шаардлагатай асуултыг товч, тодорхой тавьж, шүүгчийн даалгаснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ талаар тэмдэглэл хөтөлнө.

4.6.Орчуулагч, хэлмэрч томилох

4.6.1.Шүүгчийн туслах орчуулагч, хэлмэрч томилсон захирамжийг томилогдсон этгээдэд энэ аргачлалын 4.3.2-4.3.3-т заасны дагуу хүргүүлнэ.

4.7.Үзлэг хийх

4.7.1.Шүүгчийн туслах үзлэгийн товыг хэргийн оролцогчдод 1-ээс доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, “Шүүхээс хийх үзлэгийн тов мэдэгдэх тухай” Баримт №11-ийг үйлдэн, хэрэгт хийнэ.

4.7.2.Шүүгч, шүүгчийн туслах хөндлөнгийн гэрчид эрх, үүргийг тайлбарлаж өгсөн талаар тэмдэглэлд тусгаж, гарын үсгийг зуруулна.

4.8.Даалгавар гүйцэтгүүлэх

4.8.1.Шүүгчийн туслах даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамжийг хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох баримтын хамт Бүртгэл №29-д бүртгэн, даалгавар гүйцэтгэх шүүхэд хүргүүлнэ.

4.8.2.Даалгаврын хариу ирмэгц архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан эсхүл шүүгчийн туслах энэ аргачлалын 4.3.4-д заасны дагуу шүүгчид шилжүүлнэ.

4.9.Гуравдагч этгээдийг татан оролцуулах

4.9.1.Шүүгчийн туслах гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах тухай захирамж гармагц энэ аргачлалын 4.1-4.2-т зааснаар шүүхэд дуудан ирүүлэн, нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлан өгч, энэ тухай Баримт №4, №5-ыг үйлдэн, хэрэгт хавсаргана.

4.10.Хэргийн оролцогчийг албадан ирүүлэх

4.10.1.Шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогчдыг албадан ирүүлэх тухай захирамжийг гарсан өдөрт нь Шүүхийн зохион байгуулалт /хэргийн хөдөлгөөн/ хариуцсан мэргэжилтэнд танилцуулж, Бүртгэл №29-д бүртгэн, захирамжийг цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр тухайн өдөрт нь бичиг хүргэгчид өгнө. Шүүхийн зохион байгуулалт /хэргийн хөдөлгөөн/ хариуцсан мэргэжилтэн уг захирамжийг “Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны бүртгэл, тайлангийн систем”-д бүртгэж, баталгаажуулан хэрэгжилтэд хяналт тавина.

4.10.2.Бичиг хүргэгч захирамжийг энэ аргачлалын 4.3.3-т заасны дагуу цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө.

4.10.3.Цагдаагийн байгууллага уг захирамжийн дагуу ажиллагааг хийж, захирамжид заасан хугацаанд тухайн этгээдийг шүүхэд албадан ирүүлнэ.

4.10.4.Цагдаагийн байгууллага тухайн этгээдийг энэ аргачлалын 4.10.3-т заасан хугацаанд албадан ирүүлээгүй бол шалтгааныг тодруулахаар шүүхээс албан бичиг хүргүүлнэ.

4.11.Хэргийг нэгтгэх, тусгаарлах

4.11.1.Шүүгчийн туслах хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай захирамжийн талаар 3 хоногийн дотор хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, Баримт №14-ийг үйлдэн, хэрэгт хавсаргаж, системд холбогдох ажиллагааг хийнэ.

4.12.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх

4.12.1.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийг гарсан өдөрт нь хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, Баримт №14-ийг үйлдэж, хэрэгт хавсаргана.

4.13.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах

4.13.1.Шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө энэ тухай шүүгчид мэдэгдэнэ.

4.13.2.Шүүгч уг хэрэгтэй танилцаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй бол Шүүгчдийн зөвлөгөөнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах болсон шалтгааныг танилцуулж, үндэслэлийг тайлбарлана.

4.13.3.Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан тохиолдолд Ерөнхий шүүгчийн туслах энэ талаарх мэдээллийг системд оруулна.

4.14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх

4.14.1.Шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болон сэргээсэн захирамжийг гарсан өдөрт нь хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, Баримт №14-ийг үйлдэж, хэрэгт хавсаргана.

4.15.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх

4.15.1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарлаж, Баримт №7-г үйлдэн, гарын үсэг зуруулан, хэрэгт хийнэ.

4.15.2.Шүүгчийн туслах хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 3 хоногийн дотор хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, Баримт №15-ыг үйлдэн, хэрэгт хавсаргана.

4.15.3.Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг энэ аргачлалын 6.3-т зааснаар эмхэтгэж, 6.9-д заасны дагуу архивт шилжүүлнэ.

4.16.Шийтгэл оногдуулах

4.16.1.Шүүгчийн туслах шийтгэврийг гарсан өдөрт нь зөрчил үйлдсэн хүнд гардуулах буюу тухайн этгээдийн хаягаар хүргүүлж, Баримт №9-ийг үйлдэн, гарын үсэг зуруулна.

4.16.2.Шийтгэвэрт зөрчил үйлдсэн хүн гомдол гаргавал энэ аргачлалын 6.4, 6.6-д заасан ажиллагааг гүйцэтгэнэ.

4.16.3.Шийтгэвэрт зөрчил үйлдсэн хүн гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа өнгөрсөн, тогтоосон хугацаанд шийтгэврийг биелүүлээгүй бол шүүгч гүйцэтгэх хуудас бичих бөгөөд шүүгчийн туслах гүйцэтгэх хуудсыг шийтгэврийн хамт тухайн өдөрт нь харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр бичиг хүргэгчид өгнө.

4.16.4.Бичиг хүргэгч энэ аргачлалын 4.3.3-т заасан ажиллагааг хийнэ.

4.17.Хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх

4.17.1.Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан эсхүл шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлтийг Бүртгэл №28-д, бусад өргөдөл, гомдол, хүсэлтийг Бүртгэл №31-д хүлээн авч, бүртгэн, аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулж, нэн даруй шүүгчид шилжүүлнэ.

4.17.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаас бусад хүсэлтийг хүлээн авснаас хойш хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид 3 хоногийн дотор шүүгчийн туслах мэдэгдэх бөгөөд шүүгч уг хүсэлтийг 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.

4.18.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг

4.18.1.Шүүгчийн туслах шүүгчийн даалгаснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хэзээ, хаана болохыг системд товлон, хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид мэдэгдэж, Баримт №10-ыг үйлдэж, хэрэгт хийнэ.

ТАВ.ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

5.1.Шүүх хуралдаан товлон зарлах

5.1.1.Шүүх хуралдааны зарыг “Шүүхийн шийдвэрийн цахим сан” /цаашид “цахим сан” гэх/ болон “Шүүхийн мэдээллийн самбар”-т шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө ажилтан байршуулна.

5.2.Шүүх хуралдааны товыг оролцогчдод мэдэгдэх

5.2.1.Шүүх хуралдааныг товлон зарласны дараа шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” Баримт №12-ыг үйлдэн, бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, хүргүүлнэ.

5.2.2.Бичиг хүргэгч энэ аргачлалын 4.1.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргэнэ.

5.2.3.Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас, факс, мессеж, цахим шуудангаар мэдэгдсэн бол Баримт №13, №26-г тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана.

5.2.4.Шүүх хуралдааныг товломогц шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүнд товыг мэдэгдэж, хэргийн материалыг танилцуулна.

5.3.Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах

5.3.1.Шүүх хуралдааныг товлосон цагт нь хийх, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах асуудлыг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцна.

5.4.Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх

5.4.1.Шүүх хуралдааны явцад хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хууль тайлбарлан өгсөн тохиолдолд тэмдэглэлд тусган, Баримт №5, №6-д гарын үсэг зуруулж, хэрэгт хийнэ.

5.5.Иргэдийн төлөөлөгч оролцуулах

5.5.1.Шүүх хуралдаан товлогдсон даруйд шүүгчийн туслах хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгох талаар шүүхийн тамгын газарт 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.

5.5.2.“Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын дагуу иргэдийн төлөөлөгчийг сонгож, шүүгчийн туслах шүүх хуралдаанд оролцуулсан талаарх Баримт №21-26-г үйлдэн, хэрэгт хавсаргана.

5.6.Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, буцаах

5.6.1.Хэргийн оролцогч шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсан, буцаасан хэргийн материалаас нотлох баримтын эх хувийг буцаан авахыг хүсвэл энэ аргачлалын 3.4.8-д заасан ажиллагааг гүйцэтгэж, Баримт №27-г үйлдэн, хэрэгт хийнэ.

ЗУРГАА.ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСНИЙ ДАРААХ АЖИЛЛАГАА

6.1.Шүүхийн шийдвэрийг систем болон цахим санд байршуулах

6.1.1.Шүүгчийн туслах хэргийг хянан шийдвэрлэсэн тухай товч мэдээллийг тухайн өдөрт нь, шийдвэрийг албажуулсан өдөр бүрэн эхээр нь системд тус тус байршуулж, бүрэн хадгална.

6.1.2.Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэхдээ шийдвэрийг цахим санд байршуулах талаар мэдэгдэж, “Шийдвэрийг цахим санд байршуулахыг мэдэгдэх тухай” Баримт №16-д гарын үсэг зуруулна. Шуудангаар хүргүүлсэн тохиолдолд энэ талаар албан бичигт тусгана.

6.1.3.Шүүхийн тамгын газрын дарга тухайн шүүхийн шийдвэрийг цахим санд хугацаандаа бүрэн, зөв байршсан эсэхэд хяналт тавина.

6.1.4.Шүүхийн шийдвэрийг “Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам”-ыг баримтлан тамгын газрын даргын тушаалаар томилогдсон этгээд цахим санд байршуулна.

6.2.Шийдвэр гардуулах буюу хүргүүлэх

6.2.1.Шүүгчийн туслах шийдвэрийг хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлж, энэ тухай системд бүртгэн “Шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол/-ийг гардуулсан, хүргүүлсэн тухай” Баримт №15-д гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана.

6.2.2.Шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авах талаар мэдэгдсэн боловч ирээгүй бол байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд албан бичгээр, иргэдэд тэдгээрийн нэхэмжлэлд бичсэн буюу шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн хаягаар энэ аргачлалын 4.3.2-4.3.3-т заасны дагуу хүргүүлнэ.

6.3.Хэргийг эмхэтгэх

6.3.1.Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан буюу хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг хэрэгт бүрэн оруулж, баримт бичгийн стандартын дагуу эмхэтгэж, “Хэргийг хөтлөх, эмхэтгэх тухай” Баримт №20-ыг үйлдэн шүүгчид хянуулна.

6.3.2.Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуустал хэргийг шүүгчийн туслах хадгалж, хэргийн хавтасны нүүр, товъёогийг бүрэн, зөв хөтөлнө.

6.3.3.Хэргийн онцлог, нотлох баримтын бүрдлээс хамааран доорх байдлаар эмхэтгэж болно.

а/Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримтуудыг эхний хэсэгт, хариуцагчийн бүрдүүлсэн нотлох баримтуудыг хоёр дахь хэсэгт, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан нотлох баримтуудыг гурав дахь хэсэгт, шүүхээс явуулсан ажиллагааны баримтуудыг дөрөв дэх хэсэгт;

б/Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэснээс хойш хийгдсэн ажиллагаа болон хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг шүүхэд гаргасан он, сар, өдрийн дарааллаар.

6.3.4.Шүүгчийн туслах хэрэгт авагдсан эд мөрийн болон бичмэл бус нотлох баримтуудыг /диск, дуу болон дүрс бичлэгийн хуурцаг гэх мэт/ хэрэг эмхэтгэсэн баримтад ширхэг, төрлөөр нь тодорхой зааж, зориулалтын уут, хайрцагт хадгална.

6.4.Гомдол хүлээн авч бүртгэх, хэргийн оролцогчдод танилцуулах

6.4.1.Ажилтан давж заалдах журмаар гаргасан гомдлыг Бүртгэл №3-т, хяналтын журмаар гаргасан гомдлыг Бүртгэл №4-т, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг Бүртгэл №5-д, хуульд гомдол гаргахаар заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг Бүртгэл №10-т хүлээн авч, бүртгэн, хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулна.

6.4.2.Ажилтан энэ аргачлалын 6.4.1-т заасан гомдлыг аргачлалын 3.1.3-т зааснаар баталгаажуулан, тухайн өдөрт эсхүл 1 хоногийн дотор шүүгч, шүүгчийн туслахад хүлээлгэн өгч, холбогдох бүртгэлд гарын үсгийг зуруулна.

6.4.3.Шүүгчийн туслах давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдол, хуульд гомдол гаргахаар заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хүлээн авсан тухайн өдөр нь эсхүл 1 хоногийн дотор хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, гомдлын талаар тайлбар, гаргах эрхтэйг тайлбарлан, “Давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг танилцуулсан тухай” Баримт №18, “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг танилцуулах тухай” Баримт №19, “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг танилцуулах /мэдэгдэх/ тухай” Баримт №17-г тус тус үйлдэн, энэ аргачлалын 6.3, 6.6-д заасны дагуу хэргийг эмхэтгэж, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлнэ.

6.5.Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэх

6.5.1.Шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шийтгэвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхэд энэ аргачлалын 3.2.1-3.2.4-т заасныг баримтална.

6.5.2.Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн материалыг захирамж гарсан өдөр тухайн хэрэгт хавсаргана.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 117 дугаар тогтоолоор нэмсэн/

6.6.Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэх

6.6.1.Шүүгчийн туслах хэрэг хүргүүлэх албан бичгийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч болон тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр ёсчлуулж, гомдол тайлбарын хамт хэрэгт хавсарган ажилтанд хүлээлгэн өгнө. Хэрэг хүргүүлэх албан бичигт нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, шүүхийн шийдвэр, захирамж, тогтоолын огноо, дугаар, хавтасны хуудасны тоо, хавсаргасан баримт зэргийг тодорхой дурдана.

6.6.2.Ажилтан хэргийг системээр хүргүүлэх ажиллагааг бүрэн, зөв хийж, хавтаст хэрэг, түүнд хавсаргасан баримтыг Бүртгэл №29-д бүртгэн бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”-д заасны дагуу хүргүүлнэ.

6.7.Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүлээн авах

6.7.1.Ажилтан давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянан шийдвэрлээд буцаасан хэргийг хүлээн авч, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулан, Бүртгэл №3, №4-т бүртгэн, тухайн өдөрт нь шүүгчид шилжүүлнэ.

6.8.Гүйцэтгэх хуудас

6.8.1.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шийтгэвэр, шүүгчийн захирамж болон шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг ажилтан хүлээн авч, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулан, тухайн өдөрт нь Бүртгэл №31-ээр шүүгчид шилжүүлэн өгнө.

6.8.2.Шүүгчийн туслах дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүсэлт, мэдэгдэл, гүйцэтгэх хуудасны нэг хувийн хамт тухайн хэрэгт хавсаргана.

6.8.3.Шүүгчийн туслах захирамж, гүйцэтгэх хуудас, мэдэгдлийн нэг хувийг холбогдох материалын хамт харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, мэдэгдлийн нэг хувийг хариуцагчид энэ аргачлалын 4.3.2-4.3.3-т зааснаар хүргүүлнэ.

6.9.Хэргийг архивт шилжүүлэх

6.9.1.Шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тухайн хэргийг архивчид хүлээлгэн өгнө. Архивч уг хэргийг Бүртгэл №8-д бүртгэж, хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулна.

6.9.2.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шийтгэвэр, шүүгчийн захирамжийг албажуулмагц шүүгчийн туслах архивт хүлээлгэн өгнө.

6.9.3.Архивч архивт хэрэг, баримт бичиг хүлээн авах, хадгалах, данс, бүртгэл хөтлөх, баримтыг сэлбэх, сэргээн засварлах, архивын үйлчилгээ үзүүлэхдээ “Шүүхийн архивын ажиллах журам”-ыг баримтална.

6.10.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах

6.10.1.Ажилтан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг Бүртгэл №31-д бүртгэн, энэ аргачлалын 3.1.3-т зааснаар баталгаажуулна.

6.10.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасан журмыг зөрчихгүйгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилсан шүүгчид хүлээлгэн өгч, Бүртгэл №31-д гарын үсгийг зуруулна.

6.10.3.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцох тухай мэдэгдсэн бол шүүгчийн туслах энэ аргачлалын 5.2.1-5.2.3-т заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ.

6.10.4.Шүүгчийн туслах “Шүүхийн архивын ажиллах журам”-д заасны дагуу холбогдох хэргийг архиваас авна. 

6.10.5.Шүүгчийн туслах давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг хянуулах хүсэлтийг архиваас авсан хэрэгт хавсарган, энэ аргачлалын 6.6-д заасны дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлнэ.

6.10.6.Ажилтан давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянан шийдвэрлээд буцаасан хэргийг энэ аргачлалын 6.7.1-д заасны дагуу хүлээн авч, шүүгчид шилжүүлнэ.

6.11.Тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

6.11.1.Тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ аргачлалыг баримталж, холбогдох баримтыг үйлдэж, бүртгэлийг хөтөлнө.

6.12.Шүүхийн нууц хамгаалах ажилтан Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцаанд Бүх шатны шүүх, шүүхийн захиргааны байгууллагад төрийн болон албаны нууц хамгаалах журмыг баримтална.

ДОЛОО.ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА

7.1.Давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авах

7.1.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг хуваарилах журам”-ыг мэдээллийн технологийн мэргэжилтэн системд тохируулна.

7.1.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авч, шийдвэрлэх ажиллагаанд энэ аргачлалын 3.1-3.6-д заасныг баримталж, холбогдох баримтыг үйлдэж, бүртгэлийг хөтөлнө.

7.2.Давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

7.2.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ аргачлалын 4.1-6.11-д заасныг баримталж, холбогдох баримтыг үйлдэж, бүртгэлийг хөтөлнө.

7.3.Давж заалдах шатны шүүхэд хэрэг, маргаан, гомдол, хүсэлт хүлээн авах

7.3.1.Давж заалдах шатны шүүхийн ажилтан анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдолтой хэргийг Бүртгэл №11-д, Шүүхийн ёс зүйн хорооны магадлалд гаргасан гомдолтой хэргийг Бүртгэл №13-т, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд гаргасан гомдолтой хэргийг Бүртгэл №14-т, анхан шатны шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдолтой хэргийг Бүртгэл №16-д тус тус ирсэн огноо, цаг хугацааны дарааллаар бүртгэж, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулна.

7.3.2.Ажилтан хэрэг, маргаан, гомдол, хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилсныг шүүгчид шилжүүлэхдээ хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн бусад баримтуудыг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, Бүртгэл №11, №13, №14, №16, №27, №32-т тус тус гарын үсгийг зуруулна.

7.3.3.Шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдвол энэ тухай Ерөнхий шүүгчид танилцуулан, ажилтанд хэргийг буцаан өгнө.

7.3.4.Шүүгч татгалзан гарсан хэргийг ажилтан энэ аргачлалын 7.3.2-т заасны дагуу өөр шүүгчид хуваарилж, бүртгэлээр хүлээлцэнэ.

7.4.Гомдол гаргаагүйд тооцох

7.4.1.Давж заалдах шатны шүүхээс гомдол гаргаагүйд тооцох тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гармагц шүүгчийн туслах хэргийн оролцогч болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, Баримт №14-ийг үйлдэн, хэргийг эмхэтгэж, энэ аргачлалын 6.6.1-д заасны дагуу ажилтанд хүлээлгэн өгч, анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

7.5.Шүүх хуралдааны бэлтгэл хангах

7.5.1.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах шүүх хуралдааны зарыг хуралдаан болохоос 7 хоногийн өмнө гаргаж, ажилтан энэ аргачлалын 5.1.1-д заасны дагуу байршуулна.

7.5.2.Шүүгчийн туслах хэргийн талаар илтгэх төслийг хэргийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бэлтгэн, шүүгчид хэргийн хамт танилцуулж, холбогдох хууль тогтоомжийг түүвэрлэн өгч, хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ аргачлалын 5.2.1-5.2.3-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ.

7.5.3.Илтгэгч шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг бүрэлдэхүүний тоогоор олшруулж, шүүх бүрэлдэхүүнд шүүх хуралдаанаас 7 хоногийн өмнө өгнө.

7.6.Шүүх бүрэлдэхүүн томилох

7.6.1.Илтгэгч шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай Ерөнхий шүүгчийн захирамжийн төслийг шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө бэлтгэн ёсчлуулж, тухайн хэрэгт хавсаргана.

7.6.2.Ерөнхий шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүн томилсон Ерөнхий шүүгчийн захирамжийн дугаарыг системээс авч, Бүртгэл №24-т бүртгэнэ.

7.7.Давж заалдах шатны шүүхийн магадлал, тогтоолыг гардуулах буюу хүргүүлэх

7.7.1.Хуульд гомдол гаргахаар заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

7.7.2.Илтгэгч шүүгчийн туслах энэ аргачлалын 7.7.1-д заасан тогтоолыг хэргийн оролцогчийн тоогоор хувилж, хэрэгт хавсарган 3 хоногийн дотор анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

7.7.3.Илтгэгч шүүгчийн туслах давж заалдах шатны шүүхийн магадлалыг энэ аргачлалын 6.2-т заасны дагуу хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлэх ажиллагааг хийнэ.

7.7.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалаа шүүхэд хүрэлцэн ирж гардан аваагүй бол магадлалыг хэргийн оролцогчдын тоогоор хувилж, хэрэгт хавсарган, анхан шатны шүүхэд буцаан хүргүүлнэ.

7.8.Харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг хүлээн авах, харьяалах шүүхэд шилжүүлэх

7.8.1.Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг ажилтан хүлээн авч, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулан, Бүртгэл №15-д бүртгэн, Ерөнхий шүүгчийн туслахад шилжүүлэн өгч, гарын үсэг зуруулна.

7.8.2.Ерөнхий шүүгчийн туслах хэргийг Ерөнхий шүүгчид тухайн өдөрт нь танилцуулж, харьяалал тогтоох тухай захирамжийн төслийг боловсруулж, ёсчлуулна.

7.8.3.Ерөнхий шүүгчийн туслах уг захирамжийг хэрэг хүргүүлэх албан бичгийн хамт хэрэгт эмхэтгэж, харьяалах шүүхэд хүргүүлэхээр ажилтанд хүлээлгэн өгнө.

7.9.Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

7.9.1.Шүүгчийн туслах энэ аргачлалын 6.6.1-д заасны дагуу хэрэг, түүнд хавсаргасан баримтыг ажилтанд хүлээлгэн өгч, Бүртгэл №11, №13, №14, №16, №32-т тус тус гарын үсэг зурна.

7.9.2.Ажилтан энэ аргачлалын 6.6.2-т заасны дагуу хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлнэ.

НАЙМ.ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

8.1.Хяналтын шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авах

8.1.1.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг хуваарилах журам”-ыг мэдээллийн технологийн мэргэжилтэн системд тохируулна.

8.1.2.Хяналтын шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авч, шийдвэрлэх ажиллагаанд энэ аргачлалын 3.1-3.6-д заасныг баримталж, холбогдох баримтыг үйлдэж, бүртгэлийг хөтөлнө.

8.1.3.Энэ аргачлалын 3.1.1-д заасан ажилтан гэдгийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслах гэж ойлгоно.

8.2.Хяналтын шатны шүүхэд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

8.2.1.Хяналтын шатны шүүхэд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ аргачлалын 4.1-6.10-д заасныг баримталж, холбогдох баримтыг үйлдэж, бүртгэл хөтөлнө.

8.3.Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

8.3.1.Хяналтын шатны шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан ажилтан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан хэргийг Бүртгэл №17-д бүртгэн, энэ аргачлалын 3.1.3-т заасны дагуу баталгаажуулан, Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгч, гарын үсгийг зуруулна.

8.3.2.Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслах анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргасан хэргийг ирсэн огноо, цаг хугацааны дарааллаар Бүртгэл №18-д бүртгэн, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилсныг шүүгчид шилжүүлэхдээ хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн бусад баримтуудыг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, гарын үсгийг зуруулж, баталгаажуулна.

8.3.3.Шүүгч татгалзан гарсан хэргийг өөр шүүгчид хуваарилах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх бүрэлдэхүүн томилох, хэргийг анхан шатны шүүхэд буцаахад энэ аргачлалын 7.3.3, 7.3.4, 7.5, 7.6, 7.9-д заасныг баримталж, холбогдох баримтыг үйлдэж, бүртгэлийг хөтөлнө.

8.3.4.Энэхүү аргачлалын 7.3, 7.4, 7.9-д заасан ажилтан гэдгийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахтай, 7.3.3-т заасан Ерөнхий шүүгч гэдгийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнтэй адилтган ойлгоно.

8.3.5.Энэхүү аргачлалын 7.5.1-д заасан ажилтан, 7.6.1-д заасан шүүгчийн туслах гэдгийг нарийн бичгийн дарга гэж ойлгоно.

8.3.6.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хуульд заасан хугацаанд ёсчлон гармагц, тогтоолыг хэргийн оролцогчдын тоогоор хувилж, хэрэгт хавсарган, 3 хоногийн дотор буцаан хүргүүлнэ.

8.4.Гомдол гаргаагүйд тооцох, гомдлыг хүлээн авахаас татгалзах

8.4.1.Хяналтын шатны шүүхээс гомдол гаргаагүйд тооцсон шүүгчийн захирамж гармагц шүүгчийн туслах энэ аргачлалын 7.4.1-д заасан ажиллагааг хийнэ.

8.4.2.Хяналтын шатны шүүхээс гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гармагц шүүгчийн туслах гомдол гаргагчид мэдэгдэж, гомдол гаргах эрхтэйг тайлбарлан, Баримт №14-ийг үйлдэж, хэрэгт хавсаргана.

8.4.3.Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаагүй бол хэргийг шүүгчийн туслах энэ аргачлалын 6.6.1-д заасны дагуу Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахад бүртгэлээр хүлээлгэн өгнө.

8.4.4.Шүүгчийн захирамжид хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргавал илтгэгч шүүгчийн туслах захирамжийг гомдлын хамт хэрэгт эмхэтгэж, тухайн өдөрт нь Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахад шилжүүлэн өгнө.

8.4.5.Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслах хэргийг Бүртгэл №22-т бүртгэн, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилсан шүүгчид хүлээлгэн өгч, гарын үсгийг зуруулна.

8.4.6.Хяналтын шатны шүүхийн тогтоолоор захирамжийг хүчингүй болговол хэргийг хавсарган ирүүлсэн бусад баримтын хамт Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгч, шүүгчийн туслах Бүртгэл №22-т гарын үсэг зурна. Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслах гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчид бүртгэлээр буцаан өгч, гарын үсгийг зуруулж, баталгаажуулна.

8.4.7.Хяналтын шатны шүүхийн тогтоолоор захирамжийг хэвээр үлдээвэл энэ аргачлалын 7.9-д заасны дагуу хэргийг буцаан хүргүүлнэ.

8.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргах

8.5.1.Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслах Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргасан хэргийг Бүртгэл №21-д бүртгэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргад хүлээлгэн өгч, гарын үсгийг зуруулна.

8.5.2.Ерөнхий шүүгчийн ажлын алба хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Ерөнхий шүүгчид танилцуулна.

8.5.3.Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд хариуг Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэж, хэргийг Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахад бүртгэлээр шилжүүлэн өгнө.

8.5.4.Ерөнхий шүүгч дүгнэлт гаргавал хэргийг Захиргааны хэргийн танхимын тэргүүн эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанд илтгэнэ.

8.5.5.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг мөн танхимын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-мэргэжилтэн хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 7 хоногийн дотор бэлэн болгож, ёсчлуулна. Илтгэсэн шүүгчийн туслах хэргийг эмхэтгэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахад бүртгэлээр хүлээлгэн өгнө.

ЕС.ХАРИУЦЛАГА

9.1.Энэ аргачлалыг зөрчсөн хэрэглэгч, шүүхийн захиргааны ажилтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг оногдуулна.

 

-о0о-