Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

             2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр                                                       Дугаар 57                                                                                       Улаанбаатар хот

 

 

Журам шинэчлэн батлах тухай

 

          Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.5, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-д үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 95 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                     Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2019 оны 05 дугаар сарын 21-ний

өдрийн 57 дугаар тогтоолын хавсралт

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Бүх шатны шүүхийн тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/-ын үйл ажиллагааны жилийн эцсийн үр дүнг үнэлэх ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2. Шүүхийн тухай багц хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

1.3. Тамгын газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг жилийн эцэст төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг “үнэлгээ” гэж ойлгоно.

1.4. Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэхдээ энэ журмаар зохицуулаагүй харилцаанд Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын  баримт  бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баримтална.

1.5. Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэхэд хууль тогтоомжийн хэрэгжилт, тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, салбарын бодлогын зорилт, түүний үр дүн, шүүхийн захиргааны төв байгууллагын шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг иж бүрэн тооцох аргачлалыг баримтална.

Хоёр. Үнэлгээний хамрах хүрээ

2.1. Тамгын газрын үйл ажиллагааг дор дурдсан мэдээллийн эх сурвалжид тулгуурлан үнэлнэ:

2.1.1. Салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайлан,

2.1.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан,

2.1.3. Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан,

2.1.4. Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт,

2.1.5. Тухайн жилийн үйл ажиллагааны тайланд шүүгч, ажилтны өгсөн үнэлгээ,

2.1.6. Байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үнэлгээ,

2.1.7. Шүүн таслах ажиллагааны болон хэргийн хөдөлгөөний мэдээ, тайлан,

2.1.8. Санхүүгийн тайлан, тэнцэл, Аудитын үнэлгээ, дүгнэлт,

2.1.9. Шилэн данс хөтлөлтийн тайлан,

2.1.10. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан, шүүхэд итгэх иргэдийн итгэл санал асуулгын дүн,

2.1.11. Цагдаагийн байгууллагын санал.

Гурав. Үнэлэх шалгуур үзүүлэлт

3.1. Тамгын газрын үйл ажиллагааг дараах багц шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:

        3.1.1. Хууль тогтоомж, салбарын бодлогын хэрэгжилтийн үнэлгээ,

        3.1.2. Байгууллагын чиг үүргийн үнэлгээ,

        3.1.3. Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ,

3.2. Хууль тогтоомж, салбарын бодлогын хэрэгжилтийн үнэлгээ дараах шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ.

        3.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээ,

        3.2.2. Салбарын бодлогын баримт бичиг, тухайн жилийн тэргүүлэх зорилтын хэрэгжилтийн үнэлгээ,

3.3. Байгууллагын чиг үүргийн үнэлгээ дараах шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ. 

        3.3.1. Тамгын газрын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт,

        3.3.2. Тухайн жилийн үйл ажиллагааны тайланд шүүгч, ажилтны өгсөн үнэлгээ,

        3.3.3. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар Тамгын газрын тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт,

3.4.Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ дараах шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ.

        3.4.1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ,

        3.4.2. Шилэн данс хөтлөлтийн үнэлгээ,

        3.4.3. Хэрэглэгчийн үнэлгээ,

3.5.Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу дараах чиглэлээр үнэлнэ. 

        3.5.1. Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах,

        3.5.2. Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах,

        3.5.3. Шүүхийн хүний нөөцийг удирдах,

        3.5.4. Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах,

        3.5.5. Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах.

        3.5.6. Шүүхийн мэдээллийн технологийн системийн ашиглалт

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 111 дүгээр тогтоолоор нэмсэн./

        3.5.61. Энэ журмын 3.5.6-д заасан үйл ажиллагааг үнэлэхдээ дараах үзүүлэлтэд үндэслэнэ:

                 3.5.61.1. Мэдээллийн технологийн үйл ажиллагаатай холбоотой журмын хэрэгжилт;

                 3.5.61.2. Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системийн ашиглалт, хэрэглээ;

                 3.5.61.3. Системийн ажиллагаанд хяналт тавьж буй байдал;

                 3.5.61.4. Системийн хэрэглэгчийн алдаа.

/Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 111 дүгээр тогтоолоор нэмсэн./

3.6. Салбарын бодлогын баримт бичиг, тухайн жилийн тэргүүлэх зорилтын хэрэгжилтийн үнэлгээг энэхүү журмын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу үнэлнэ.

3.7. Ерөнхий зөвлөлийн дарга тухайн жилд хэрэгжилтийг нь үнэлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэр, салбарын бодлогын баримт бичгийн жагсаалт, тухайн жилийн тэргүүлэх зорилт, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, Тамгын газарт хүргүүлнэ.

3.8. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар Тамгын газрын тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг үнэлэх үнэлгээний хүснэгтийг энэ журмын 4 дүгээр хавсралтаар батална.

3.9. Байгууллагын ил тод байдлыг энэ журмын 5 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу дараах чиглэлээр үнэлнэ.

        3.9.1.Үйл ажиллагааны ил тод байдал,

        3.9.2.Хүний нөөцийн ил тод байдал,

        3.9.3.Төсөв, санхүүгийн ил тод байдал,

        3.9.4.Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал.

3.10. Шилэн данс хөтлөлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу үнэлнэ.

3.11. Ерөнхий зөвлөл судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгож, Тамгын газрын хэрэглэгчийн үнэлгээг жилд нэг удаа нэгдсэн журмаар гаргуулна.

3.12. Шүүхийн төсвийн хүртээмжээс хамаарч Ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 65 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын хүрээнд иргэдээс авсан судалгааны үр дүнг хэрэглэгчийн үнэлгээнд тооцож болно.

Дөрөв. Үнэлэх аргачлал

4.1. Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа энэ журмын 3.1.1-3.1.3-т заасан багц шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ. Ерөнхий үнэлгээний дүнгийн маягтыг энэ журмын 1 дүгээр хавсралтаар батална.

4.2. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ.

4.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно.

        4.3.1. “Бүрэн хэрэгжсэн”-холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100 хүртэл хувь,

       4.3.2. “Хэрэгжих шатанд”-тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 60-89 хүртэл хувь,

       4.3.3. “Хэрэгжилт хангалтгүй”-тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 10-59 хүртэл хувь,

       4.3.4. “Хэрэгжээгүй”-тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0-9 хүртэл хувь,

       4.3.5. “Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.

4.4. Салбарын бодлогын баримт бичиг, тухайн жилийн тэргүүлэх зорилтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно.

       4.4.1. “Үр дүнтэй”-зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 90-100 хүртэл хувь,

       4.4.2. “Тодорхой үр дүнд хүрсэн”-зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 60-89 хүртэл хувь,

       4.4.3. “Эрчимжүүлэх шаардлагатай”-зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 31-59 хүртэл хувь,

       4.4.4. “Үр дүнгүй”-зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0-30 хүртэл хувь,

       4.4.5. “Үнэлэх боломжгүй”-зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

4.5. Тамгын газрын тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.

4.6. Тамгын газрын дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т зааснаар Тамгын газрын үйл ажиллагааны тайланг тухайн шүүхдээ танилцуулна.

4.7. Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны тайланг шүүгч, ажилтны нэгдсэн хурлаар хэлэлцэж, дараах байдлаар үнэлэх бөгөөд хурлын явцыг тэмдэглэлээр баталгаажуулна.

       4.7.1. Бүрэн хангалттай /90-100 хүртэл хувь/,

       4.7.2. Хангалттай /70-89.9 хүртэл хувь/,

       4.7.3. Хангалтгүй /0-69.9 хүртэл хувь/.

4.8. Энэ журмын 4.1-д заасан үнэлгээг дараах ангиллаар нэгтгэн дүгнэнэ.

       4.8.1. “Бүрэн хангалттай” - 4.5 буюу түүнээс дээш,

       4.8.2. “Хангалттай” – 3.5-4.49 хүртэл,

       4.8.3. “Хангалтгүй” - 3.5-аас доош.

4.9. Тамгын газрын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэхдээ тамгын газар, түүний дарга, ажилтны дараах үйл ажиллагааг хууль тогтоомжийн ноцтой зөрчилд тооцож, ерөнхий үнэлгээнээс оноо хасаж тооцно.

       4.9.1. Хууль тогтоомж, холбогдох дүрэм журамд заасан эрх, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас иргэдийн эрх зөрчигдсөн, шүүхийн үйлчилгээ чирэгдсэн үр дагавар удаа дараа гарсан,

      4.9.2. Иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас тамгын газрын үйл ажиллагааны алдаа зөрчилтэй холбоотой үндэслэл бүхий өргөдөл, гомдол удаа дараа ирсэн, шалгалтын мөрөөр зөрчил нь тогтоогдсон,

      4.9.3. Байгууллагын сахилга бат алдагдсаны улмаас тухайн орон нутаг, улсын хэмжээнд шүүхийн нэр хүндэд сөрөг үр дагавар үүсгэхүйц нөхцөл байдал үүссэн,

      4.9.4. Төрийн болон албаны нууц задруулсан, алдагдуулсан,

      4.9.5. Ажлын байранд согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэсэн,

      4.9.6. Нотлох баримт, хавтаст хэргийн хадгалалтын горим журмыг зөрчсөний улмаас хор уршиг учирсан,

      4.9.7. Хэрэг хуваарилах журам, хэргийн хөдөлгөөний аргачлал, стандартыг удаа дараа ноцтойгоор зөрчсөн,

      4.9.8. Шүүн таслах ажиллагааны мэдээ, бусад албан мэдээ, тайланг удаа дараа буруу гаргасан.

 

Тав.Үнэлгээ хийх

5.1. Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх ажлын хэсгийг Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулна. Ажлын хэсгийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ахална.

5.2. Тамгын газар жилийн үйл ажиллагааны болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг дараа жилийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Ерөнхий зөвлөлд албан бичгээр болон цахим шуудангаар ирүүлнэ.

5.3. Тамгын газар тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангаа товч тодорхой, зорилт, арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшинд хүрсэн эсэх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхой тусган, албан бичгийн стандартын дагуу, үнэн зөв, бодитой, бичиж, эцэст нь дүн шинжилгээ хийсэн байна.

5.4. Ажлын хэсэг үнэлгээг Тамгын газар бүрээр нэгтгэж, дүнг Ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

5.5. Нэгдсэн үнэлгээг Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.

Зургаа. Урамшуулал, хариуцлага

6.1. Нэгдсэн үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан таван Тамгын газрыг дараах байдлаар урамшуулна:

6.1.1. Тэргүүн байр                               20 сая хүртэл төгрөг,

6.1.2. Дэд байр                                     15 сая хүртэл төгрөг,

6.1.3. Гуравдугаар байр                       10 сая хүртэл төгрөг,

6.1.4. Тусгай байр /хоёр/                     5 сая хүртэл төгрөг.

6.2. Тухайн тамгын газрын нийт ажилтны орон тоог харгалзан урамшууллын 30-50 хүртэл хувийг ажилтныг урамшуулахад, үлдэх хувийг ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус тус зарцуулна.

6.3. Тэргүүн байр эзэлсэн тамгын газрын даргад сарын үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, дэд байр эзэлсэн тамгын газрын даргад сарын үндсэн цалинг 1.3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, гуравдугаар байр эзэлсэн тамгын газрын даргад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал тус тус олгоно.

6.4. Урамшуулалд зарцуулах хөрөнгийг төсөвт жил бүр тусгахыг Ерөнхий зөвлөлийн Ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.

6.5. Тэргүүн байрт шалгарсан тамгын газрын үйл ажиллагаа, сайн туршлагыг бусдад нэвтрүүлэх ажлыг Ерөнхий зөвлөлийн Ажлын алба зохион байгуулна.

6.6. Ерөнхий зөвлөл үнэлгээнд үндэслэн тухайн байгууллагын үйл ажиллагааны  ололт, дутагдал, алдаа зөрчлийг дурдаж, сайн арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаа зөрчлийг арилгах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар зөвлөмж хүргүүлнэ.

6.7. Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т зааснаар тамгын газрын дарга-төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тухайн тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ.

6.8. Тамгын газрын даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг тодорхойлохдоо түүний Төрийн албаны тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрэм, харилцаа хандлагын нийтлэг журмыг мөрдсөн байдлыг үнэлнэ.

6.9. Ерөнхий зөвлөл тамгын газрын даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг Засгийн газраас баталсан журмын дагуу үнэлж, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.9.1.  “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан тамгын газрын даргын хувьд:

6.9.1.1. төрийн дээд болон салбарын шагналд тодорхойлох,

6.9.1.2. зэрэг дэвийг хугацаанаас өмнө ахиулах (3 удаа дараалан бүрэн хангалттай үнэлэгдвэл),

6.9.1.3. цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх (3 удаа дараалан бүрэн хангалттай үнэлэгдвэл),

6.9.1.4. албан тушаалд дэвшүүлэх зорилгоор мэргэшүүлэх багц сургалтад  хамруулах (3 удаа дараалан бүрэн хангалттай үнэлэгдвэл).

6.9.2. “Хангалттай” үнэлгээ авсан тамгын газрын даргын хувьд:

6.9.2.1. зэрэг дэвийг ахиулах,

6.9.2.2. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох.

6.9.3. “Хангалтгүй” үнэлгээ авсан тамгын газрын даргын хувьд:

6.9.3.1.сургалтад хамруулах,

6.9.3.2.албан тушаалын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах,

6.9.3.3.албан тушаал бууруулах (3 удаа дараалан хангалтгүй үнэлэгдвэл),

6.9.3.4.төрийн албанаас халах (3 ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл).

6.10. Тамгын газрын даргад мөнгөн урамшуулал олгохдоо Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баримтална.

6.11. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

6.11.1. Энэ журмын 5.3-т заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан,

6.11.2. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй.

 

Долоо. Бусад

7.1. Энэ журамд Ерөнхий зөвлөлийн тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

----оОо----