Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 


 

 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр                                                                                         Дугаар 70                                                                                                                               Улаанбаатар хот

                                          

     

                                                                                                      

  Шүүгчид чөлөө олгох журам шинэчлэн батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, шүүгчид чөлөө олгох журмын хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүнг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

           1.“Шүүгчид чөлөө олгох журам”-ыг нэгдүгээр, "Чөлөөний хуудас"-ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

           2.Тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

           3.”Шүүгчид чөлөө олгох журам”-ыг шүүгч нарт мэдэгдэж, хэрэгжүүлж ажиллахыг шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

          4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ДАРГА                                             Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны

09 дүгээр 21–ний өдрийн 70 дугаар

тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ШҮҮГЧИД ЧӨЛӨӨ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгчид чөлөө олгох /цаашид "чөлөө олгох" гэх/ харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр.Чөлөө олгох

2.1.Шүүгч, Ерөнхий шүүгч, Танхимын тэргүүн /цаашид "шүүгч" гэх/ чөлөө авах хүсэлтийг тухайн шүүхийн тамгын газрын даргад бичгээр гаргана. Тамгын газрын дарга чөлөө олгох эсэхийг судалж, шийдвэрлэнэ. Хүсэлтэд дараах санал, шийдвэрийг хавсаргана.

          2.1.1.ажлын 1-5 өдрийн чөлөөг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал, Ерөнхий шүүгчид Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр, хяналтын шатны шүүхийн шүүгчид танхимын тэргүүний санал, танхимын тэргүүнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн санал;

          2.1.2.ажлын 6 өдрөөс 1 сар хүртэлх хугацааны чөлөөг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр, хяналтын шатны шүүхийн шүүгч, танхимын тэргүүнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн санал;

2.2.Шүүгчид ажлын 1-5 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар, ажлын 6 өдрөөс 1 сар хүртэлх хугацааны чөлөөг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар олгоно.

         2.3.Шүүгчид 1-6 сар хүртэлх хугацааны чөлөөг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр, хяналтын шатны шүүхийн шүүгч, танхимын тэргүүнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн саналыг тус тус харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрээр олгоно.

          2.4.Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газрын дарга шүүгчид чөлөөг дараах үндэслэлээр олгоно.  

2.4.1.“Шүүхийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтад хамрагдах;
          2.4.2.шүүх, шүүхийн захиргааны байгууллагын төлөвлөсөн хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэгт оролцох;

2.4.3.эрдэм шинжилгээний бүтээл туурвих, магистр, докторын сургалтад хамрагдах;

2.4.4.эмнэлгийн үзлэг шинжилгээ хийлгэх;  

2.4.5.гурван сар хүртэлх хугацаагаар эмчлүүлэх;

2.4.6.гурван сараас дээш хугацаагаар эмчлүүлэх;

2.4.7.гэр бүлийн гишүүнээ асарч халамжлах;

2.4.8.гачигдал гарах;

2.4.9.хүндэтгэн үзэх бусад.  

          2.5.Энэ журмын 2.4.1, 2.4.2, 2.4.4, 2.4.6, 2.4.7, 2.4.8-д заасан тохиолдолд цалинтай, 2.4.3, 2.4.5, 2.4.9-д заасан тохиолдолд цалингүй чөлөө тус тус олгоно.

2.6.Энэ журмын 2.4.5-д заасан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгоно. Цалин хөлсний зөрүүг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 69 дүгээр тогтоолын дагуу тооцож шийдвэрлэнэ. 

          2.7.Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан шүүгчийн тухай шүүхийн тамгын газрын дарга Шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр мэдэгдэнэ.

2.8.Шүүгч 6 сараас дээш 2 жил хүртэл хугацаагаар чөлөө авах хүсэлт гаргавал түүний үндэслэл, шалтгааныг судалж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, чөлөө олгох тухай шийдвэр гаргавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр, хэрэв чөлөө олгох боломжгүй гэж үзсэн тохиолдолд шүүгч, Ерөнхий шүүгч өөрөө хүсэлт гаргавал албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

2.9.Шүүхийн тамгын газрын даргын шийдвэрээр нэг шүүгчид олгосон чөлөөний хугацаа нэг жилд 2 сараас хэтрэхгүй байна. Энэ журмын 2.4.4-т заасан үндэслэлээр олгох цалинтай чөлөөний нийт хугацаа нэг жилд ажлын 5 өдрөөс ихгүй байна. 

2.10.Чөлөө авч буй шүүгчид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасан тусламж олгох эсэх асуудлыг батлагдсан төсөвт нийцүүлэн шүүхийн тамгын газрын дарга шийдвэрлэнэ.

Гурав.Бусад

3.1.Шүүгчид чөлөө олгосон шийдвэр, холбогдох баримтыг нэн даруй Шүүхийн хүний нөөцийн програмд оруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба жил бүр мониторинг хийнэ.

3.2.Шүүгч чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд тамгын газрын дарга Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдэнэ.

3.3.Энэ журмыг зөрчсөн шүүгч, шүүхийн тамгын газрын даргад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

-оОо-

PDF файл хавсаргаагүй байна .