Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

 

2014 оны 03 дугаар

сарын 13-ны өдөр

 

Дугаар 14

Улаанбаатар хот

 

 

Дүрэм батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ дүрмийг мөрдөж ажиллахыг Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд үүрэг болгосугай.

3.Энэ дүрмийг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                                                                                                                                                

                                                                                                                                                                                  

 

 

 

ДАРГА

 

Н.ЛҮНДЭНДОРЖ

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2014 оны 3 сарын 13-ны өдрийн  

14 дүгээр тогтоолын хавсралт

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН БОЛОН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн /цаашид "Хорооны гишүүн" гэх/-ий баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоох, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг энэ дүрмээр зохицуулна.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид энэ дүрэм нийцсэн байна.

1.3.Хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхэм чанар, эрх, эрх чөлөөг хүндэтгэх, тэгш хандах, шударга ёсыг баримтлах, ялгаварлан гадуурхахгүй байх, хууль дээдлэх, хараат бус байх, зарчимч, бодитой хандах, нууцыг хадгалах, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид "Хороо" гэх/-ны бие даасан байдлыг хүндэтгэх, хамгаалах зарчмыг чанд баримтална.

1.4.Энэ дүрэмд хэрэглэсэн холбогдох нэр томьёог Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор ойлгоно.

Хоёр. Хорооны гишүүний ёс зүйн хэм хэмжээ

2.1.Хорооны гишүүн нь хүний эрхэм чанар, эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш хандах зарчмын хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

2.1.1.хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах;

2.1.2.шүүгч, шүүгчид нэр дэвшигчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал, гэр бүлийн байдал, хөрөнгө чинээ. эрхэлсэн ажил, албан тушаал, улс төрийн байр суурь, шашин шүтлэг, итгэл үнэмшил, үзэл бодол, боловсролоор нь үл ялгаварлах;

2.1.3.шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг дүгнэх, шүүгчид нэр дэвшигчийг үнэлэхдээ шударга, бодитой үнэлж, шийдвэр гаргах.

2.2.Хорооны гишүүн нь шударга ёсыг баримтлах зарчмын хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээгдагаж мөрдөнө:

2.2.1.хууль зөрчсөн үйлдэл, шударга бус явдалтай звлэрэхгүй байх; 2.2.2.өөртөө болон бусдад давуу байдал бий болгохгүй байх; 2.2.3.шүүгчийн хараат бус байдалд аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байх;

2.2.4.Хорооны гишүүн нь өөрийн албан үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, хорооны нэр хүндэд харшилсан эсхүл шүүгч, шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхгүй байх;

2.2.5.шүүгч, шүүгчид нэр дэвшигчтэй ганцаарчлан уулзах, сонгон шалгаруулалт. үнэлгээ, дүгнэлтийн талаар урьдчилан мэдэгдэхгүй байх.

2.3.Хорооны гишүүн нь хууль дээдлэх зарчмын хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

2.3.1.мэргэжлийн ёс зүйгээ сахиж, өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглахаас татгалзах, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх;

2.3.2.хууль, дүрмээр зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас бусад этгээдэд хорооны үйл ажиллагааны талаар мэдэгдэх, тайлагнахгүй байх;

2.3.3.Хорооны үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ хандан, хүчин чармайлт гаргаж, шуурхай, хариуцлагатай, зохион байгуулалттай ажиллах;

2.3.4.Хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирэх, хуралдааны дэгийг сахиж мөрдөх;

2.3.5.Хорооны гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх харилцаанд биеэ зөв авч явах зохисгүй байдал гаргахгүй байх эсхүл тийнхүү ойлгогдохоос сэргийлэх;

2.3.6.албан үүргээ гүйцэтгэх, өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр удаах, зайлсхийх, хойшлуулахгүй байх;

2.3.7.Хорооны гишүүн нь мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын төлөө мэдлэг, чадвараа байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж байх;

2.3.8.Хорооны ажлын албаны ажилтныг албаны чиг үүрэгт нь үл хамаарах ажил. үүргийг гүйцэтгэхийг шаардахгүй байх;

2.3.9.шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааны оролцогчтой хувийн харилцаа үүсгэхгүй байх;

2.3.10.Хорооны гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс бусад үйл ажиллагаа болон хувийн харилцаанд хорооны гишүүний үүрэгтэй зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийх;

2.3.11 Хорооны гишүүн нь аливаа этгээд, олон нийттэй харилцахдаа мэргэжлийнхээ нэр хүндийг эрхэмлэн, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, бусдад хүндэтгэл төрүүлэхүйц байх;

2.3.12.шүүгчид нэр дэвшигч болон шүүгчийн шалгалтын материалыг буруу дүгнэхгүй байх;

2.3.13.шалгалтын материал, холбогдох баримт бичгийг үнэлж, дүгнэхдээ хайхрамжгүй хандахгүй байх;

2.3.14.шүүгчид нэр дэвшигч болон шүүгчийг үнэлж, дүгнэхдээ шалгалтын материал. холбогдох баримт бичигт засвар. өөрчлөлт оруулах, тэмдэг, тэмдэглэгээ хийхгүй байх.

2.4.Хорооны гишүүн нь бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэх зарчмын хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

2.4.1.Хорооны гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн нөлөөнд авталгүй хараат бусаар ажиллаж, хууль тогтоомжийн дагуу, баримт нотолгоонд тулгуурлан бие даан шийдвэр гаргах;

2.4.2.Хорооны бусад гишүүний бие даасан, хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах;

2.4.3.Хорооны гишүүн өөрийг нь гишүүнээр нэр дэвшүүлсэн эсхүл томилох. чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болон Хорооны бусад гишүүдийн заавар, чиглэлээр ажиллахгүй байх;

2.4.4.хууль тогтоомжид заасан чиг үүргээ хараат бус, шударгаар хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд үйл ажиллагаагаараа харуулж, Хорооны нэр хүндийг ямагт хүндэтгэх.

2.5.Хорооны гишүүн нь нууцыг хадгалах зарчмын хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

2.5.1.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн байгууллага, хувь хүний мэдээллийн нууцыг чандлан хадгалах;

2.5.2.Хорооны хуралдааны нууцлалыг хадгалах;

2.5.3.Хорооны гаргасан үнэлгээ, дүгнэлт, шалгалтын сорилын сангийн нууцлал. шалгалтын материалыг урьдчилан ил болгох, хувийн зорилгоор ашиглах, бусдад дамжуулахгүй байх;

2.5.4.Хорооны гишүүн нууцлалыг хадгалах үүргээ бүрэн эрхээ дууссаны дараа үргэлжлүүлэн хадгална.

Гурав. Хорооны гишүүний ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх ёс зүйн хэм хэмжээ

3.1.Хорооны гишүүн нь ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарчмын хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

3.1.1.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад ашиг сонирхлын зөрчилд орохоос зайлсхийх;

3.1.2.албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байх;

3.1.3.шүүгч, шүүгчид нэр дэвшигч, тэдгээрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдээс бэлэг, зээл, хандив, үйлчилгээ болон санхүүгийн туслалцаа хүсэх, дэмжлэг авахгүй байх;

3.1.4.Хорооны гишүүн нь шүүгч, шүүгчид нэр дэвшигч, тэдгээрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оролцоотой хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, гишүүнээр элсэх, аливаа хэлцэл хийх, хамтран ажиллахгүй байх;

3.1.5.шүүгчид нэр дэвшигчийн үнэлгээ болон шүүгчийн мэргэшлийн түвшинг тогтоосон дүгнэлтийг үндэслэлгүйгээр өөрчлөхгүй байх;

3.1.6.Хорооны гишүүн өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг хангах зорилгоор хорооны гишүүний нэр хүндийг урвуулан ашиглах, бусад этгээдэд тийнхүү ашиглахыг зөвшөөрөхгүй байх;

3.1.7.ашиг сонирхлын зөрчлийг мэдэхийн төлөө чармайх, ашиг сонирхлын зөрчил болон ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдалд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлэх;

3.1.8.Хорооны гишүүн өөртэй нь хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг дүгнэх, нэр дэвшигчийг үнэлэх бол уг ажиллагаанаас татгалзан гарах;

3.1.9.албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамааралтай, нэгдмэл сонирхолтой этгээдийн хувийн зорилгод аииглахгүй байх.

3.2.Хорооны гишүүний ашиг сонирхлын зөрчлийн талаар хорооны аль ч гишүүн эсхүл аливаа этгээд гомдол гаргаж болно.

З.З.Шүүгчийг нэр дэвшиж байхад нь шалгасан Хорооны гишүүн дөрвөн жилийн дотор тухайн шүүгчийн хянан шийдвэрлэж байгаа хэрэг, маргааны аль нэг талын өмгөөлөгчөөр оролцох бол хорооны нэрийн өмнөөс тухайн шүүгчид үнэлгээ өгөх ажиллагаанд оролцож байсан тухайгаа эсрэгталын өмгөөлөгч болон шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

Дөрөв. Ес зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

4.1.Хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд өөрөө татгалзан гарна.

4.2.Хорооны шүүгч-гишүүн нь өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагааныхаа түвшинг дүгнүүлэх тохиолдолд тухайн ажиллагаанаас татгалзан гарна.

4.3.Хорооны гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацаанд шүүгчид, дээд шатны шүүхийн шүүгчид нэр дэвшихийг хориглоно.

4.4.Хорооны гишүүн хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, албан тушаал эрхлэх болсон тохиолдолд түүний бүрэн эрх дуусгавар болно.

4.5.Хорооны гишүүн нь үндсэн үйл ажиллагааныхаа талаар сонирхол бүхий этгээдтэй ярилцах, бусдад мэдээлэхийг хориглоно.

4.6.Хорооны гишүүд хуралдаанаас гадна тодорхой нэр дэвшигчийн талаар ярилцахыг хориглоно.

Тав. Гомдол шийдвэрлэх

5.1.Хорооны гишүүний ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/-д аливаа этгээд гаргаж болно.

5.2.Ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэлд холбогдох тайлбар, нотлох баримтыг хавсаргасан байна.

5.3.Ерөнхий зөвлөлийн дарга гомдол, мэдээллийг хүлээн авч, Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрийн эхний үсгийн цагаан толгойн дарааллаар хуваарилна.

5.4.Ерөнхий зөвлөлийн гишүүн гомдлыг 14 хоногийн дотор шалгаж, дүнг Ерөнхий зөвлөлийн даргад танилцуулж, Ерөнхий зөвлөлийн хуралдаанд илтгэнэ.

5.5.Ерөнхий зөвлөлийн дарга гомдол, мэдээллийг шалгах хугацааг шаардлагатай гэж үзвэл 14 хүртэлх хоногоор нэг удаа сунгаж болно.

5.6.Ерөнхий зөвлөл гомдол, мэдээллийг хуралдаанаар хэлэлцэж, үндэслэлгүй гэж үзвэл гомдол, мэдээлэл гаргагчид хариуг бичгээр хүргүүлнэ. Харин үндэслэлтэй гэж үзвэл энэ дүрмийн 6.1-д заасан хариуцлага хүлээлгэж, тухайн гишүүний гаргасан зөрчил нь шүүгчид нэр дэвшигчийн үнэлгээ, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүгнэлтэд нөлөөлсөн бол уг үнэлгээ, дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Шүүхийн мэргэшлийн хороонд хүргүүлнэ.

5.7.Ерөнхий зөвлөл гомдол, мэдэээллийг хуралдаанаар хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл шалгалтын материалыг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлнэ.

Зургаа. Хариуцлага

6.1.Ерөнхий зөвлөл тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах хариуцлагын аль нэгийг хүлээлгэнэ:

6.1.1 .сануулах;

6.1.2.гишүүнээс чөлөөлөх. 6.2.Энэ дүрмийн 6.1-д заасан хариуцлагыг дэс дараалан хэрэглэхгүй байж болно.

6.З.Энэ дүрмийн 6.1-д заасан хариуцлага хүлээсэн нь тухайн гишүүнийг Мэргэшлийн хорооны гишүүнээр дахин томилоход татгалзах үндэслэл болно.

 

—оОо—

PDF файл хавсаргаагүй байна .