Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр                                                                Дугаар 03                                                                 Улаанбаатар хот

 

 

 

Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө,

үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам батлах тухай

 

 

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дах хэсэгт  заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ НЬ:

            1.“Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх  журам”-ыг хавсралтаар баталсугай.

            2.Энэ тогтоолыг 2014 оны 02 дугаар сарын 01ий өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

            3.Шүүхэд хадгалагдаж буй эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх ажлын зохион байгуулалтыг энэ журамд нийцүүлж, журмын биелэлтэд хяналт тавьж, ажиллахыг тамгын газрын дарга нарт үүрэг болгосугай.

            4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 76 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

             

 

ДАРГА                                 Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2014 оны 01 дүгээр сарын 10-ны

өдрийн 03 дугаар тогтоолын хавсралт

 

 

ЭД МӨРИЙН БАРИМТ БОЛОН БАРЬЦААНЫ МӨНГӨ, БУСАД ҮНЭ БҮХИЙ

ЗҮЙЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

            Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйл /цаашид “эд мөрийн баримт” гэх/-ийг шүүхэд хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, буцаан олгох, устгах ажиллагааг зохицуулах, хяналт тавих асуудлыг энэ журмаар зохицуулна.

            1.2.Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох бусад дүрэм, журмуудад энэ журам нийцсэн байна.

            Хоёр. Эд мөрийн баримтыг хүлээн авах

2.1.Эд мөрийн баримтыг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч “Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэгдэх бүртгэлийн загвар" /№11/-ыг хөтөлнө.

2.2.Шүүх яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд тусгасны дагуу эд мөрийн баримтыг дараах байдлаар хүлээн авна:

2.2.1.овор хэмжээ ихтэй, хадгалалт, хамгаалалтын тусгай горим, нөхцөл шаардсан зэрэг шалтгаанаар шүүхэд хүлээн авах, хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг хавтаст хэргийг хүлээлгэн өгч буй этгээдийн албан ёсоор баталгаажуулсан баримтыг үндэслэх;

2.2.2.үнэт ховор эд зүйл, олдвор, оюуны өмчийн дахин давтагдашгүй бүтээл зэрэг эд мөрийн баримтыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх;

2.2.3.эд мөрийн баримтыг байршил, хадгалж буй газарт нь гэрэл зураг, дүрс бичлэгээр бэхжүүлэн тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт хавсаргах;

2.2.4.мөнгө, валют, үнэт цаасыг эд мөрийн баримтаар хүлээн авах тохиолдолд тэдгээрийн серийн дугаар, тоо ширхэг, хэмжээ, хэлбэрийн хувьд содон тэмдэг, тэмдэглэгээ зэргийг нэг бүрчлэн тэмдэглэл үйлдэн баталгаажуулах;

2.2.5.мэдээллийн техник, технологийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслэл /бүх төрлийн CD, зөөврийн хатуу диск, хатуу диск, флаш …/-ийг хүлээн авахдаа хэргийн онцлогоос шалтгаалан, тухайн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байгаа эсэх, хэлбэрийн хувьд гэмтэлтэй эсэх, серийн дугаар тохирч буй эсэх, овор хэмжээ зэргийг нэг бүрчлэн шалгаж тэмдэглэл үйлдэх.

            2.3.Шүүхэд эд мөрийн баримтыг хүлээлгэн өгч буй этгээд энэ журмын 2.2-т заасан шаардлагыг хангаагүй бол эд мөрийн баримтыг хүлээн авахгүй.

            Гурав. Эд мөрийн баримтыг хадгалах

3.1.Эд мөрийн баримтыг хуульд заасан хугацаанд шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан  хариуцан хадгална.

3.2.Эд мөрийн баримтыг зориулалтын өрөө /цаашид “өрөө” гэх/-нд хадгалах бөгөөд өрөө нь галын болон бусад эрсдлээс хамгаалагдсан байна.

3.3.Өрөө нь стандартын шаардлагыг хангасан зориулалтын тоног төхөөрөмжтэй байхаас гадна галын болон бусад эрсдэлээс хамгаалагдсан сейфтэй байна.

3.4.Эд мөрийн баримтыг бусад хэргийн эд мөрийн баримтаас тусгаарласан зориулалтын сав буюу хайрцаганд хийж, битүүмжлэн хадгална.

3.5.Эд мөрийн баримтын хайрцагны гадна талд эд мөрийн баримт хүлээн авсан огноо, хүлээн авсан ажилтны нэр, гарын үсэг, тухайн хэргийн индекс, яллагдагч, шүүгдэгчийн овог, нэр, эд мөрийн баримтын нэр, тоо ширхэгийг бичиж байрлуулна.

3.6.Хадгалалтын тусгай горимтой эд мөрийн баримтыг стандартын дагуу хадгална /тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, галт зэвсэг зэрэг эд зүйлс/.

            Дөрөв. Эд мөрийн баримтыг шилжүүлэх, буцаан олгох

4.1.Эд мөрийн баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасны дагуу шийдвэрлэж энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.

            4.2.Энэ журмын 3.6-д заасан эд зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу бусдад шилжүүлэхдээ холбогдох мэргэжлийн байгууллагын дэмжлэгийг авч, шилжүүлсэн тухай баримтыг хэрэгт хавсаргана.

4.3.Эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч этгээдэд нь энэ журмын 2.1, 2.2-т зааснаар тухайн эд зүйлийг шүүхэд хүлээн авсан тэмдэглэлд заасан агуулгаар буцаан олгоно.

4.4.Шүүхэд эд мөрийн баримтыг устгах чиг үүрэг бүхий орон тооны бус комиссыг тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулна.

 4.5.Энэ журмын 4.4-д заасан шүүхийн тамгын газрын даргын тушаалд дараах зүйлийг тусгасан байна.

4.5.1.комиссийн дарга, гишүүдийн овог, нэр, албан тушаал;

4.5.2.эд мөрийн баримтын нэр;

4.5.3.эд мөрийн баримтыг устгах огноо;

4.5.4.эд мөрийн баримтыг устгахад оролцох албан тушаалтан, байгууллагын нэр;   

4.5.5.эд мөрийн баримтыг хэрхэн яаж устгах тухай;

4.5.6.эд мөрийн баримтыг устгах газрын нэр, байршил /нарийвчлан заах/;

4.6.Комисс нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтан зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

            4.7.Энэ журмын 3.6-д заасан эд мөрийн баримтыг устгахдаа мэргэжлийн байгууллагыг оролцуулна.

            4.8.Эд мөрийн баримт устгасан тухай актыг энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу үйлдэж хэрэгт хавсаргана.

            Тав. Барьцааны мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг хүлээн авах

5.1.Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эрүүгийн хэргийн яллагдагч, шүүгдэгч шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхаа өөрөө баталж, эсхүл түүнийг ирүүлж байх үүргийг бусад хүн, байгууллага /цаашид “барьцаа гаргагч” гэх/ хүлээж мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг барьцаалан ирүүлсэн бол уг барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан хоёрдугаар хавсралтын дагуу баримт үйлдэн хүлээн авна.

5.2.Шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхыг яллагдагч, шүүгдэгч өөрөө баталж эсхүл тэднийг ирүүлж байх үүрэг хүлээсэн иргэн, байгууллага /цаашид “барьцаа гаргагч” гэх/ нь таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа шүүхийн тусгай дансанд барьцааны мөнгийг шилжүүлж, үнэ бүхий зүйлийг биетээр хүлээлгэн өгнө.

5.3.Шүүх барьцаанд авсан үнэ бүхий зүйлийг хүлээн авахдаа тухайн эд зүйлийн чанарыг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын баталгааг заавал шаардана. Хэрэв баталгаагүй бол түүнийг хүлээж авахгүй.

5.4.Шүүхийн тамгын газар нь барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг банк, санхүүгийн байгууллагад зохих журмын дагуу хадгалуулах бөгөөд тэдгээрийг арилжааны зориулалтаар ашиглахыг хориглоно.

5.5.Энэ журмын 6.4-д заасан мөнгө, эд зүйлийг тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан тухайн өдөрт нь банк, санхүүгийн байгууллагад хадгалуулж, зохих баримтыг  хэрэгт хавсарган, хуулбарыг барьцаа гаргагч, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд болон шүүхийн нягтлан бодогчид тус тус хүлээлгэн өгнө.

5.6.Барьцааны мөнгө тушаасан, хадгалуулсан баримт, бусад үнэ бүхий зүйлийг тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч, “Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэгдэх бүртгэлийн загвар" /№12/-ыг хөтөлнө.

            Зургаа. Барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шилжүүлэх, буцаан олгох

6.1.Шийдвэрт гомдол гаргах хугацаа дууссаны дараа шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг үндэслэн дансанд тушаагдсан барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг холбогдох этгээдэд шилжүүлэх буюу буцаан олгохдоо хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч байлцуулан энэ журмын 5.2, 5.3-т зааснаар хүлээн авсан баримт бичгийн дагуу гуравдугаар хавсралтын дагуу баримт  үйлдэж, баримтыг хэрэгт хавсаргана.

6.2.Дансны гүйлгээнд тухайн шүүхийн тамгын газрын дарга, нягтлан бодогч нар 1,2 дугаар гарын үсэг зурна.

6.3.Барьцааны мөнгийг барьцаа гаргагчид буцаан олгох буюу шилжүүлэхдээ  дансанд байрлуулсан хугацааны хүүг тухайн хэргийг шийдсэн шүүгчийн захирамжаар улсын орлого болгож баримтыг хэрэгт хавсаргана. 

            Долоо. Барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг улсын орлого болгох

7.1.Шүүгчийн захирамжаар барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг улсын орлого болгож эрх бүхий байгууллагад шилжүүлэх ажиллагааг шүүхийн тамгын газрын дарга эрхлэн гүйцэтгэнэ. Энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.

           7.2.Барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг улсын орлого болгож эрх бүхий байгууллагад шилжүүлэхдээ анх хүлээж авсан тоо ширхэгээр нь, мэргэжлийн байгууллагын гаргасан тодорхойлолтод заасан агуулгаар дөрөвдүгээр хавсралтын дагуу баримт үйлдэн шилжүүлэн өгнө.  

            Найм. Хариуцлага

           8.1.Энэ журмыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

                                                    -о0о-