Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай

 

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 2017 оны 06 сарын 08-ны өдөр                                                                                                       Дугаар 103                                                                                                  Төрийн ордон, Улаанбаатар хот

 

    Шүүгчийг сонгон шалгаруулах журам

шинэчлэн батлах тухай

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

            Нэг. Шүүгчийг сонгон шалгаруулах журмын шинэчилсэн найруулгыг хавсралт ёсоор баталсугай.

            Хоёр. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН                                                   ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                     ЭЛБЭГДОРЖ

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн

103 дугаар зарлигийн хавсралт

 

ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

       1.1.Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч /цаашид “шүүгч” гэх/-ийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлэх, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулахажиллагаа /цаашид “сонгон шалгаруулалт” гэх/-г энэ журмаар зохицуулна.

       1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид уг журам нийцсэн байна.

         1.3.Сонгон шалгаруулалт нь Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/-ны үнэлгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх санал хураалтаас бүрдэнэ.

       1.4.Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.

 

Хоёр.Мэргэшлийн хорооны шалгалт

 

2.1.Мэргэшлийн хороо шүүгч, ерөнхий шүүгчид нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийгшалгалтад үндэслэн үнэлнэ.

2.2.Шалгалт дараахь төрөлтэй байна:

               2.2.1.суурь;

               2.2.2.давж заалдах шатны шүүхийн шүүгчийн;

               2.2.3.хяналтын шатны шүүхийн шүүгчийн;

               2.2.4.ерөнхий шүүгчийн.

2.3.Мэргэшлийн хороо шалгалтын агуулга, үнэлэх аргачлал, журмыг тогтоож, нууцлалыг хангана. Мэргэшлийн хорооны ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/ зохион байгуулалт, техникийн туслалцаа үзүүлнэ.

Гурав.Суурь шалгалт

          3.1.Суурь шалгалт нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг үнэлэх Ерөнхий шалгалт, зан төлөв, мэргэжлийн ёс зүйг үнэлэх Тусгай шалгалтаас бүрдэнэ. Мэргэшлийн хороо суурь шалгалтыг ерөнхий болон тусгай шалгалтын онооны нийлбэрээр (100 хүртэл оноо) үнэлнэ.

          3.2.Ерөнхий шалгалт дараах бүрдэл хэсэгтэй бөгөөд нийт 60 хүртэлх оноогоор доор дурдсан аргаар үнэлнэ:

     3.2.1.монгол хэлний бичгийн чадвар (5 хүртэл оноо)-ыг тодорхой сэдвээр эссэ бичих;

     3.2.2.үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг (15 хүртэл оноо)-ийг сорил эсхүл эрх зүйн тохиолдол шийдвэрлэх;

     3.2.3.хууль хэрэглэх мэдлэг, чадвар (30 хүртэл оноо)-ыг дагнасан шүүхийн салбар эрх зүйн хүрээнд тохиолдол шийдвэрлэх;

     3.2.4.эрх зүйн акт үйлдэх чадвар (5хүртэл оноо)-ыг шүүхээс гарах баримт бичиг боловсруулах;

     3.2.5.хэрэглээний програм ашиглах чадвар (5 хүртэл оноо)-ыг албан хэрэгцээний програмд даалгавар гүйцэтгэх.

          3.3.Ерөнхий шалгалтын үнэлгээг энэ журмын 3.2.1-3.2.5-д заасан онооны нийлбэрээр тооцно.

          3.4.Ерөнхий шалгалтад 36  ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч Тусгай шалгалтад оролцох эрхтэй.

          3.5.Тусгай шалгалт дараах бүрдэл хэсэгтэй бөгөөд нийт 40 хүртэлх оноогоор доор дурдсан аргаар үнэлнэ:

                       3.5.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.9-д заасан зан төлөв (20 хүртэл оноо)-ийг нэр дэвшигчтэй болон хамт сурч, ажиллаж байсан, мөн түүнийг тодорхойлох боломжтой иргэнтэй ярилцлага хийх, тохиолдлоор сонголт хийж асуулга авах, намтар судлах үндсэн дээр Мэргэшлийн хорооны гишүүн бичгээр дүгнэлт гаргах;

                        3.5.2.мэргэжлийн ёс зүй (10 хүртэл оноо)-г сорил эсхүл тохиолдол шийдвэрлэх;

                        3.5.3.монгол хэлний ярианы чадвар (10 хүртэл оноо)-ыгбичсэн сэдвийн агуулгыг илтгэх.

          3.6.Тусгай шалгалтын үнэлгээг энэ журмын 3.5.1-3.5.3-т заасан онооны нийлбэрээр тооцно.

          3.7.Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд шүүгчийн зарлагдсан хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлж болно.

          3.8.Суурь шалгалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулна.

 

            Дөрөв.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт

 

        4.1.Шалгалт дараах бүрдэл хэсэгтэй бөгөөд нийт 100 хүртэлх оноогоор доор дурдсан аргаар үнэлнэ:

                       4.1.1.шийдвэр бичих ур чадвар (30хүртэл оноо)-ыганхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах хугацаанд дангаар хянан шийдвэрлэсэн таван хэрэг маргааны шийдвэрийг тохиолдлын журмаар сонгон авч дүн шинжилгээ хийх;

                        4.1.2.магадлал бичих ур чадвар (50 хүртэл оноо)-ыг тохиолдлын журмаар сонгонавсан анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт бичих;

                        4.1.3.бүтээл (20 хүртэл оноо)-ийг бичсэн өгүүлэл, ном, гарын авлага, илтгэл болон хууль тогтоомжийг боловсонгуй болгох талаар албан ёсны гаргасан санал зэргийн тоо, чанарыг харгалзах.

 4.2.Үнэлгээг энэ журмын 4.1.1-4.1.3-т заасан онооны нийлбэрээр тооцно.

4.3.Шүүгчийн албан тушаал эрхлээгүй нэр дэвшигч суурь шалгалтыг заавал өгсөн байна.

 

Тав.Хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалт

 

          5.1.Шалгалт дараах бүрдэл хэсэгтэй бөгөөд нийт 100 хүртэлх оноогоор доор дурдсан аргаар үнэлнэ:

                        5.1.1.шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдлэг чадвар, туршлага,зан төлөв, ёс зүй (40 хүртэл оноо)-г эссэ бичих, дагнасан шүүхийн салбар эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, ярилцлага хийх, асуулга авах, намтар судлах үндсэн дээр Мэргэшлийн хорооны гишүүн бичгээр дүгнэлт гаргах;

                        5.1.2.хууль тайлбарлах ур чадвар (25хүртэл оноо)-ыг Үндсэн хууль, бусад хуулийн тодорхой зүйл, заалтад онолын тайлбар бичих;

                        5.1.3.дүн шинжилгээ хийх чадвар, (25хүртэл оноо)-ыг шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичих;

                        5.1.4.мэргэшсэн байдал (10 хүртэл оноо)-ыг боловсролын ахисан түвшний зэрэг, ном, сурах бичиг, өгүүлэл, нийтлэлийн тоо, чанарыг харгалзах.

         5.2.Үнэлгээг энэ журмын 5.1.1-5.1.4-т заасан онооны нийлбэрээр тооцно.

 

            Зургаа. Ерөнхий шүүгчийн шалгалт

 

          6.1.Шалгалт дараах бүрдэл хэсэгтэйбөгөөд нийт 100 хүртэлх оноогоор доор дурдсан аргаар үнэлнэ:

                        6.1.1.удирдан зохион байгуулах ур чадвар (30 хүртэл оноо)-ыг ярилцлага хийх;

                        6.1.2.хөндлөнгийн үнэлгээ(40 хүртэл оноо)-г хамт ажиллаж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаас асуулга авах;

                        6.1.3.шийдвэрт хийх дүн шинжилгээ (30 хүртэл оноо)-г нэр дэвшигчийн хянан шийдвэрлэсэн 5 хэрэг маргааны шийдвэрийг тохиолдлын аргаар сонгож дүн шинжилгээ хийх.        

        6.2.Үнэлгээг энэ журмын 6.1.1-6.1.3-т заасан онооны нийлбэрээр тооцно.

                       

Долоо.Шалгалтын үнэлгээ

 

        7.1.Мэргэшлийн хороо энэ журмын 2.2.1-2.2.4-т заасан шалгалтад 70 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг шалгалтад тэнцсэнд тооцно.

        7.2.Мэргэшлийн хороо шалгалтын үнэлгээг нэр дэвшигчид цахим хэлбэрээр танилцуулна.

          7.3.Шалгалтад тэнцсэн нэр дэвшигч болон шүүгч бусад дагнасан шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох тохиолдолд Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан хугацаанд зөвхөн энэ журмын 3.2.3-т заасан “хууль хэрэглэх мэдлэг, чадвар”-ын шалгалтад оролцож, бусад оноог нөөцийн онооноос тооцуулж болно.

 

Найм.Бэлтгэл сургалт

          8.1.Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч шүүгчийн бэлтгэл сургалтад бүрэн хамрагдсан тохиолдолд Ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцоно.

          8.2.Бэлтгэл сургалтын агуулга 24 багц цаг байна.

         

Ес.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дүгнэлт

 

          9.1.Шалгалтад тэнцсэн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцоно.

          9.2.Ганцаарчилсан ярилцлага дараах бүрдэл хэсэгтэй бөгөөд нийт 100 хүртэлх оноогоор дүгнэнэ:

                        9.2.1.хувь хүний хөгжил, боловсрол (20 хүртэл оноо);

                        9.2.2.ажил, амьдралын туршлага (20 хүртэл оноо);

                        9.2.3.мэргэшсэн байдал (20 хүртэл оноо);

                        9.2.4.хуульчийн нэр хүнд, зан төлөв (20 хүртэл оноо);

                        9.2.5.хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хандлага (20 хүртэл оноо).

          9.3.Нэр дэвшигчийг ганцаарчилсан ярилцлагад 70 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд хангалттайд тооцно.

          9.4.Нэр дэвшигч шүүгчийн сул орон тоонд нэр дэвших бүрт ганцаарчилсан ярилцлагад оролцоно. Ажлын алба ганцаарчилсан ярилцлагын дүгнэлтийг нэр дэвшигчид цахим хэлбэрээр танилцуулна.

 

Арав.Монголын хуульчдын холбооны дүгнэлт

          10.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан дүгнэлтийг Хуульчдын холбоо 15 хоногийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

         

Арван нэг. Өргөн мэдүүлэх

11.1.Нэр дэвшигчийн нэрийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

11.2.Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэр дэвшигчийг  Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

 

 

 

-о0о-

PDF файл хавсаргаагүй байна .