Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ШҮҮХИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ХЭВ МАЯГ, ЗУРАГЛАЛ, ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1993 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Дугаар 101 Улаанбаатар хот
Монгол Улсын Шүүхийн бэлгэ тэмдгийн хэв маяг, зураглал, дүрмийг 1, 2, 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
1993 оны 101 дүгээр зарлигийн хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ЗУРАГЛАЛ
Шүүхийн бэлгэ тэмдэг нь дугуй хэлбэрийн дэвсгэр дээр үнэн цагааны билэгдэл хүндэтгэлийн навчин хүрээтэй, аливаа хууль бусыг даран арилгахыг билэгдсэн суман голчтой, хэрэг, маргааныг нягтлан дэнсэлж гагцхүү үнэнийг тогтоох дэнсний хэлбэртэй байна.
Дэнсний нуруугаар дэлгээстэй ном дүрсэлсэн нь шүүх зөвхөн Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор хэвлэн нийтэлсэн хуулийг дээдлэн ажиллахыг билэгдэнэ.
Хүндэтгэлийн хоёр навчны үндсийг зөрүүлэн зангидаж, уулзварт нь монгол төрийн уламжлалт бэлгэдэл соёмбыг байрлуулна.
Шүүхийн бэлгэ тэмдгийн хүндэтгэлийн соёмбо, дэнс, сум, навч нь бат бэхийн бэлгэдэл хар өнгөтэй, дэвсгэр нь алтан шаргал өнгөтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
1993 оны 101 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Шүүхийн бэлгэ тэмдэг нь шүүх хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа мөн болохыг илэрхийлнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн бэлгэ тэмдгийг бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хүндэтгэлтэйгээр байрлуулна.
Шүүхийн бэлгэ тэмдгийг шүүхийн албан байр, шүүгчийн албаны өмсгөл, энгэрийн тэмдэг, шүүхийн байгууллагын хаяг, хэвлэл, шагнал, албан бичгийн хэвлэмэл хуудас, шүүхээс зохиож байгаа баяр ёслол, түүнд зориулсан чимэглэлд хэрэглэж болно.
Шүүхийн бэлгэ тэмдгийг бусад байдлаар зөвхөн Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгээр хэрэглэнэ.
Шүүхийн бэлгэтэмдгийг энэхүү дүрмийн дагуу хэрэглэж байгаа эсэхэд бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчид, шүүхийн тамгын газар, хэлтсийн дарга нар хяналт тавина.
PDF файл хавсаргаагүй байна .