Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 сарын 14 өдөр   Төрийн ордон,Улаанбаатар хот

 

Дугаар 04

 

   Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

 

1.“Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

 

2.Шүүгчид олгох докторын зэргийн нэмэгдлийг шүүгчийн албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тогтоосугай.

 

 

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоол, “Шүүгчид зэрэг дэв олгох тухай” Улсын Их Хурлын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

4.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

           

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР
 
 
 
 
 
 
 

 

 

 

 

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ШҮҮГЧИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчид шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоход энэ журмыг мөрдөнө.

 

2.Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл нь шүүгчээс гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдан шүүн таслах эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүгчийн хараат бус байдлын баталгааны нэг мөн.

 

Хоёр.Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ, түүнийг олгох

 

1.Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шүүгчийн авч байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар бодож сар бүр олгоно.

 

2.Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг бүх шатны шүүхийн шүүгчид шүүгчийн албан тушаалд ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.

 

 

 

 

---оОо---

 

 

Монгол Улсын Их Хурлын 2021 он 04 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


 

ШҮҮГЧИЙН ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгоход энэ журмыг мөрдөнө.

 

2.Шүүгчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгааны нэг мөн.

 

Хоёр.Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ, түүнийг олгох

 

1.Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн шүүгчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан албан тушаалын сарын цалингаас доор дурдсан хувиар олгоно:

 

Төрийн алба хаасан хугацаа /жилээр/

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/

5-10

5

11-15

10

16-20

15

21-25

20

26 ба түүнээс дээш

25

 

2.Шүүгчийн төрийн алба хаасан хугацааг Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад заасны дагуу тооцно.

 

3.Төрийн алба хаасан хугацааг шүүхийн Тамгын газраас тодорхойлж, шүүгчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.

 

4.Төрийн алба хаасан хугацааг тогтоох үндсэн баримт нь нийгмийн даатгалын дэвтэр болно.

 

5.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг бүх шатны шүүхийн шүүгчид олгоно.

 

 

 

 

---оОо---

 
 
 

PDF файл хавсаргаагүй байна .