Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 


АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ



УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ



ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ



2000 оны 5 дугаар сарын 04-ний өдөр                                                                                                 Дугаар 39                                                                                                                                                Улаанбаатар хот

 

 

                           Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :



1.Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2.Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авч байхыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.



3.Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж, биелэлтийн явцыг жил бүр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж байхыг Хууль зүйн байнгын хороо /Ч.Отгонбаяр/-нд даалгасугай.

 

 

 

 

ДАРГА                                            Р.ГОНЧИГДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улсын Их Хурлын 2000 оны

39 дүгээр тогтоолын хавсралт 


МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Суурь үнэлэхүй 1.ХАРААТ БУС БАЙХ

 

Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн харилцан тэнцвэрийг хангахуйц шүүх эрх мэдлийн  улс төр, эдийн засаг, зохион байгуулалтын болон шийдвэр гаргах хараат бус байдлаа хамгаалах чадвар

 

Стратеги зорилт 1.1. Шүүгч бие дааж шийдвэр гаргах боломжийг хангахуйцаар бүх шатны шүүхийн хоорондын харилцааг боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

1.1.1.анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүхийн харьяаллыг давхардалгүй оновчтой тодорхойлох;

1.1.2.шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх харьяаллыг үндэслэн тэдгээрийн зохион байгуулалт, байршлыг өөрчлөх, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх;

1.1.З.анхан шатны шүүхийн хараат бус байдлыг хангах үүднээс доод шатны шүүхийн шийдвэрт дээд шатны шүүхийн шүүгч эсэргүүцэл бичих эрхийг, доод шатны прокурорын эсэргүүцлийг дээд шатны прокурор нь эгүүлэн татах замаар нөлөөлөх боломжийг тус тус хуулиар хязгаарлах, энэ талаархи хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох;

1.1.4.шүүх эрх мэдлийн байгууллагуудыг мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болгох, үүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;

1.1.5.гадаадын зарим орны шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлэх.

Стратеги зорилт 1.2. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хууль бус шийдвэрт тавих хяналтын механизм бий болгоно:

Авах арга хэмжээ:

1.2.1.захиргааны хэрэг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах, үйл ажиллагааг нь төлөвшүүлэх.

Стратеги зорилт 1.З. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

1.З.1.шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүлээх эрх, үүрэг тэдгээрийн харилцан  шүтэлцээг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;

1.3.2.шүүх эрх мэдлийн байгууллагуудыг ажиллах байр, шаардлагатай  тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр хангах, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, шүүхийн  шийдвэр гүйцэтгэгч нараас үйл ажиллагаагаа хараат  бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх,  цалингийн хэмжээг тогтоох, энэ талаар төрийн бүх байгууллагын хүлээх үүргийг хуулиар тодорхойлох;

1.3.3.шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагааны тайланг Улсын Их Хурал жил бүр сонсож, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж байхыг  хуульчлах;

1.3.4.Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос хуулийн төсөлд  санал өгөх, хуулийг хэрэглэх явцад гарч байгаа хийдэл, доголдлын талаар албан ёсны дүгнэлт гаргах асуудлуудыг судалж хуульчлах;

1.3.5.Үндсэн хуулийн цэцтэй харилцах шүүх эрх мэдлийн байгууллагуудын харилцааг боловсронгуй болгох.

Стратеги зорилт 1.4. Шүүхийн төсвийн хараат бус байдлыг бэхжүүлнэ:

Авах арга хэмжээ:

1.4.1.шүүхийн төсөв нь улсын нэгдсэн төсвийн тодорхой хувийг эзэлж байх асуудлыг судалж боломжит хувилбарыг сонгох;

1.4.2.шүүхийн төсвийн төсөл, гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, аудитын дүгнэлт гаргуулах, тайлагнах хугацаа, журмыг хуулиар нарийвчлан зохицуулах

Стратеги зорилт 1.5. Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг бэхжүүлнэ:

Авах арга хэмжээ:

1.5.1.шүүгчийн албан тушаалыг хаших нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хуульчийн нэр төрийн хэрэг болохуйц хэмжээнд эдийн засгийн баталгаа, хөшүүрэг бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх;

1.5.2.бүх шатны шүүхийн шүүгчдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд төрөөс хөнгөлөлт, туслалцаа үзүүлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх журмыг боловсруулах

Стратеги зорилт 1.6. Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрийн хувьд хараат бус байх явдлыг хангана:

Авах арга хэмжээ:

1.6.1.шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцтэй хэрхэн харилцах асуудлыг судалж боловсруулан хуульчлах;

1.6.2.хуулийн байгууллагын удирдлага болон шүүгч, прокурорыг томилох, чөлөөлөх асуудлыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах асуудлыг судалж баталгаажуулах;

1.6.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн улс төрийн нөлөөнөөс аль болох ангид байлгахаар гишүүдийн төлөөллийг бүрдүүлэх асуудлыг судалж хэрэгжүүлэх.

Стратеги зорилт 1.7. Шүүх эрх мэдлийн байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн нөлөөллөөс ангид, хараат бус байх нөхцөл бүрдүүлнэ:

Авах арга хэмжээ:

1.7.1.шүүх эрх мэдлийн байгууллагыг хэвлэл мэдээллийн нөлөөллөөс хамгаалах болон шүүх эрх мэдэл ба хэвлэл мэдээллийн хоорондын харилцааг боловсронгуй болгох механизм бүрдүүлэх;

1.7.2.шүүх эрх мэдлийн байгууллагууд иргэд, олон нийтэд зориулсан мэдээлэл боловсруулах, түүнийг тогтмол хүргэж байх мэдээллийн технологи бий болгох;

1.7.З.шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг олон түмэнд ил тод байлгаж, хуулиар тусгайлан нууцад хамааруулаагүйгээс бусад мэдээ, мэдээллийг чөлөөтэй олгох үүрэг бүхий хэвлэл мэдээллийн албадыг төв байгууллагууд дээр бий болгох.

Суурь үнэлэхүй 2. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙХ

Шүүх эрх мэдлийн байгууллага татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр ашигтай зарцуулах чадвар буюу түүний дотор шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтан бүрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа сахих ажлын гүйцэтгэл, ёс зүйн хариуцлага хүлээх чадвар

Стратеги зорилт 2.1. Шүүх эрх мэдлийн байгууллага бүрийн хүлээх хариуцлагын хүрээг тодорхойлно:

Авах арга хэмжээ:

 2.1.1.шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны алдаанаас иргэн аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг арилгах талаархи хууль тогтоомж болон түүнийг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох;

2.1.2.шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь өрсөлдүүлж харьцуулан дүгнэдэг практикийг зогсоох;

2.1.З.шүүхийн шүүн таслах ажиллагааны мэргэжлийн удирдлагыг шүүхийн захиргааны удирдлагаас ялган зааглах буюу Ерөнхий шүүгч зөвхөн шүүн таслах ажиллагааг удирдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл, тамгын хэлтэс шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлдэг хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх;

Стратеги зорилт 2.2. Шүүгчийн ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилтийг хангах механизмыг бий болгох замаар шүүгчийн хариуцлага хүлээдэг тогтолцоог боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

2.2.1.хуульчдын, тухайлбал шүүгч, прокурор, өмгөөлөгчийн ёс зүйн онцлогийг тусгасан хэм хэмжээг боловсруулах, хуульчдад заах ёс зүйн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг баяжуулах;

2.2.2.шүүгчид сахилгын хэрэг үүсгэх санал гаргах эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд олгох асуудлыг хуульчлах.

Сахилгын хороог Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд байгуулах, түүний үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох, уг хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих боломжийг судлан шийдвэрлэх;

2.2.3.шүүгчийн ёс зүйн зөрчлийг илрүүлэх эрх бүхий байгууллага, субъектыг оновчтой тодорхойлж, хуулиар тэдний эрх, үүрэг үйл ажиллагааны журмыг нарийвчлан тодорхойлох;

2.2.4.шүүх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтнаас албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах тохиолдолд тухайн этгээдийг биечлэн байлцуулж, тайлбар гаргах эрхээр хангах;

2.2.5.шүүгчийн шүүн таслах ажиллагааны явц дахь мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлийн бүртгэлийг хөтөлж, дүн шинжилгээ хийх хараат бус хяналтын тогтолцоо бий болгох.

Стратеги зорилт 2.3. Шүүх эрх мэдлийн байгууллагын нэг ажилтанд ногдох ажлын ачааллын жишиг шалгуур тогтооно:

Авах арга хэмжээ:

2.3.1.шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны ажлын ачаалалд хамаарагдах үйл ажиллагааны хүрээг тодорхойлж, тэдэнд ногдох ачааллын хамгийн их хязгаарыг тогтоох;

2.3.2.шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны ажлыг хөнгөвчлөх, техник, тоног төхөөрөмж, гарын авлагаар хангах, туслах ажилтны орон тоог нэмэгдүүлэх;

2.3.3.ажлын ачааллын жишгийг үндэслэн шүүгч, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтнуудын ажлын ачааллыг жигдрүүлэх ажлыг зохион байгуулах.

Стратеги зорилт 2.4. Шүүгчийн хариуцлага хүлээх зарчмын хэрэгжилтийг хангах үүднээс шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, дэвшүүлэх, огцруулах механизмыг боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

2.4.1.шилдэг хуульчдыг шүүгчийн албан тушаалд татан ажиллуулах арга замыг судлан оновчтой хөшүүрэг бий болгох /сургалт, сонгон шалгаруулалт, давтан сургалт гэх мэт/ замаар хуульчдаас шүүгчийг шилж сонгох журмыг боловсронгуй болгох;

2.4.2.шүүгчээр томилохоос татгалзах үндэслэлийг хуульд тодорхой тусгах;

2.4.3.хуульч, шүүгчийн үйл ажиллагааны алдаа, зөрчлийг түүнийг томилох, дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах асуудалтай уялдуулах;

2.4.4.бүх шатны шүүхийн шүүгчийн ёс зүй, мэргэшлийн түвшин, ажил хэрэгч чанарыг үнэлэх шалгуурыг нарийвчлан тодорхойлж хуульчлах;

2.4.5.бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарын үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг нарийвчлан тодорхойлж хуульчлах;

2.4.6.шүүгчийг дэвшүүлэх шалгуур үзүүлэлтийг хуулиар зохицуулах асуудлыг судлах.

Стратеги зорилт 2.5. Хуульчдыг сонгон шалгаруулах нэгдмэл тогтолцоо бий болгоно:

Авах арга хэмжээ:

2.5.1.хуульчдыг сонгон шалгаруулах ажлыг эрхлэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх;

2.5.2.хуульчдыг сонгон шалгаруулах БАР-ын тогтолцоо бий болгох;

2.5.3.хуульчдыг сонгон шалгаруулахад баримтлах ёс зүйн шалгуурыг боловсруулах, цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох.

Суурь үнэлэхүй З. МЭДРЭМЖТЭЙ БАЙХ

Шүүх эрх мэдэлд тавигдаж байгаа нийгмийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан харж, өөрчлөлт шинэчлэлтийг цаг тухайд нь хийж байх чадвар

Стратеги зорилт З.1. Нийгмийн эрэлт хэрэгцээ, эрх зүйн орчинд тогтмол судалгаа явуулах, түүний дагуу арга хэмжээ авна:

Авах арга хэмжээ:

З.1.1.шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хуулийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн талаархи олон нийтийн  саналыг судлах, хуульч, шүүгчдийн үйл ажиллагаа, тэдгээрийн нэр хүндийн талаарх олон нийтийн санаа бодол болон статистик  мэдээнд боловсруулалт хийж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хэрхэн ашиглах талаархи судалгааг мэргэжлийн түвшинд явуулах судалгааны төв байгуулан ажиллуулах асуудлыг судалж, шийдвэрлүүлэх;

З.1.2.холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор шүүн таслах ажиллагааны талаархи мэдээллийг цуглуулах үүргийг Шүүхийн тамгын хэлтэст хуулиар олгох, уг ажилд шаардлагатай техник технологи, гарын авлага, мэдээллээр тэднийг хангах асуудлыг хуульд тусгаж өгөх, сургалт зохион байгуулах;

З.1.З.гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хандлагыг судалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлийг тодорхойлох үүрэг бүхий судалгааны төв байгуулж ажиллуулах;

3.1.4.хэрэг, маргааныг эвлэрлийн аргаар шийдвэрлүүлэх, цаазаар авах болон хорих ялаас аль болох татгалзах, бусад ялыг илүү өргөн хэрэглэх, ялтныг засан хүмүүжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх.

Стратеги зорилт З.2. Хэрэг, маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэх арга механизмыг өргөжүүлэх, боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

З.2.1.талууд хэргийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, эвлэрэхийг харилцан зөвшөөрч байгаа үед тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авах, ээдрээ, төвөг багатай хэрэг, маргааныг чирэгдэл багатай, бага хугацаанд шийдвэрлэх арга зам бий болгох, зуучлалын үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжийг судалж шийдвэрлэх;

З.2.2.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд арбитр, зуучлагч, хөндлөнгийн шүүхийн оролцоог дээшлүүлэх боломжийг судлах, эрх зүйн орчин бүрдүүлэх;

3.2.3.ээдрээ, төвөгтэй боловч талууд нь эвлэрэх сонирхолтой байгаа хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэдэг талаар зарим орны шүүхийн практиктай танилцаж, нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэх;

3.2.4.арбитрын шүүхийг боловсронгуй болгох, арбитрын хуралдаанд оролцогч талууд өөрийн эрх ашгаа хамгаалах асуудлыг өргөжүүлэх.

Стратеги зорилт З.З. Хууль тогтоомжийг нийгмийн эрэлт хэрэгцээний дагуу шуурхай өөрчлөх санал гаргана:

Авах арга хэмжээ:

З.З.1.шүүн таслах болон байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч байгаа хуулиар зохицуулах шаардлага бүхий харилцааны эрэлт хэрэгцээг нэгтгэн судалж, хууль санаачлагчид уламжилдаг тогтолцоо бий болгох асуудлыг судлах.

Стратеги зорилт З.4. Шүүх эрх мэдлийн байгууллагуудын удирдлагыг боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

З.4.1.шүүхийн удирдлагын стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, байцаан шийтгэх ажиллагааны болон шүүхийн захиргааны удирдлагын зааг ялгааг тогтоож оновчтой тодорхойлох;

З.4.2.ажлын ачааллыг харгалзан шүүгч, прокурорыг адил шатны  шүүх, прокурорын байгууллагад түр томилон ажиллуулах,  тухайн шүүгч, прокурортой зөвшилцсөний үндсэн дээр тодорхой хугацаанд сэлгэн ажиллуулах асуудлыг хуулиар зөвшөөрөх.

Суурь үнэлэхүй 4. ШУДАРГА БАЙХ

Аливаа этгээдэд хүндэтгэлтэй хандаж, ямар ч тохиолдолд хуулийг чанд, нэг мөр хэрэгжүүлдэг байх чадвар

Стратеги зорилт 4.1. Шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтан хууль тогтоомжийг зөв хэрэглэж, чанд мөрддөг байна:

Авах арга хэмжээ:

4.1.1.шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гарсан эргэлзээтэй, хоёрдмол утгаар ойлгож болох хуулийн заалтуудын талаархи санал бодлыг тухай бүр бүртгэн нэгтгэж танилцуулсны үндсэн дээр Улсын дээд шүүхээс тайлбар гаргуулах механизм бүрдүүлэх асуудлыг судлах;

4.1.2.шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудад шинээр батлагдан гарсан хуулийг цаг алдалгүй хүргэх тогтолцоо бий болгох;

4.1.3.шүүн таслах ажиллагаанд шинээр гарч байгаа аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх асуудлаар шүүгчдэд нэгдсэн ойлголтыг шуурхай олгодог механизм бий болгох;

Стратеги зорилт 4.2. Шүүгч хэрэг, маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийн тулд шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд бусад оролцогч этгээдийн дэмжлэг туслалцааг бүрэн авах боломжийг бүрдүүлэх;

Авах арга хэмжээ:

4.2.1.шүүх эрх мэдлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, зааг, ялгаа, хариуцлага хүлээх тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судалж шийдвэрлэх;

4.2.2.шүүх эрх мэдлийн байгууллагуудын хооронд хэрэг, маргаанд холбогдолтой мэдээллийг харилцан дамжуулах боломжийг хангах.

Суурь үнэлэхүй 5.  ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ

Шүүх эрх мэдлийн байгууллагад хандаж байгаа аливаа этгээдэд шүүхээс хүндрэл, чирэгдэл багатай, түргэн шуурхай, хямд зардалтай үйлчилгээ хүргэх чадвар

Стратеги зорилт 5.1. Шүүх эрх мэдлийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байцаан шийтгэх хуулиудыг боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

5.1.1.шүүхийн зардал болон өмгөөллийн хөлс төлөх чадваргүй иргэдэд төрөөс туслалцаа үзүүлэх боломж болон тэдгээр иргэдэд эрх зүйн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагад төрөөс тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлэх боломжийг судлах;

5.1.2.урьдчилан хорих зэрэг хүний эрх, эрх чөлөөг хөндсөн байцаан шийтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох эрхийг шүүхэд шилжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;

5.1.3.гэрч, хохирогч, шинжээчийг хамгаалах асуудлыг судалж хуульчлах;

5.1.4.шүүгчээс бусад шүүн таслах ажиллагаанд оролцогчдод ажиллах нөхцөл бүрдүүлэх, байр, бусад боломжоор хангах асуудлыг судалж шийдвэрлэх.

Стратеги зорилт 5.2. Олон нийтийг эрх зүйн мэдээллээр хангах ажлыг өрнүүлэх, иргэний нийгэмтэй харилцах харилцааг боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

5.2.1.шүүх эрх мэдлийн байгууллагаас олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан сонин, сэтгүүл зэрэг тогтмол хэвлэл гаргах асуудлыг судалж шийдвэрлэх;

5.2.2.олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, мэдээлэл хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл /сонин, сэтгүүл, телевиз, радио/-тэй хамтран ажиллах механизм төлөвшүүлэх;

5.2.3.олон нийтэд зориулан Улсын Дээд шүүхээс гаргасан хуулийн тайлбар, хууль тогтоомж болон шүүхийн шийдвэрийн мэдээллийн сүлжээ бий болгох;

5.2.4.мэтгэлзэх зарчмын утга агуулга, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах.

Стратеги зорилт 5.З. Шүүхүүдийн байршил, орон тоонд тавих шаардлага, стандартыг боловсруулж мөрдөнө:

Авах арга хэмжээ:

5.З.1.нэг шүүхийн харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, үйлчлэх хүн амын тоог оновчтой тогтоох, үйлчлэх хүрээнд ойр хүртээмжтэй байх, шүүх эрх мэдлийн бусад байгууллагатай үйл ажиллагаагаа харилцан уялдуулахтай холбоотой шаардлага, шалгуурыг бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх;

5.3.2.шүүхийн үйлчилгээг хэрэглэгчид ойр дөт байхаар байршлыг нь тогтоох;

5.З.З.шүүх эрх мэдлийн байгууллагын нэг ажилтанд ногдох ажлын ачааллын жишиг шалгуурыг үндэслэн шүүгч, туслах ажилтны орон тоог нэмэгдүүлэх.

Стратеги зорилт 5.4. Шүүхийн байцаан шийтгэх ажиллагаа, шийдвэрийг олон түмэнд ил тод, хүртээлтэй, нээлттэй байлгана:

Авах арга хэмжээ:

5.4.1.иргэд хуулийн байгууллагад хандах, хуулийн байгууллагаас гарсан шийдвэртэй цаг алдалгүй танилцах боломжийг хангах, энэ үйл ажиллагаанд гарах чирэгдлийг арилгахад чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

5.4.2.шүүх эрх мэдлийн байгууллагаас гаргасан шийдвэр, шүүгчийн үйл ажиллагаа, нэр хүндийг үндэслэлгүйгээр гүтгэсэн, гуйвуулсан аливаа мэдээ, мэдээлэлд тухай бүр няцаалт өгдөг механизм бүрдүүлж, үнэн зөвийг олон түмэнд мэдээлэхэд уг механизмыг ашиглах.

Стратеги зорилт 5.5. Шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу, шуурхай биелүүлдэг нөхцөл бүрдүүлнэ:

Авах арга хэмжээ:

5.5.1.шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг боловсронгуй болгох, зах зээлийн нөхцөлд нийцсэн оновчтой хувилбар бий болгох;

5.5.2.шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавихаар холбогдох хуулиудад тусгах;

5.5.3.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлөх зориулалт бүхий тусгайлсан сан бий болгох асуудлыг судлах;

5.5.4.шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллагын ажилтныг шаардлагатай техник хэрэгсэл, бусад эдийн засгийн баталгаагаар хангах нөхцөлийг хуульчлан тогтоох;

5.5.5.иргэд, хуулийн этгээдийн хоорондын төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэрийн бодитой биелэгдээгүй хэсэгт нь эрсдэлээ төлбөр авагч өөрөө хариуцах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллага бодитой биелэгдэхгүй шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгуулдаг тогтолцоо бий болгох асуудлыг судлах.

Стратеги зорилт 5.6. Шүүхийн үйлчилгээг эдийн засгийн хувьд хүртээмжтэй болгоно:

Авах арга хэмжээ:

5.6.1.шүүхэд хэрэг хэлэлцэх шат бүрт гарч байгаа зардлын хэмжээг бодитойгоор тооцож, энэ тооцоог шүүхийн төсвийн төслийг боловсруулах үед харгалзан үздэг болох;

5.6.2.шүүхийн зарим үйлчилгээг зохих хэмжээний төлбөртэй болгож, түүнийг чөлөөтэй хүртээх боломжийг бүрдүүлэх.

Стратеги зорилт 5.7.  Шүүхийн гадаад харилцааг хөгжүүлнэ:

Авах арга хэмжээ:

5.7.1.шүүгчдийг бусад орны шүүхийн үйл ажиллагаатай танилцах боломжоор хангах, гадаад орны шүүгчидтэй уулзалт зохион байгуулах;

5.7.2.Монгол Улсын шүүх, бусад орны шүүхийн хооронд мэргэжлийн харилцаа, холбоо тогтоох, хөгжүүлэх.

Суурь үнэлэхүй 6. БҮТЭЭМЖТЭЙ БАЙХ

Хуулийг чанд баримталж улсын хэмжээнд хуулийг нэг мөр хэрэглэх чадвар

Стратеги зорилт 6.1.  Хэрэг, маргааныг бүтээмжтэй шийдвэрлэх зорилгоор дагнасан шүүх болон шүүхийн дагнасан танхимыг байгуулна:

Авах арга хэмжээ:

6.1.1.зарим орны захиргааны болон бусад дагнасан шүүхийн тухай хууль, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж хэрэгжүүлэх арга замыг судлах;

6.1.2.захиргааны болон бусад дагнасан шүүх буюу танхимын ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх;

6.1.3.хуульчид, шүүгчдийг тодорхой төрлийн хэргээр мэргэшүүлэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах.

Стратеги зорилт 6.2. Шүүн таслах ажиллагааны менежментийг боловсронгуй болгоно:

Авах арга хэмжээ:

6.2.1.шүүх хуралдааны танхимын зохион байгуулалтыг хэргийн оролцогчид харилцан ойлголцох, тайван уур амьсгалыг бүрдүүлэхүйц, зохих харуул хамгаалалттайгаар зохион байгуулах асуудлыг тусгай журам, заавраар зохицуулах асуудлыг хуульд тусгах;

6.2.2.иргэдэд учирч болох бэрхшээлийг багасгах үүднээс шүүхэд хандаж гаргах бичиг баримтын эх загвар, маягтыг нэгдсэн стандартад оруулах;

6.2.3.шүүхийн менежментийн асуудлыг мэргэжлийн түвшинд хариуцаж гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэж ажиллуулах, шүүхүүдийг компьютерийн нэгдсэн сүлжээнд холбох зэрэг шүүн таслах ажиллагааг боловсронгуй болгох чиглэлийн судалгаа хийх, холбогдох арга хэмжээ авах.

Стратеги зорилт 6.3. Монгол Улсын хуулийн албан ёсны тайлбарыг цаг тухайд нь гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна:

Авах арга хэмжээ:

6.3.1.шинээр гарсан болон эргэлзээтэй, хоёрдмол утгаар ойлгож болох хуулийн зүйл, заалтуудыг Улсын дээд шүүхээс тайлбарлах ажиллагааг шуурхай, боловсронгуй болгох асуудлыг судлах;

6.3.2.хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг боловсруулах, хэлэлцэж батлах, цаг тухайд нь гаргаж байх ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

6.3.3.Улсын дээд шүүхийн тайлбарыг цаг тухайд нь шуурхай хүргэх механизм бүрдүүлэх, тайлбарын эмхтгэлээр хуулийн байгууллагын албан хаагчдыг хангах.

Стратеги зорилт 6.4. Хуульчдыг бэлтгэж байгаа сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгад судалгаа хийж, сургалтын хөтөлбөрт тавигдах стандартыг тогтоох, хяналт тавих тогтолцооны талаар санал гаргана:

Авах арга хэмжээ:

6.4.1.хуулийн сургуулиудыг магадлан итгэмжилж баталгаажуулах, магадлан итгэмжлэлийн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох санал гаргах;

6.4.2.хуулийн сургуулиудад заавал заах хичээлүүдийн нэгдсэн агуулга, хөтөлбөрийн талаархи санал гаргах.

Стратеги зорилт 6.5. Шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны мэдлэг, боловсролыг цаг үеийн шаардлагад нийцүүлнэ:

Авах арга хэмжээ:

6.5.1.хуульчдыг давтан сургаж бэлтгэх ажлыг эрхлэх шүүгчдийн сургалтын байгууллага /төв/ байгуулах;

6.5.2.хуульчдыг сургах, давтан сургах хөтөлбөр тус бүрийн хүрээнд хуульчдын ёс зүйн тухай хичээлийг заадаг болох;

6.5.3.шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтныг сургах, давтан сургах хөтөлбөрийг үндэслэн шаардлагатай зардлыг төсөвлөсөн хэмжээгээр тухайн байгууллагын төсөвт тусган баталж байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх;

6.5.4.шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны үйл ажиллагаанд зориулсан гарын авлага, ном, сурах бичгээр хангах, тэдгээрийг тухай бүр шинэчлэн баяжуулж байх;

6.5.5.шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудыг тодорхой хугацааны давтамжтайгаар давтан сургалтад заавал хамруулж байх сургалтын цикл бий болгож мөрдүүлэх;

6.5.6.шүүх эрх мэдлийн байгууллагын зүгээс нийт хуульчдыг сургах, давтан сургах хөтөлбөрт оруулах ерөнхий шаардлагын талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;

6.5.7.шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтанд хуульчдыг сургах, давтан сургах хөтөлбөрт хамрагдан мэргэшлийн шалгалт өгсөн байдлыг үндэслэн зэрэг дэв, мэргэшлийн зэрэг олгодог механизм бий болгох;

6.5.8.дагнасан шүүхийн буюу танхимын шүүгчийг өөрийнх нь дагнасан салбар, чиглэлийн сургалтад оролцуулж, мэргэшүүлэх нөхцөл бүрдүүлэх;

6.5.9.шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтныг сургах, давтан сургах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

6.5.10.шүүхийн захиргааны ажилтнуудыг шүүхийн менежментийн чиглэлээр сургах сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсруулж мөрдүүлэх;

6.5.11.хуульчдыг болон шүүгчдийг сургах, давтан сургах ажилд төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллах боломжийг судалж хэрэгжүүлэх.

PDF файл хавсаргаагүй байна .